Л.Галбаатар: Сэтгүүлч хуулийн байгууллагад хандахад гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хүлээж авдаггүй, хэрэгсэхгүй болгодог, буцаадаг жишиг байна
2023/11/04
“Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, сонгуулийн шударга байдал болон олон нийтийн манлайллын үүрэг” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр НҮБ-ын байранд болов.
Үйл ажиллагаанд НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, “Глоб интернэшнл” төвийн удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа нар болон бусад төлөөлөл оролцлоо. Энэ жилийн хэлэлцүүлгээр ирэх онд дэлхий нийтээр 81 улсад 2.6 тэрбум гаруй хүн сонгуульд оролцох гэж буйтай холбогдуулан сонгуулийн үеэрх сэтгүүлчдийн болон хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг хүчирхийллийн нөхцөл байдлыг онцолж, үүнд төвлөрөв. Энэ өдрийн хүрээнд дэлхий нийтээр зохион байгуулах үйл ажиллагаа нь сэтгүүлчдийн эсрэг халдлагын хэргүүдийг мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагааг бэхжүүлэх, ингэснээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрх, хэвлэлийн эрх чөлөөг олон талын оролцоотойгоор хамгаалахад чиглэгдэж байгааг онцлов. Дэлхийн хэмжээнд 2006-2023 он хүртэлх хугацаанд 1600 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны амь насыг хөнөөсөн хэрэг гарсан байна. Эдгээр гэмт хэрэгт холбогдогсдын 90 орчим хувь нь зохих ял шийтгэлээ хүлээгээгүй байна.
Энэ үеэр “Глоб интернэшнл” төвийн хуульч Л.Галбаатартай ярилцлаа.
-Ажлаа хийж яваа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны биед халдах, тоног төхөөрөмжийг нь сүйтгэх тохиолдол түгээмэл гарах юм. Гэсэн ч хэвлэл мэдээллийн ажилтны биед халдсан этгээд хариуцлага хүлээхгүй үлдэх тохиолдол байна. Энэ асуудалд мөрдөн шалгах байгууллага ажлаа хийхгүй байна уу, эсвэл өөр асуудал байна уу?
-10 жилийн өмнө буюу 2013 оноос эхлээд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас тогтоол гаргаад сэтгүүлчийн эсрэг үйлдэж байгаа гэмт хэргийг ял шийтгэлгүй өнгөрч байгаа явдлыг зогсоох өдрийг тэмдэглэж эхэлсэн. Монгол Улсад ч энэ өдрийг тэмдэглэж тодорхой үйл ажиллагаа явуулж ирсний нэг нь энэ. Энд хөндөх гол асуудал нь сэтгүүлчийн эсрэг үйлдэж байгаа гэмт халдлага нь зөвхөн тэр сэтгүүлчийн эсрэг үйлдэж байгаа асуудал биш. Иргэдийн мэдэх эрхийн эсрэг үйлдэж буй халдлага. Үүнийг таслан зогсоох ёстой. Сэтгүүлчийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал жил ирэх бүр л өөрчлөгдөж байна. Дайн байлдаантай газар сэтгүүлчид амь насаа алдах тохиолдол олон. Юнеско-гоос амь насаа алдсан сэтгүүлчийн бүртгэл хөтлөгд веб сайт ч бий. Монголд сэтгүүлчийн амь насны эсрэг халдлага байхгүй ч үйл ажиллагаанд нь цензур тавих, сэтгүүлчийн бие махбодь, багаж хэрэгсэлд нь халдах тохиолдол түгээмэл гардаг. Өнөөдрийн хэлэлцүүлэг үүний эсрэг ямар үйл ажиллагаа хийх вэ гэдэгт чиглэж байна. Үүнд чухал оролцоотой нь гүйцэтгэх байгууллага буюу мөрдөн байцаах байгууллага. Эрүүгийн хуулийн 14.3-дугаар зүйлд сэтгүүлчийн эсрэг халдлага үйлдсэн тохиолдолд тухайн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт байдаг. Бодит байдал дээр энэ зүйл ангиар тухайн хүнийг шийтгэсэн тохиолдол маш ховор. “Глоб интернэшнл” төвөөс хийсэн судалгааны үр дүнгээс харахад өөр үзүүлэлт харагддаг. Хоорондоо эрс тэс ялгаатай. Үүний цаана сэтгүүлчид өөрсдөө хууль сахиулах байгууллагад гомдол гаргаж байна уу гэх асуудал бий. Хоёрдугаарт гомдол гаргасан ч гэмт хэргийн шинжгүй байна гэх үндэслэлээр хүлээж авдаггүй, хэрэгсэхгүй болгодог, буцаадаг буруу жишиг байна. Үүнийг засах хэрэгтэй. Хууль сахиулах байгууллага үр дүнтэй ажиллах ёстой. Мөн сэтгүүлч зөвхөн ганцаараа биш олуулаа аюулгүй байдлаа хангах чиглэлээр ажиллах шаардлагатай. Улстөрч, удирдагчид энэ асуудалд манлайлж ажиллах хэрэгтэй байгаа нь судалгаанаас харагддаг.
-Сонгуулийн үеийн сэтгүүлчид халдлагад өртөх нь бий?
-2024 онд дэлхийн 84 улсад сонгууль болох юм байна. Манайд ч сонгууль болно. Сонгуулийн үеэр албан тушаалтнуудын авлигын гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг ил гаргасан нийтлэл, нэвтрүүлэг олонд хүрдэг. Энэ хүрээнд нэр дэвшигчийн эрх ашиг хөндөгдөх нь бий. Улмаар сэтгүүлч халдлагад өртөх эрсдэл бий болдог. Үүнээс гадна сонгуулийн үеэр хүссэн мэдээллээ олж авч чаддаггүй, нийтлэл, нэвтрүүлэгтэй холбоотойгоор цахим дайралтад өртөх асуудал байдаг. Ийм учраас 2024 онд сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангахад бэлэн үү гэх асуудал энд тавигдаж байна. Мөн цагдаагийн байгууллага сонгуулийн үеэр сэтгүүлчдийг хэрхэн хамгаалах чиглэлээр тодорхой алба хаагчдаа мэргэшүүлэх, сургах асуудал энд хөндөгдлөө. Сэтгүүлчид ч өөрсдийгөө хамгаалах, эрсдэлтэй газар руу сэтгүүлчээ явуулах эсэхэд редакц анхаарч шийдвэр гаргах хэрэгтэй.
-Зарим редакцын сэтгүүлчид хуулийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө хуульчгүйгээр очих тохиолдол байдаг?
-Сэтгүүлчид цагдаагийн байгууллагад дуудагдах тохиолдол түгээмэл бий. Гол төлөв эрүүгийн болон зөрчлийн хуульд заасан гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой асуудлаар дуудагддаг. Эрүүгийн процессын хуулиар Эрүүгийн хэрэг дээр заавал өмгөөлөгч авах ёстой. Өнөөдөр сэтгүүлч бүр өмгөөлөгч аваад очиж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Зарим редакцын тухайд хуульчаа сэтгүүлчтэйгээ хамт явуулаад тайлбар, мэдүүлэг өгүүлдэг. Энэ нь хууль зүйн эрсдэлээс сэргийлж байгаа юм. Хууль зүйн асуудал гэдэг өөрийн гэсэн онцлогтой. Хуулийн болон хуулийн бус асуудлыг сэтгүүлч ялгаж чадахгүй байгаатай холбоотойгоор мэдүүлэг, тайлбар өгөхдөө алдаа гаргах, нөгөө талдаа эх сурвалжаа хэлэхийг албадахад ямар хариулт хэлэх вэ гэдэг дээр бэлэн биш байдаг. Эх сурвалжаа нууцлах эрхээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр хуульчийн туслалцаа хэрэгтэй. Ийм учраас мэдүүлэг, тайлбар өгөхдөө заавал хуульчтай оролцох нь зөв.
-Манайд сэтгүүлчийн эсрэг гэмт үйлдэл хийгээд хариуцлага хүлээлгүй үлдсэн ямар кейсүүд байна вэ?
-УИХ-ын гишүүн болон Элчин сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр гэдэг хүн хоёр ч сэтгүүлчийг “ална” гэж заналхийлсэн. Заналхийллээ цахим хэлбэрээр буюу зурвас бичиж илэрхийлсэн. Үүний дагуу тухайн сэтгүүлчид цагдаагийн байгууллагад гомдол гаргаж эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэдгийг шалгуулахаар хандсан. Харамсалтай нь мөрдөн байцаах байгууллагаас үүнийг гэмт хэргийн шинжгүй гэх байдлаар тухайн гомдлыг хүлээж аваагүй. Дээрх үйлдэл нь 14.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Хүлээж авахгүй байгаа нь мөрдөн шалгах байгууллагын хараат бус, бие даасан байдал эмзэг байгааг харуулж байгаа юм. Бид сэтгүүлчдийн аюулгүй байдлын цаана зөвхөн сэтгүүлчдийн асуудлыг ярих биш, хууль сахиулах, мөрдөн байцаах байгууллагын бие даасан хараат байдлын тухай ярих шаардлага гарч байгаа юм. Энэ байгууллага хараат бусаар ажиллаж чадахгүй бол сэтгүүлчдийн аюулгүй байдал тэр хэрээр хангагдахгүй. Энд онцолсон жишээ бол хууль сахиулах байгууллага улстөрчдөөс ангид ажиллах ёстойг харуулсан.
Эх сурвалж: Өдрийн сонин
Зочин · 2023/11/04
SEXSDN80955877