Энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө буюу 00:58 минутад Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт 30-35 орчим насны эрэгтэй хүн гаднаа гэмтэл шархгүй нас барсан байдалтай олджээ.

Уг цогцсонд хийсэн задлан шинжилгээгээр гадны нөлөөтэй амиа алдсан болох нь тогтоогдсон байна. Тиймээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагчид хэрэгтнийг илрүүлжээ. Эл гэмт хэргийг  Т гэгч үйлдсан бөгөөд  11 дүгээр ангийн сурагч юм байна.

Энэ хэргийг талаар тодруулбал, хэрэг гардаг шөнө 16-18 насны таван залуу гудамжинд архидан согтуурч, хоорондоо маргалдаж, улмаар хоёр нь хоорондоо зодолдсон аж. Гэтэл таван залуугийн нэг болох 1995 онд төрсөн Т гэгч хүний аминд хүрчээ.

Талийгаач Б нь тэр орой ажлынхаа нэг залуутай хамт пиво ууж сууж байгаад шөнийн 00.50 минутын орчим гэр лүүгээ харихаар найзаасаа салж яваад ийнхүү халдлагад өртөж харамсалтайгаар амиа алдсан байна.

Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаатай холбоотойгоор залуус бөөнөөрөө архидан согтуурч, зодоон цохион хийх хэрэг сүүлийн хэд хоног цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болжээ. Улмаар дөнгөж 16-18-тэй насанд хүрээгүй хүүхдүүд олноороо шөнө орой гудамж талбайд танхайрч, хүний аминд хүрч явж байхад эцэг эхчүүд өөрсдийн хүүхдүүддээ хараа хяналт тавих хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Энэхүү мэдээг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.

Х.Даваа