Би нэгдүгээр ангид ороод л хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдлээ гэж хүүхэд маань хэлсэн. Энэ бол нийгэм яаж хүлээж авч байгаагийн жишээ
2023/10/12
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол, хөгжил сэргээн засах, нийгэмшүүлэх үйлчилгээг сайжруулах шаардлагатай байгаа талаар эцэг, эхийн төлөөллөөс мэдээлэл хийлээ.
Эцэг эхчүүдийн төлөөлөл "Хөгжлийн саажилттай ч оюуны бэрхшээлгүй, хүний хэлснийг бүрэн ойлгодог хүүхдэд суралцах бүрэн чадвар байгаа. Энгийн сургуульд орчих л юм бол тухайн хүүхдийг тэгш хамрагдаж байна гэж хараад байна. Гэтэл үгүй шүү дээ. Энгийн сургуульд суралцъя гэхээр тухайн хүүхдэд тохирсон хөтөлбөр, сандал ширээ, багш, дэмжих үйлчилгээ байхгүй байна. Сурахаас гадна хөгжлийн бусад дугуйлан, Хүүхдийн ордноор ч үйлчлүүлмээр байна шүү дээ.
Тэгш хамран сургах зэрэг дүрэм журам нь цаасан дээр л байна. Бодит амьдрал дээр хэрэгжих боломжгүй байна. Таны хүүхэд ялгаварлан гадуурхалтаас болоод сургуульд хамрагдаж чадахгүй бол та ямар сэтгэгдэлтэй байх вэ?
Эрүүл мэндийн яам улиралд хоёрхон долоо хоног сэргээн засах үйлчилгээг үзүүлж байгаа нь хангалттай биш, нэмэргүй. Бидний хүүхдүүдэд тасралтгүй асаргаа, сургалт хэрэгтэй. Иймд ядаж дүүрэг болгондоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвүүдийг бий болгож цогц үйлчилгээг авах хэрэгтэй байна. Монгол Улсад цөөнх болсон хэдхэн хүүхдэд хөгжлийн төв байгуулж өгөх боломж байгаа ч шийдвэр гаргагчдад сэтгэл байхгүй байна гэж харж байна.
"Бэлэг өгснөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжсэн гэж хардаг. Амьдралын чанарыг нь дээшлүүлэх хөгжлийн төв хэрэгтэй байна"
Бэлэг өгснийгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө ажиллаа гэдэг. Гэтэл бид ийм зүйлийг биш бидний хүүхдүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэх хөгжлийн төв байгуулаад өгөөч ээ гэж хүсэж байгаа юм.
Миний хүүхэд нэгдүгээр ангид ороод "Ээжээ би нэгдүгээр ангид ороод л хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдлээ" гэж хэлсэн. Энэ бол манай нийгэм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг яаж хүлээж авч байгаагийн жишээ" гэв.
11,300 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас 4,500 орчим нь боловсролын үйлчилгээнээс гадна байгаа аж.
"Энгийн сургуульд хүүхдээ сургах гээд очсон боловч сургуулийн зүгээс мэргэжлийн багш, анги байхгүй цаасан дээр л тийм юм байгаа гэсэн"
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвийг байгуулах тухай 10-аад жил ярьсан ч төр засаг юу ч хийсэнгүй. Боловсролын яамны өгсөн хариуны дагуу энгийн сургуульд хүүхдээ сургах гээд очсон боловч сургуулийн зүгээс манайд мэргэжлийн багш, анги танхим байхгүй цаасан дээр л тийм юм байгаа гэсэн. Иймд бидний хүүхдүүд хөгжлийн төвөөр хөгжихөөс өөр арга алга гэдгийг эцэг эхчүүд онцолж байлаа.
Үргэлжлүүлэн эцэг эхчүүд дараах асуудлуудыг хөндөв.
- Манай улсад наймдугаар сараас хойш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эмийн тасалдал үүсээд байна.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд МИАТ-ийн онгоцоор үйлчлүүлбэл зардлыг нь 90 хувь хүртэл хөнгөлөгдөнө гэсэн боловч бодит амьдрал дээр энэ нь хэрэгжээгүй.
- Сонсголонгийн сэргээн засах төв бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж чадахгүй байна.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн групп сунгалт 16 нас хүртэл хийгдэхгүй байгаа.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж чадаж байгаа энгийн сургуулийн багшид улсаас өгдөг 10 хувийг нь өгчхөөч ээ гэж хүссэн боловч бүтээгүй.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүд үндсэн ажлаа тараад хүүхдээ асрах гээд 24 цаг ажиллаж байна. Иймд ажлын байран дээр дэмжлэг хэрэгтэй байна.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд ихэнх нь ганц бие байна. Энэ гэр бүлийн асуудал дээр анхаарч хуулиа анхаарч өгнө үү.
- Хүүхэд хамгааллын тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг ярихгүй байгаа юм бэ? Өөрөө хүчирхийлэлд өртсөнөө илэрхийлж чадахгүй болохоор энэ асуудлыг хэлэлцэхгүй байгаа юм уу.