Хүйтний ам цаашилж урин дулааны цаг дөхөөд ирэхээр Нийслэл хотыг зүлэгжүүлэх ажил эхэлдэг. Өдгөө энэ ажил ид явагдаж байгаа билээ. Хотын маань гудамж талбай цэцэгсээр өнгөө нэмж, гудамж талбайн сандалд тухлан түүнийг ширтэхэд сэтгэлд сайхан санагдах...

Гэвч энэхүү нэг наст цэцэгсийг суулгах ажилд буюу ногоон орчныг бүрдүүлэхдээ бизнес хийгээд байна уу гэх хар төрснийг нуух юун.

Өнгөрсөн жил нийслэлчүүдийн сэтгэлд нийцсэн нэг наст цэцэг суулгах ажилд 315 сая төгрөгийн зардал гаргаж тарьсан байдаг. Тэгвэл энэ жил эх орны хөрсөнд үрслүүлж, ургуулсан гоёмсог нэг наст цэцгийг Энхтайваны өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө зэрэг гол гудамжуудад суулгаж байна.

Мөн 22-ын товчоо, Долоон буудал, Үйлдвэрчний эвлэлийн гудамж буюу захын гудамжуудад нэг наст цэцгийг суулгах юм. Энэхүү цэцэгжүүлэлтэд нийслэлийн төсвөөс 500 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэжээ.

Суулгасан цэцэгсийн усалгаа, арчлалт хамгаалалтыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байгаа аж.

Энэхүү нэг наст цэцэг нь хоёр сарын дараа гэхэд л гудамж, талбайгаар хог болгон хөглөрнө. Өнгөрсөн жилийн 315 сая төгрөг ийм л байдалтайгаар салхинд хийссэн. Хүмүүсийг цэцэг, ногоо үнэртсэн талбайд амарч, алхах гэж бодон цэцэглүүлэх нь санаа нь зөв ч гэлээ яагаад олон наст зүлэг суулгаж болохгүй гэж. 

Хэдхэн сарын дараа одоогийн эл сайхан цэцэгс хатаж гундан талийн нэг хийсч орхидог. Өнөөдөр сайхан харагдахдаа гол нь биш ирээдүйд үлдээх зүйлс хийх хэрэгтэй гэдгийг хотын мээр Э.Бат-Үүл дарга мэдмээрсэн.

                   

Түүнчлэн жил болгон л замын ажил гэгчийг хийж байгалийн жамаараа ургаж, нэг наст цэцгээс илүүтэйгээр олон жилийн настай зүлгийг үндсээр нь авч хаян тэрийгээ эргээн сэргээнэ гэж үгүй. Дээрээс нь сүүлийн үед модыг хүртэл тайрч, огтлож замаа засдаг болсон.

Ийн байгаа зүйлсдээ хайр гамгүй хандчихаад дараа нь хэдэн сая саяар хэмжигдэх хоёр сарын настай цэцэгс тарин бизнес хийх шаардлага бий гэж үү!

Эл зураг дээрх ногоон байгууламж одоо устсан гэдгийг хорооллын замаар явдаг, тэнд амьдардаг хүмүүс мэднэ. Учир нь зам засварын ажил гэгчээс үүдэн цэцэрлэгт хүрээлэн биш, шороон манарсан хүрээлэн болгон хувиргасан. Нэг нь хийж бүтээсэн зүйлийг нөгөөх нь устгаж, сүйтгэдэг улс манайхаас өөр байхгүй биз ээ.

Х.Даваа