Олимпын аварга Э.Бадар-Ууган нь сүүлийн жилүүдэд Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар ажиллаж байгаа. Олимпын хороо нь 2004 онд ХУД-ийн 15-р хороонд 70000м2 орчим буюу 7 га орчим газартай байжээ. Гэтэл өнөөдрийн байдлаар 3600м2 буюу 0.36 га газартай л үлджээ. Э.Бадар-Ууган аварга маань өөрийн үүсгэн байгуулж хувьцааг нь эзэмшдэг,  эхнэр Х.Азжаргал нь захирлаар нь ажилладаг “Өөжин” ХХК нь МҮОХ-ны мэдэлд байсан 2971 м2 газарт “Өөжин Мэд” гэдэг нэртэй хувийн эмнэлгээ ажиллуулдаг юм байна. Уг эмнэлгийн нийт талбайн хэмжээ нь 1980м2 буюу өнөөдрийн зах зээлийн 15 тэрбум орчин үнэ өртөгтэй юм байна.

МҮОХ-ны мэдэлд байсан 2971 м.кв уг газрыг Нийслэлийн засаг даргын 2018.02.27-ны А163 тоот захирамжаар “Өөжин” ХХК-нд  газрыг нөхөн сэргээх зориулалтаар эзэмшүүлсэн байна. Улсын бүртгэлийн байгууллагаас  1890 м.кв талбайтай Тамирчдын сэргээлтийн төв зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206008778 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна.

“Өөжин мед” эмнэлгийг МҮОХ-ны хорооны хөрөнгө, тамирчид, спорт сонирхогчдын дэмжлэг тусламж, хандиваар барьж байгуулсан юм байна. Гэтэл олимпын аварга маань өнөөдрийн ханшаар 15 тэрбум орчим төгрөгийн үнэ өртөг бүхий тамирчдын нөхөн сэргээх сувиллын эмнэлэгт эзэн суусан нь маш олон тамирчид, спортод сонирхолтой олон түмний дургүйцлийг хүргээд байгаа юм байна. Э.Бадар-Ууган аварга маань одоогийн байдлаар хөрөнгийн байдлаараа спортын салбараас төрсөн цөөхөн тэрбумтны нэг болоод байна.

МҮОХ нь мэргэжлийн спортын 60 гаруй байгууллагыг нэгтгэсэн байгууллага, газар болон өмч хөрөнгө нь эдгээр 60 гаруй байгууллага олон нийтийн өмч болохоос энэ байгууллагад дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга хийдэг хүмүүсийн өмч биш билээ. Одоогоор МҮОХ-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг  ажиллаж байгаа бөгөөд олимпын хорооны хөрөнгө, газар дээр барьсан барилгад эзэн суусан олимпын аварга МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганы асуудалд ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа юм байна.

Мөн түүнчлэн Олимпын аварга Э.Бадар-Ууган олимпын хорооны мэдэлд байсан газар дээр дахин 20 давхар цамхаг барихаар болсон байна. Уг барилгыг мөн өөрийн хувьцаа эзэмшдэг “Өөжин” ХХК-аараа барихаар болжээ.

Уг барилгын зөвшөөрөл нь 2023 оны 9-р сарын 13-ны өдөр гарчээ. Саяхан буюу Авилгал хорооллын асуудал үүссэний дараа МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн засаг Д.Сумъяабазар нар нэг ч барилгын зөвшөөрөл гаргахгүй гэсэн ч олимпын аварга Э.Бадар-Ууганд энэ амлалт, журам нь үйлчилдэггүй бололтой. Э.Бадар-Ууган нь “Өөжин” ХХК-ийнхаа тодорхой тооны хувьцааг Япон улсын иргэн KATO KEIICHI-н нэр дээр бүртгүүлж, түүний хөрөнгөөр дээрх шинэ 20 давхар барилгаа барихаар болжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар KATO KEIICHI нь японы якуза нарын мөнгийг Монгол улсад оруулж ирж угааж байж болзошгүй юм байна. Иймд хууль хяналтын байгууллагууд уг асуудлыг анхааралдаа авч шалгана гэж найдаж байна. Одоо барих гэж байгаа 20 давхар цамхагийн нь ажил аль хэдийн эхэлсэн бөгөөд уг барилгын зөвшөөрөл нь Барилгын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн ноцтой зөрчсөн юм байна.

Уг барилгын зөвшөөрлийг Хот байгуулалт, Хөгжлийн Газраас авахдаа дарга болон эрх бүхий албан тушаалтнуудаар хууль бус шийдвэр гаргуулсан, хууль бусаар нөлөөлсөн, хээл хахууль өгсөн байж болзошгүй гэж үзэж хэсэг иргэд хууль хяналтын байгууллагад хандаж байгаа гэсэн мэдээлэл байна. Учир нь Хот байгуулалт, Хөгжлийн Газрын дарга Ц.Тулга нь  2023 оны 9-р сарын 13-ны БАЗГ 2023-676 дугаартай зөвшөөрөл олгохдоо Барилгын Тухай Хууль, Захиргааны Ерөнхий Хууль, Зөвшөөрлийн тухай хуулийг ноцтой зөрчиж зөвшөөрөл олгосон, авилга авч, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж оршин суугчид шалгуулахааар хууль хяналтын байгууллагад ханджээ.

Тамирчид Олимпын аварга, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, эхнэр Х.Азжаргал нарыг олимпын хорооны хөрөнгөнд ханаж цадах болоогүй юу гэж халаглаж байна.

 

Эх сурвалж: www.Sonin.mn