“Эв нэгдэл-Залуучуудын оролцоо” чуулга уулзалт зохион байгуулагдана
2014/06/18
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх УБ хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын холбоо 2014 оныг Хөвсгөл аймгийн Залуучуудын Эв нэгдлийн жил болгон зарласан байна. Энэ хүрээнд “Оюуны элч” төсөл хөтөлбөрийг 3-р сараас эхлэн нийслэл хотноо хэрэгжүүлж эхлэсэн бөгөөд орон нутагт энэ сарын 27-оос “Эв нэгдэл-Залуусын оролцоо” чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалт нь сум орон нутгийн хөгжилд залуучуудын хөгжлийн бодлого, төлөвлөгөөг тусгах, оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд залуучуудын бодит оролцоог бий болгох, хамтдаа хөгжих гэсэн зорилготой юм.
“Эв нэгдэл-Залуучуудын оролцоо” чуулга уулзалтыг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас эхэлж байгаа бөгөөд сумын ИТТ-тай хамтран энэ 6-р сарын 27, 28, 29-ний өдрүүд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Чуулга уулзалтаар, “Сумын хөгжил өнөөгийн байдал”, “Залуучуудын оролцоо орон нутагт”, “Хүний хөгжил”, “Монгол залуу хүн”, “Залуу гэр бүл ба төлөвлөлт”, “Нутагтаа сайхан амьдарцгаая” зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэх, мөн урлаг, спортын арга хэмжээ, эко аялал зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар хөтөлбөрт багтсан байна.