Гал ус, ган зуд зэрэг бүхий л осол, аюулт үзэгдэл, гамшиг зовлонгийн өөдөөс сөрөн зогсож улс орон, ард иргэдийнхээ аюулгүйн манаанд зогсож байдаг нэр төртэй ариун үйлсийн эзэд бол Онцгой байдлын албаныхан. Анх 2004 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр,  1922 онд  байгуулагдсан Гал түймэртэй тэмцэх газар, 1964 онд үүсгэн байгуулагдсан Улсын Иргэний хамгаалалтын газар 1965 оноос ажиллаж ирсэн Улсын нөөцийн газар зэрэг гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох адил төстэй чиг үүрэг бүхий байгууллагуудыг нэгтгэн олон улсын жишигт нийцсэн Онцгой байдлын албыг  байгуулснаас хойш, өдгөө түүхт 10 жилийн ойтойгоо золгоод байна.

Өнөөгийн Онцгой байдлын алба бол  90 гаруй жилийн түүхэн улбаатай,  үе үеийн ахмадуудын тэмцэл, хөдөлмөр зүтгэлээр  бий болгосон материалын болон эдийн засаг, бэлтгэгдсэн боловсон хүчний бат суурьтай, дайчин мөртэй, яруу бахархалт замналтай онцгой алба юм. Тус албаны бие бүрэлдэхүүн, хамт олны дундаас хөдөлмөр бүтээл, соёл урлаг, спортын олон арван алдартнууд төрөн гарсан. Мөн гал түймэр,  үер ус, салхи шуурга зэрэг олныг хамарсан аюул гамшгийн эсрэг хүн ардын амь нас, өмч хөрөнгийг авран хамгаалахын төлөө амь насаараа дэнчин тавин хамгийн түрүүнд сөрөн зогсож, тэмцэж явсан баатарлаг зоригтон гавьяат үйлстэн олон бий.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Онцгой байдлын албаны 67 харьяа нэгж анги, салбарт зайлшгүй шаардлага гарвал амь насаа ч үл хайрлан тэмцэх, түүнийгээ эх орон, ард түмнийхээ өмнө батлан тангарагласан 3900 гаруй ажилтан, албан хаагчид  төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн тангарагтаа үнэнчээр зүтгэж, түмэн олондоо ач буянаа хайрлан, амь өрссөн тушаал авахад хэзээд бэлэн ажиллаж, хөдөлмөрлөж байна.

Онцгой байдлын албаны хаагчид маань 10 жилийн хугацаанд 30030 гаруй удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос зөвхөн сүүлийн 5 жилд нийт 6820 гаруй эрдэнэт хүний амь насыг аварч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 78,3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалаад байна. Энэ амжилт бол Онцгой байдлын албаны энх цагийн эрэлхэг баатруудын амжилт юм.

Өргөсөн тангарагаа сүлдлэн дээдэлж, өргөн түмэн, өлгий сайхан эх орныхоо аюулгүй байдал, амар жимэр, аз жаргалант амьдралыг сахин хамгаалахын төлөө өдөр, шөнө, өглөө, үдэш, халуун нар, хахир хүйтэн, салхи шуурга, цас бороог үл анзааран эр зориг, тэсвэр, хатуужил, авьяас чадвараа нэгэн үзүүрт сэтгэлээр дайчлан шамдаж яваа Онцгой байдлын албаны албан хаагчид маань улс эх орон төдийгүй албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж Япон Улсад болсон цунамийн гамшгийн дараах олон улсын аврах үйл ажиллагаанд оролцож, НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагаанд Онцгой байдлын албаны албан хаагчид 3 дах жилдээ оролцож хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас Онцгой байдлын албаны техникийн чадавхийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх, аврах, гал унтраах техник хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжөөр хангах, онцгой байдлын албан хаагчдын өдөр тутмын болон тусгай зориулалтын хувцас хэрэглэл худалдан авахад ихээхэн төсвийн урсгал зардлаар өдөр тутмын болон тусгай зориулалтын хувцас хэрэглэлд 5,7 тэрбум батлуулж, төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагууд гал, гамшгийн аюул тохиолдсон газарт саадгүй хүрч очих техник хэрэгслээр бааз сууриа бэхжүүлсээр байна.                                         

2013-2017 он хүртэл аврах албаны машин техник, тоног төхөөрөмжүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалт болон олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд үе шаттай шинэчлэхээр ажиллаж байгаа юм.

Түүнчлэн өнгөрсөн жил Японы Засгийн газар, Жайка олон улсын байгууллагын буцалтгүй тусламж дэмжлэгээр 14,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр галын 22 автомашиныг хүлээн авч, өнөөдөр нийслэлийн хүрээний анги байгууллагуудыг орчин үеийн галын автомашинаар 100 хангаад байна.

Онцгой байдлын албаны хэмжээнд автомашин, техник хэрэгслийн парк шинэчлэл 2012 онтой харьцуулахад 11 хувиар өссөн байна.

Жишээ нь ОХУ, БНХАУ, Япон улсад үйлдвэрлэсэн галын үндсэн албаны автомашин, аврах ажлын бүрэн тоноглолтой автомашин, ковшоос гадна Монголд анх удаа газар уснаа явагч, аврах ажиллагааны бүрэн тоноглолтой катер завиар хангагдаад байгаа нь Онцгой байдлын албанд гарч байгаа нэгэн томоохон дэвшил юм.  

Онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойн хөтөлбөр:

2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр

 Алба сурталчлах өдөрлөг Чингисийн талбайд

11:00-11:30 цаг       Онцгой байдлын албаны туг гардан авах ажиллагаа  

11:30-16:00 цаг       Онцгой байдлын алба сурталчлах нэгдсэн өдөрлөг

2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр

Баярын хурлын арга хэмжээ /Соёлын төв өргөөнд/

10:00-11:00 цаг       Баярын хурал, шагналын арга хэмжээ тус тус болох юм байна. 

А.Баярмаа