"УУ” хөтөл гэх газарт зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алдаж, дөрвөн иргэн гэмтжээ
2023/10/23
Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 15 минутад Сэлэнгэ аймгийн Баянгол сум, “УУ” хөтөл гэх газарт “Зам тээврийн ноцтой осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад өвс тээвэрлэж явсан Hyundai маркийн тээврийн хэрэгслийн араас Toyota маркийн тээврийн хэрэгсэл мөргөж, ослын улмаас мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч нэг зорчигчийн хамт амь насаа алдаж, зорчиж явсан 10-46 насны 2 хүүхэд, 2 насанд хүрсэн, нийт 4 хүн гэмтсэн харамсалтай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд, жолооч Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
1. Үзэгдэх орчин хязгаарлагдмал замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, амжих байх гэсэн эрсдэлтэй үйлдлээс осол гардаг,
2. Замын нөхцөл байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох,
3. Холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, тэнхлэг тохиргоо хийлгэх болон явах эд ангид эвдрэл, гэмтэл үүссэн эсэхийг сайтар шалгах,
4. Хэт ядарсан үед болон архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоо барихгүй байх,
5. Жолоодох эрхийн үнэмлэхгүй болон насанд хүрээгүй хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлэхгүй байх,
6. Аюулгүйн бүс нь зөвхөн жолоочид биш тухайн тээврийн хэрэгсэлд сууж буй хүн бүр зүүж эрсдлийг бууруулах боломжтой, иймд бүс зүүж хэвших,
7. Гэрэл шилжүүлэх нь өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэл, иргэдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах үйлдэл гэдгийг анхаарч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлээрэй.