Улаанбаатарыг утаанаас салгана гэж 20-иод жил ярилаа. Тэр хэрээр асар их мөнгө зарцуулж ирсэн байна. Утаанд зориулсан хөрөнгө том дүнгээрээ нэг их наяд өлхөн давчихаад байгааг статистикаас харж болно. Ингэхдээ олон эх үүсвэрээс санхүүжүүлжээ. Улсын төсвөөс гадна жил бүр нийслэлээс бас давхар мөнгө тавина.

Нэмээд олон улсын байгууллагууд, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө гээд тэрбум, тэрбумаар нь утаанд хаягладаг. Энэ мөнгөн дүн жилээс жилд өсдөг. Архив уудлангуут тэр бүгд нь он, сар олгосон дүнтэйгээ гараад л ирнэ. Тухайлбал, Монгол Улс 2008-2016 онд утааг арилгахад 164.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ хооронд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Улсын төсвөөс 97.7 тэрбум, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54,9 тэрбум, нийслэлийн төсвөөс 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум төгрөг тус тус зориулсан байна. Харин гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48,6 сая ам.долларын буцалтгүй тусламж авч ашиглажээ. Тэгвэл 2017-2020 онд утааны эсрэг төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн дээрх дүн бараг гурав дахин нэмэгдсэн байх жишээтэй. Энэ гуравхан жилийн хугацаанд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсвөөс 273.1 тэрбум, азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн банк, БНХАУ-ын зээлээр 168.9 тэрбум, Нийслэлийн төсвөөс 14.1 тэрбум гээд нийт 456.1 тэрбум төгрөгийг зарцуулсан дүн бий. Бас 2021, 2022 онуудад нийслэлээс агаарын бохирдлыг бууруулахад 64 тэрбумыг суулгажээ. Тэгвэл энэ онд 40-өөд тэрбумыг тавьсан байна. Задаргааг нь харвал, “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрт 39 тэрбум, үүнийг хэрэгжүүлэх ажлын албаны зардалд нэг тэрбумыг өгчээ. Харин ирэх онд нийслэл 500 тэрбум төгрөгийн бонд босгож үүнийхээ 177.5 тэрбумаар нь хагас коксожсон түлш урд хөршөөс худалдаж авна гэж тооцоолсон байдаг.

Үе, үеийн Засгийн газар утаанаас салахын тулд ийм их хөрөнгийг салхинд хийсгэчихжээ. Яагаад гэвэл тэдний авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийн үр дүн өнөөдөр ямар байгааг бүгд харж байна. Баагисан хар утаа улаанбаатарчуудын санааг зовоож эхлэх үед утаагүй зуухыг айлуудад тараасан. Дараа нь шахмал түлш рүү шилжсэн ч нэмэр болоогүй. За, тэгээд утаанаас салах ажил нь цаашлаад гэрийн дулаалга, яндагийн агаар шүүгч зэрэг явцгүй төслүүдээр үргэлжилсэн. Бүр сүүлдээ одоо энэ түлж байгаа сайжруулсан гэх түлшийг нийслэлчүүдэд хүчээр шахсан. Энэ бүх арга хэмжээ утааг арилгах төгс шийдэл биш байж гэдгийг өнөөдөр хэдүүлээ хараад сууж байна. Баагисан хар утаа барзайсан саарал угаар болсноос өөрөөр онцын дэвшил гарсангүй. Харин ч сайжруулсан түлшний угааранд хордож нас барсан хүний тоо жилд хэдэн арваараа бүртгэгдэж байгаа нь гашуун үнэн.

Бүхэл бүтэн XXI зуун гарчихаад байхад утаат хөшигний цаанаас цухуйх улс дэлхийд Монголоос өөр алга. Агаарын бохирдол ард түмний эрүүл мэнд, амь насанд заналхийлээд 20 жил боллоо. Улаанбаатарчууд жилд хэдэн мянгаараа үхээд дуусах нь байна. Утаанаас болж жил бүр бараг нэг сумын хүн амын дайтай тэнцэх хүмүүс нас бардаг боллоо. Сүүлийн үеийн судалгаануудад ганцхан жилд утаанаас болж амь тавьж буй хүмүүсийн тоо 4000-д хүрсний 15 хувь нь хүүхдүүд байна гэжээ. Энхийн цагт цөөхөн монголчууд бөөн бөөнөөрөө ингээд үрэгдсээр л байг уу.

Агаарын бохирдлын эсрэг явуулсан төрийн бод-лого анхнаасаа гэр хорооллыг орон сууцжуулахад фокуслагдсан бол өдийд нийслэлчүүд утаа, шороондоо хутгалдаад сууж байхгүй. Хотын төвийнхөө ойр хэсгээс нь эхлээд гэр хорооллоо түрээд байр байшин барьсан бол утаанаасаа аль хэдийнээ салчихсан байгаа. Энэ олон жилийн хугацаанд тасралтгүй үргэлжилсээр Зурагт, Баянхошуу, Долоон буудлын хавгайрсан гэр хорооллын оронд өндөр, өндөр сайхан орон сууцнууд

босчих байсан. Жил, жилээр ахиулсаар байгаад хотын зах руугаа тэлнэ. Тэр их мөнгийг утаанд хаяглаж замхруулж байхын оронд дүүрэг болгонд гэр хорооллын нэг хороог орон сууцжуулбал бодитой ажил болох байлаа. Баагисан хар утаатайгаа хэвээр, байшин бариад байсан бол өдийд Улаанбаатар хот сааралтаж үзэгдэхгүй, цэлмэг тэнгэртэй байх биз.

Утаа бол улстөрчдийн мөнгө угаах хэрэгсэл болжээ. Нийслэлийг нүүрсний утаа бүрхэж эхэлснээс хойш дөрөв, таван удаагийн сонгууль явагдлаа. Улс төрийн хүчнүүд, нэр дэвшигч болгон “Улаанбаатарыг утаанаас салгана” гэсэн лоозонтой сонгуульд оролцдог байв. Солигдож гарч ирэнгүүтээ өөр ухаан сэдэж, өөрсдийнхөө мөрөөдлийг хэрэгжүүлэх гэж зүтгэнэ. Гэхдээ яаж утаанд тавьсан мөнгийг хулгайлах вэ л гэж бодлого уралдуулна. Энэ бол цэвэр бодлогын алдаа. Нөгөөтэйгүүр утааг далимдуулж төрд гарсан хулгайч нар хөлжиж дууслаа. Худлаа гэвэл, агаарын бохирдлын мөнгөнөөс дарга нар тэрбум тэрбумаар нь идэж уусныг аудитын газар тогтоогоод гаргаж ирж байсан нь хэвлэлийн архивт ч бий.

Өнгөрсөн хугацаанд утаатай тэмцээд бүтэлтэй болоогүй төрийн бодлого шийдвэрүүдийн гороор монголчууд асар их боломжоо алдсан. Эрүүл мэнд, эдийн засаг, бизнесийн орчин гээд тэр бүгдийг тоочоод байвал утаанд цацсан хөрөнгө мөнгө нэг их наядаар хэмжигдэхгүй. Ерөөсөө төр засаг монголчуудыг утаанаас салгая гэсэн бодолгүй нь илэрхий байна. Учир нь авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бүр нь гэр хорооллын янданг бууруулахад огт чиглээгүй. Угтаа яндангийн тоо цөөрч байж утаа багасна. Гэтэл “Та нар галаа түлээд бай. Бид түлшийг чинь бэлдэж өгөөд байна” гэсэн логик уншигдаад байгаа юм. Сүүлд утаагүй түлш худалдаж авна гэж яригдсан 177 тэрбум төгрөгөөр орон сууц баривал гэр хорооллын 350 мянган өрхийн 20 хувь нь алга болно.

Утаанд зарсан, сүүлийн арван жилийн бүх хулгай хийсэн мөнгө нэг их наяд юм бол үүнийг хоёр өрөө байраар бодъё. 60 метр квадрат хоёр өрөө байрны метр квадратыг нь 1.5 сая төгрөгөөр бодоод гаргая. Тэгэхэд хоёр өрөө байр 90 сая төгрөг болно. Энэ 90 сая төгрөгөөр 12 мянган өрх байранд орох байжээ. Төр ийм гаргалгаа огт ярьдаггүй.

Харин ч одоо хулгай хийж ханасан бололтой. Ханах ч юу байх вэ, баригдаад хулгай хийх аргагүй болоо биз. Болж өгвөл хаяад хаа нэг тийш зугтаах юм л боддог болсон бололтой МАН. Энэ намыг ингэж даврааж болохгүй ээ. Хариуцлага тооцох хэрэгтэй, хулгай хийсэнийг нь ил тод болгож арга хэмжээ авах ёстой гэдгийг ард олон сануулалтгүй мэдэж байгаа. Утаагүй түлш ярьж хулгай хийж байхын оронд утаа гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна.

М.МӨНХЦЭЦЭГ