УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдээс 100,000-аас дээш санал авсан гурван өргөдлийг танилцууллаа. 

Тэрбээр "d.parliament.mn системд нийт 549 иргэн 630 өргөдөл санаачилснаас 111 иргэний 120 өргөдөл шаардлага хангаж байршуулсан юм. Эдгээрээс гурав нь 100,000-аас дээш санал авсан байна.

Монгол Улсын иргэн Р.Цэндсүрэн "Цалинтай ээж хөтөлбөрийн 50,000 төгрөгийг нэмэхийг та дэмжиж байна уу" гарчигтай өргөдлийг уг системд гаргасан нь 100,000-аас дээш санал авсан юм. Өргөдлийн агуулгыг цалинтай гэж нэрлэсэн хэрнээ 50,000 төгрөг хаана ч хүрдэггүй учир нэмэгдүүлэх эсвэл нэрийг солих хэрэгтэй гэсэн үндэслэлээр бичжээ.

НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэх, НДШ, ХХОАТ-ын шимтгэлийг өөрчлөх гэсэн хоёр өргөдөл 100,000-аас дээш санал авсан байна. Энэ нь татварын цогц шинэчлэл хийх ажлын эхлэл болж, УИХ, Засгийн газар уг асуудлаар хамтран ажиллаж байна. 

Иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлсэн, ахуй амьдралд нь нэмэр болох, ажлын байр нэмэгдүүлсэн шийдвэрийг төр засаг гаргах болжээ гэдэг нь тодорхой байна. Төсвийн зарлага, орлогоо оновчтой шинэчлэх ёстой.

Хагархай цонхны онол гэж бий. Нэг цонх хагархай байгаад байвал бусад цонх хагарна. НӨАТ-ын хууль гэхэд 50% нь хэрэгждэггүй эмх замбараагүй байдал тогтвол улам гүнзгийрнэ гэж үздэг.

Хуулийн шаардлага хангасан эдгээр гурван өргөдлийн талаар хэлэлцэн шийдвэр гаргаж, иргэддээ хариуг нь өгөх ёстой" хэмээн танилцууллаа.

НӨАТ-ын буцаан олголтын 2%-ийг 5% болгож нэмэгдүүлэх өргөдөл 100,000 давсан санал аваад байгаа билээ.