Байр суурь: Хүүхдийн мөнгийг үдийн хоолонд нь зарцуулаад чанар сайжрах уу?
2023/11/02
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож өгөх шийдвэрийг цар тахлын үед гаргаж өнөөг хүртэл хэрэгжиж байгаа билээ. Тэгвэл сүүлийн өдрүүдэд 100 мянган төгрөгийн 50 хувь буюу 50 мянган төгрөгийг нь үдийн хоолонд нь зарцуулъя гэх болов.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Хувийн сургуульд сурч байгаа 12 мянган хүүхдэд шаардлагатай хоолны эх үүсвэрийг тавьсан. Төсөв батлагддагаараа батлагдана. Төсөв батлагдахад УИХ-ын тогтоол баталдаг. Энэ тогтоолд нэг заалт нэмж оруулъя гэдэг зохицуулалттай байна. Түүнээс өнөөдөр хассан зүйл байхгүй.
Цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны зардал 2470 байна. Үүнийг хамгийн багадаа 4000 төгрөг болох шаардлагатай байна. Хүүхэд өдөрт авах ёстой калорийнхоо бараг 80 хувийг цэцэрлэгээр дамжиж авч байна. Цэцэрлэгийн болон 1-5-р ангийн үдийн хоолны зардал нийт 170 орчим тэрбум байна. Үүн дээр тогоочдын цалин, урсгал зардлаа бодохоор 230 орчим тэрбум төгрөг улсын төсөвт сууж байна. Үүнийг хоёр дахин нэмнэ гэвэл дахиад энэ хэмжээний мөнгөний эх үүсвэр хэрэгтэй. Магадгүй нэг хувилбар нь хүүхдийн 100 мянган төгрөгийн 50 мянган төгрөгийг нь хүүхдийн хоолонд зарах шийдэл байвал 1-12-р ангийн бүх хүүхдэд хоол өгөх боломж бүрдэнэ. Ийм эх үүсвэрээр асуудлыг шийдэхгүй бол дан ганц төсөвт найдаад, дахиад 230 тэрбум төгрөг олж, хүүхдийн хоолны мөнгө нэмнэ гэдэг нь эрсдэлтэй.
Жил бүр сургуульд орох хүүхдийн тоо нэмэгдэж байна. Ойрын хугацаанд 150 орчим сургууль нэмж барих шаардлага үүсэж байна. бид энэ 230 тэрбум төгрөгөөр цэцэрлэг, сургуулиа барих уу. Эсвэл сургууль, цэцэрлэг барих мөнгөөрөө үдийн хоолны зардлаа нэмэх үү гэдэг сонголттой тулгарч байна. Хэрвээ эцэг эхчүүд зөвшөөрвөл хүүхдийн 100 мянган төгрөгийн 50 мянгыг нь үдийн хоолны зардалд өгье. Өнөөдөр үдийн хоолонд зарж байгаа нэг доллар ирээдүйд эрүүл мэндийн есөн долларын зардал хэмнэдэг.
Анх сурагчдад үдийн цай хөтөлбөр гэж эхлүүлж байв. Харин 2021 оноос "Үдийн хоол" болгож, нэг хүүхдэд ногдох хоолны зардлыг 600 төгрөгөөр нэмэгдүүлсэн буюу өдгөө 1-5 дугаар ангийн сурагч бүр өдөрт 1500 төгрөгийн хоол иддэг байна. Үүнийг нь 3000 мянган төгрөг болгох талаар ч ярьж буй юм.
ЕБС-ийн зөвхөн 1-5 дугаар ангийн сурагчдад өгдөг ба бүх сурагчдад өгөх боломжийг судалж байгаа талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлсэн. Үдийн цай нэртэй байхаасаа эхлэн олон нийтийн шүүмжлэлд ихээхэн өртөж байсан уг хөтөлбөр хоол болсон ч хүүхдүүд голоод идэхгүй байна гэх асуудал тасрахгүй байгаа билээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс нь талыг нь зарцуулах саналд эцэг эхчүүдийн зүгээс ч эсэргүүцэж байгаа юм. Тэд хүүхдийн мөнгийг үдийн хоолонд зарцуулахыг зөвшөөрөхгүй гэлцэж буй.
Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир: ЕБС-ийн 1-5-р ангийн сурагчдын үдийн хоол 1500 төгрөг байдаг ба энэ нь хүүхэд өдөрт авах илчлэгийн 35 хувийг бүрдүүлэх ёстой гэж үздэг. Тэгэхээр олон мянган хүүхдэд хүртээмжтэй байлгах үүднээс анхаарч байгаа ч сургуулиас шууд захиалга хийгдэх, түрээсийн байранд хичээллэж байгаа, нийтээрээ суугаад хооллох танхимгүй зэрэг шилжилтийн стратеги хийх хэрэгцээ шаардлага бий. Эдгээрийг шийдвэрлэсний дараа хоолны үнийг үе шаттай нэмбэл үдийн хоол хүүхдэд илүү үр өгөөжтэй болно.Боловсон хүчний асуудал хүнд байгаа нь үнэн. Тэгэхээр төр нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэх бодлогыг барьж, 2024 оны төсөвт 20-60 хувь нэмэхээр тусгасан тул одоо харьцангуй нааштай үр дүн гарах байх гэж бодож байна. Гэхдээ үүнийг хийхэд хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, боловсон хүчний нөөц гэх мэт асуудлыг цогцоор нь харах нь зүйтэй.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үдийн хоол болон цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал бага байна гэдэг асуудал яригдаж байгаа. Энэ хоёр асуудлаар Л.ЭнхАмгалан сайд тодорхой саналууд боловсруулж байгаа. Эхний зарим нэг хувилбараар та бүхэнд мэдээлэл хийсэн байна лээ. Гэхдээ энэ нь бүлэг болон УИХ дээр яригдаагүй асуудлууд. Хэрэв тэгж шийднэ гэвэл заавал улс төрийн шийдвэр гаргаж байж явна. Та бүхэнд мэдээлснээр хүүхдийн мөнгөний тавин хувийг өгье гэсэн хувилбар танилцуулсан байсан. Ийм чиглэлээр ажиллаж байна. Хүүхдийн хоолны мөнгө дэндүү бага байна гэдэг дээр санал нэг байгаа.
"Бүх нийт боловсролын төлөө" Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий Зохицуулагч Д.Тунгалаг: Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтай байна. Гэхдээ нэмэгдлийг хүүхдийн мөнгөнөөс гаргах эсэхдээ биш, түүний зарцуулалтад тавих хяналт байхгүйд учир байна. Өөрөөр хэлбэл тэнд зарцуулалт ихсэх тусам улам л хяналтгүй болно. Үдийн хоолонд ашиглах бүтээгдэхүүнийг Монголын дөрвөн том компаниас авах ёстой, тэд зах зээлийн үнээс өндөр үнээр хүнсээ нийлүүлж "баяжих" ёсгүй шүү дээ.Уул уурхайгаас олж байгаа энэ их орлогоос хүүхдүүдэд зарцуулах ёстой. Хүүхдийн хоол тэжээлийн дутагдал зөвхөн бие бялдар биш, тархины хөгжил, танин мэдэхүйн хөгжилд ч сөрөг нөлөөтэй. Гэтэл үүнийг эцэг эхийн "нуруунд үүрүүлэх" гээд байгаа нь мөн учир дутагдалтай.
Нөгөө талаас хүүхдийн хоолны мөнгөний төсвийг нэмэгдүүлэхэд хоолны чанар сайжирч чадах уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Сурагчдын өдрийн хоолны хэрэгцээт илчлэгийнхээ дөнгөж 50 хувийг л авдаг аж. Ингээд л чанарыг сайжруулахаар хүүхдийн 100 мняган төгрөгийн тэтгэмжийг нь 50 хувийг үдийн хоолонд зарцуулна гээд байгаа юм. Гэхдээ энэ бол эцсийн шийдвэр биш гэдгийг энд сануулъя.
Зочин · 2023/11/02
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda