Зохиогч, хэвлэлийн компанийн төлөөллүүд үндэсний номын баярыг тойрсон асуудлаар мэдээлэл хийлээ. 

"Үүлэн сувд" компанийн төлөөлөл н.Баянбилэг "Сүүлийн хэдэн жил дараалан номын баярын асрын үнэ үндэслэлгүй нэмэгдэж байна. Нэг асрын гурван өдрийн зах зээлийн үнэ нь 300 мянган төгрөг. Гэтэл номын баярт оролцож байгаа хэвлэн нийтлэгч компани, номын худалдаачин, ном бүтээж байгаа хүмүүст нэг асрыг 850 мянган төгрөгөөр түрээслүүлж байна. Бид үүнийг үндэслэлгүй гэж үзэж байгаа юм.

Соёлыг түгээж байгаа хүмүүс яагаад заавал өндөр өртөг төлөх ёстой юм бэ? Номын баярт оролцож, асар түрээслэх эрхийг авахын тулд тухайн төрийн бус байгууллагын сэтгүүл дээр төлбөр төлж материал гаргуулах хэрэгтэй болдог. Шаардлага тавьсан хүмүүст номын баярт оролцох дараагийн хүмүүс нь бэлэн байна гэж хэлдэг. Бидний саналыг огт хүлээж авдаггүй. 

Үндэсний хэмжээний номын баярыг нэг төрийн бус байгууллага өмчлөөд, дангаараа асуудал шийдмээргүй байна. Үндэсний номын баярын арга хэмжээ УИХ-ын даргын ивээл дор болдог юм бол номын баярыг яагаад номын баяр шиг зохион байгуулж болдоггүй юм бэ? Энэ талаар бид санал хүргүүлж байгаа юм. 

Номын баярыг 2005 оноос хойш холбогдох байгууллагууд нь номын яармаг худалдаа нэрээр зохион байгуулж байсан. Харин одоогийн төрийн бус байгууллагын хүмүүс номын баярыг өмчилж аваад, өөрсдийн хараат болгосон" хэмээв. 

Харин Монсудар хэвлэлийн газрын төлөөлөл "Бид соён гэгээрэл Монголд ямар их хэрэгтэй вэ гэдгийг ойлгож байгаа хүмүүс. Энэ утгаараа олон улсад номын баяр, хэлэлцүүлэг өргөн хүрээнд явагддаг гэдгийг сайн мэднэ.

Үндэсний номын баяр хувийн ашиг сонирхлын шинжтэй байдлаар зохион байгуулагдаж байгааг эсэргүүцэж, бүх нийтийн соёл гэдэг утгаараа нийтэд зориулсан арга хэмжээ байх ёстой гэж үзэж байна. Номын баярыг зохион байгуулж байгаа хүмүүс мэдээж хэрэг ашиг олдог байж болно. Гэхдээ нээлттэй байдлаар ардчилсан зарчимд тулгуурласан, хамтын гэрээн дээр энэ үйл ажиллагаа явагдах ёстой.

Хамтдаа хэлэлцэж асуудлаа яримаар байна. Соён гэгээрлийн энэхүү ажлыг хэрхэн хэн хэндээ ашигтай, таатай байдлаар хийх вэ гэдгээ л ярилцъя гэж байгаа юм. Хэрвээ ашиг олж байгаа юм бол төрийн бус байгууллага биш тодорхой менежменттэй компани байгуулж болно. 

Заавал яагаад үндэсний номын баярыг гадаа даарч зогссон байдлаар зохион байгуулах ёстой юм бэ?" гэдгийг хэллээ.