Хувь хүний хөгжлийн институтийн захирал М.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Ёс суртахуун, ёс зүйн хэм хэмжээг нийгэмд юу гэж үзэх ёстой вэ?

-Монголчуудын бусад улс үндэстнээс ялгарах гол онцлог бол нүүдэлчин ахуй. Нүүдэлчин сэтгэлгээ, нүүдэлчин амьдрал, ахуйгаар ёс зүй, ёс суртахууныг залгамжлаад явж ирсэн. Жишээ нь, өрх гэрт аав нь ямар байр суурьтай байх, ээж нь, үр хүүхэд нь ямар байх ёстой вэ гэдгийг ахуй амьдралаараа зохицуулагдаж ирсэн гэж үздэг. Мэдээж нүүдэлчин ахуйн давуу тал ч бий, сул тал ч бий. Өнөөдөр орчин үеийн амьдрал ийм боллоо, стресс бухимдал, сошиал ертөнц гээд асуудал хөндөгдөөд байгаагийн цаана нэг асуудал бий. Тэр нь бид нүүдэлчин гэхээр яг нүүдэлчин биш, суурин соёлоор амьдраад байна уу гэхээр бас бүрэн биш. Нэг ёсондоо шилжилтийн үед явж байгаа юм. Энэ нь эргээд бид ямар ёс зүйн кодыг баримтлах вэ, аль эсвэл ямар ёс суртахуунтай амьдрах вэ гэдэг баримжааллыг алдагдуулчихсан.

Хувь хүний хөгжлийн чиглэлээр 10 гаруй жил сургалт хийж хүмүүст зөвлөгөө өгч явахад баримжаалал байхгүй болчихсон нь тодорхой харагддаг. Үнэт зүйлийн баримжаалал, эсвэл ёс зүйн баримжаалалгүйгээр хүн бүр дур зоргоороо аашилдаг, өөрийнхөө зөв гэсэн болгоныг хийгээд яваад байгаа нь анзаарагддаг.

Нөгөө талаар ёс зүй, ёс суртахуун хоёр хоорондоо ялгаатай. Ёс суртахуун бол хүний этик, хүнд төрөлхөөсөө өгөгдсөн зүйл. Ёс зүй гэвэл би бусдын эрх ашгийг яаж хүндэтгэх вэ, өөрийгөө нийгэмд яаж аятайхан авч явах вэ, би хэн нэгэнд саад, буруу үлгэр дууриал болохгүйгээр яаж амьдрах вэ гэх мэт болно. Бид Швед, Швейцарийн хөгжлийг хараад гайхдаг. Гэтэл тэр улс орнуудын өөрийн гэсэн соёлын, ёс суртахууны өндөр баримжаалал нь хэдэн зуун жилээр хөгжөөд тогтчихсон. Харин өнөөдөр манайд өөр шүү дээ. Тиймээс өнөөдөр судалгаа, нотолгоотой эрдэмтэн докторууд дуу хоолойгоо нэгтгэж, монгол хүний онцлогт тохирсон үнэт зүйлийн баримжааллыг гаргаж ирэх ёстой болов уу гэж хардаг.

-Нүүдэлчин амьдралын хэв маяг ёс суртахуунт нийгэм бүтээхэд нөлөөлдөг гэж байна. Гэхдээ яалт ч үгүй өнөөдөр суртахууны ноцтой кейсүүд ил болдог. Хүүхдээ зоддог, хөнөөдөг, нийгмийн сэтгэл зүйг цочроосон ёс зүйгүй, ёс суртахуунгүй үйлдлүүд гардаг. Эсвэл ямар ч нийгэмд байх ёстой үзэгдэл юм уу?

-Нүүдэлчин амьдралын хэв маяг өөрөө шуугиан, сураг ажигаар мэдээллээ цуглуулдаг байсан. Өвөлжөөндөө буутал нэг морьтой хүн давхиж ирээд саахалт айлын талаарх сонин хачин мэдээлэл дамжуулдаг. Өнөөдөр сошиалаар ч тэр, тэр тэгсэн байна гэж шуугиад л хоёр тал болон үзэлцдэг болж. Нэг талаасаа харахад магадгүй өмнөх үетэй харьцуулахад зүй зохисгүй үйлдэл хийдэг нь харагдаад байгаа. Нөгөө талаас авч үзэхэд хүний сэтгэл зүй сайн сайхан, гоё, бүтэмжтэй зүйлийг дэлгэрүүлдэггүй. Харин эсрэгээр нь сонин содон, гаж, муу муухай үйлдлийг маш хүчтэй хүлээж авдаг. Магадгүй 10 гоё зүйлийн хажууд ганц сөрөг зүйл байхад түүнийг л түгээдэг. Олон нийтийн сүлжээн дээр гэхэд муу муухай, харлуулсан бараан мэдээлэл маш хүчтэй, хурдан түгдэг.

Ёс суртахуун ёс зүйг төлөвшүүлэхэд үнэт зүйл маш чухал. Хувь хүний үнэт зүйл гэж байна. Миний гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хүсэл мөрөөдөл, ажлыг хэлж болно. Нийгмийн үнэт зүйл гэж бий. Энэ бол улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, сайн сайхны төлөөх сэтгэл бол үнэт зүйл гэж ойлгож болно. Яахав хувь хүмүүсийн үнэт зүйл бий. Харин нийгмээрээ тогтсон үнэт зүйл байхгүй байгаа нь эргээд ёс зүйтэй байх, ёс зүйн хэм хэмжээгээ баримтлах боломжгүй болгочихоод байгаа юм. Ёс зүйг тогтоохын тулд ядаж баримжаалах үнэт зүйлтэй байх ёстой шүү дээ. Жишээ нь, хүмүүс гэртээ маш тухтай сайхан амьдардаг. Гэтэл гэрээсээ гараад л орчин тойрны тохижилт, аюулгүй байдал, нийтийн тээвэр гээд энэ бүхэн нийгмийн тав тухтай орчныг бүрдүүлж чаддаггүй. Бид гэртээ хичнээн сайхан амьдраад нэмэргүй. Энэ нь нийгмийн үнэт зүйлс, түүн дээр тулгуурласан ёс зүйн баримжаа нь байхгүй байгааг харуулдаг.

-Саяхан гэхэд донорын асуудал босч ирж байна л даа. Гэмт үйлдэл байгаа эсэхийг хуулийн байгууллага тусдаа шалгана. Харин тэр дунд ёс суртахууны асуудал хөндөгдсөн үү. Гарын үсгээр баталгаажуулснаас бусад эд, эрхтнийг авчихсан явдал яалт ч үгүй увайгүй, ёс суртахуунгүй үйлдэл гэж зарим нь үзэж байна. Сэтгэл судлалын мэргэжлийн хүнд энэ талаар ямар бодол төрж байв?

-Надад хэд, хэдэн зүйл харагдсан. Нэгд, нийгэм тогтвортой хөгжихөд дундаж давхаргын үүрэг асар их байдаг. Ёс зүй, ёс суртахуун, соёл болж тогтож хөгжихөд нийгэмд дундаж давхарга асар өндөр үүрэг гүйцэтгэдэг. Аливаа улс орны дундаж давхаргын эзэлж байгаа хувь 60-70 хувьд хүрч байж тогтвортой хөгжил явагдаж байна гэж үздэг юм билээ. Гэтэл манайд энэ баримжаа маш тодорхойгүй. 2020 оны сонгуулийн үеэр нэг нэр дэвшигч дундаж давхарга 69 хувьтай гэсэн судалгааг танилцуулж байсан. Лавлаад асуухад санал асуулгаар гаргасан тооцоолол гэх юм билээ. Гэхдээ үнэндээ манайд дундаж давхаргын эзлэх хувь 30 хүрэхтэй үгүйтэй л байгаа. Харин дээд доод давхаргын ялгаа зааг тэнгэр газар шиг болоод ирэхээр ёс суртахуун гэдэг зүйл ярих боломжгүй. Хүний ёс, хүнлэг ёс, хүний мөс, хүн чанар гээд ярьж чадахгүй. Донорын асуудал магадгүй том асуудал.

-Донороос авсан эд, эрхтнийг зуу, зуун саяар үнэлдэг. Донор болсон хүндээ 3.5 сая төгрөг өгөх гэж увайгүй загнаж болох хэрэг үү?

-Ёс суртахуун байгаа газарт хууль хэрэггүй гэдэг үг байдаг. Гэхдээ нийгэм өөрөө капиталжих тусам хууль нь нарийн байх шаардлагатай болдог. Сэтгэл зүй талаас аваад үзэхэд эрхтнээ өгсөн ч бай, авсан ч бай аль аль талд хэцүү. Хүний эрхтэн гэдэг бараа материал биш. Маш нарийн, төвөгтэй асуудал учраас түүнийг хууль дүрмээр л тодорхой болгох хэрэгтэй.

Үхсэн хүн үг хэлэх биш гэдэг. Тэр хүнийг өөд болсны дараа эрхтнийг нь амьд хүмүүс зохицуулж байна. Хэрэв өөрөө амьд байсан бол яах вэ. Ерөөсөө л үүний цаана ёс зүй, ёс суртахууны асуудал гарч ирнэ. Дээрээс нь хайртай хүмүүсийнхээ эд эрхтнийг өгчихсөн ар гэрийнхний хувьд үр хүүхэд маань хэдэн хүнд амьдрал бэлэглэлээ гэж баярлаж бахархах учиртай. Нөгөө талаас эрүүл болсон хүмүүс сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Үүний л аль алиныг хангах зүйл нь хууль эрх зүйн тодорхой зохицуулалт юм.

Жишээ нь, Гэр бүлийн хууль бий. Нөхөр нь орхиод явчихсан, хүүхэдтэйгээ үлдсэн эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Хуулийг нь судлаад үзэхээр хүүхдэд өгдөг тэтгэмж нь амьжиргааны доод түвшний 50 хувьтай тэнцүүг авдаг. Тэр хүн компанийн эзэн, эсвэл 500 мянган төгрөгийн цалинтай ч иргэн байж болно. Гэтэл хүүхдийн тэтгэмжид яг адилхан мөнгө тогтооно гэчихсэн нь шударга биш. Өмнө нь орлогын 30 хувь гэдэг байсныг буцаагаад улам дордуулчихсан юм билээ. Ядаж ийм асуудлыг хууль тогтоогчид, улстөрчид ямар өнцөгөөс яаж хардаг вэ гэдэг нь хүртэл өөрсдийгөө ямар ёс зүй, ёс суртахуунтай вэ гэдгийг харуулж байгаа юм.

 

Эх сурвалж: Өдрийн сонин