Малчдын орлого, амьжиргааг дэмжих үүднээс малчнаас хэрэглэгчийн гарт хүргэх, “Өвлийн идэш-2023” өргөтгөсөн худалдааг өнгөрсөн даваа гарагаас нийслэлийн 11 байршил эхлүүлсэн. Тус үзэсгэлэн нь ирэх сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

Тиймээс махны үнэ болон худалдан авалт, зохион байгуулалт ямар байгаа талаар сурвалжиллаа. 11:10 цагийн үед БЗД-ийн Тэнгэр плаза худалдааны бөөний төвийн талбайд мах ачсан 20 гаруй ачааны машин эгнэн зогсжээ. Энд ихэвчлэн зүүн аймгийн малчид иржээ. Тэдний зарим нь дан ямаа, хонь, үхрийн мах авчирсан бол төрөлжүүлэн авчирсан нь ч бас байв.

 

 Малчид махаа өвс, тэжээлээр сольж байна

 

Тэдний нэг бол Д.Хашбат. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын малчин. Тэрбээр 100 хонь, арван үхэртэй иржээ. Цас их болон шатахуун хомс байгаагийн улмаас дөрөв хоногийг замдаа өнгөрөөж өнөөдөр ирээд буй нь энэ. Энэ тухайгаа тэрбээр “Зүүн аймгууд руу цас ихтэй байгаагаас гадна шатахуун хомс байна. Малчид хот руу ирэхэд хүндрэлтэй байна. Тухайлбал, шатахуун түгээх станцууд дизель түлш олгохгүй байгаа бөгөөд шагийн үнээр буюу таван мянган төгрөгөөр авч ирлээ. Тиймээс махаа хямд зарж чадахгүй. Хонины мах-7000, үхрийн мах-9000 төгрөгөөр худалдаалж байна” гэсэн юм.

 

Харин Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас ирсэн малчин Д.Батдорж “Би найзтайгаа хамт ирсэн. 50 хонь, 50 ямаа, 30 үхэртэй ирсэн. Үхэр 9500, хонь 8500, ямаа 7000 төгрөгөөр худалдаалж байна. Мөн толгой, цувдайг нь авчирсан. Авах хүн байвал үнэгүй өгнө. Энэ жил цаг хэцүү болох шинжтэй байна. Тиймээс малчид малаа олон тоогоор нядалж байна. Махаа зарчихвал өвс, тэжээл, гурил будаа аваад харина” гэсэн юм.

 

Малчид махаа нэгдсэн үнээр биш дурын үнээр худалдаж байлаа. Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас 50 ямааны гулуузтай ирсэн З.Дэлгэрбаяр ямааны махыг 6000 төгрөгөөр, Сүхбаатар аймгийн малчин Д.Батдорж 7500 төгрөгөөр худалдаалж байгаагаас харж болно.

 

 Гарал үүслийн бичиг малчдыг ченжээс ялгаж өгнө

 

Малчид бүгд малчны өөрийн нэр бүхий тамгатай, гарал үүслийн бичигтэй махыг худалдаалж буйгаа хэлж байв. Харин иргэд гарал үүслийн бичигтэй эсэхийг асуулгүй худалдан авалт хийж байсан юм. Энэ талаар Хэнтий аймгийн малчин С.Сугар-Очир “Их хэмжээний мах ачиж яваа учраас заавал гарал үүслийн бичиг хийлгэдэг. Учир нь цагдаа, мэргэжлийн хяналтад шалгуулна шүү дээ. Малчид өөрийн нэр, тамга бүхий гарал үүслийн бичигтэй байгаа. Харин худалдан авч буй иргэд гарал үүслийн бичгийг нь шалгаад ченж эсвэл малчин болохыг нь мэдэх боломжтой. Иргэд гарал үүслийн бичиг асуухгүй байна” гэсэн юм.

 

 

Энэ тухай Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар, стандартын улсын байцаагч Б.Цэрэнханд “Үзэсгэлэн худалдаанд оролцож буй хүмүүс малчид мөн эсэхийг шалгахаас гадна гарал үүслийн бичиг, малчны тамга тэмдэгтэй эсэхийг шалгаж байна. Мөн ариун цэвэр сахиулах тал дээр анхаарч байгаа. Хэд хэдэн малчинд нэг удаагийн хувцас хэрэглэл өмсүүлсэн” гэсэн юм.

 

 

Харин иргэдийн нэг хэсэг нь мах үнэтэй байна гэсэн бол нөгөө хэсэг нь үнийн хувьд боломжийн, шинэ сайхан мах байна гэж байлаа. Энэ талаар БЗД-ийн ахмад настан н.Дайрийжав “550 мянган төгрөгийн тэтгэвэртэй хөгшид бид үхрийн өрөөл мах аваад л таарч байна. Уг нь мөнгө нь байдаг бол үхрийн мах 9000 төгрөгийн үнэтэй байна. Хавар үхрийн мах 20 мянган төгрөгт хүрдэг шүү дээ” гэсэн юм. Харин СХД-ийн иргэн Л.Бавуудорж “Малчид махаа үнэтэй зарж байна. Зах худалдааны төвүүдтэй адил үнэтэй байна. Мөн жижиглэнгээр биш гулууз, өрөөлөөр зарж байна. Энэ нь хүндрэлтэй байна” гэв.

 

 

Дорнод, Хэнтий аймгийн малчид Жуковын талбайд зогсох хуваарьтай. Гэвч энд гурван машин л иржээ. Үйлчлүүлж буй хүмүүс ч цөөн харагдана. Үхрийн мах кг нь 10500-11000 төгрөг буюу Тэнгэр плазагаас арай үнэтэй байв. Тиймээс худалдан авалт хийж байгаа хүн харьцангуй цөөн. Махны худалдаачид Дорнод, Сүхбаатараас ирсэн гэж байгаа ч малчид бус ченжүүд бололтой байв. Учир нь гарал үүслийн бичиг байхгүй гэх бөгөөд аль сумаас ирснээ ч хэлж чадахгүй байлаа.

 

 

 Мах худалдаалах цэгүүд Улаанбаатар паласын хашаанд Архангай, Хөвсгөл аймаг, Тэнгэр плаза худалдааны төв Хэнтий, Сүхбаатар, Жуковын талбай Дорнод, Хэнтий, Тусгаар тогтнолын талбайд Өвөрхангай, Төв, Нэгдүгээр хорооллын зам дагуу Ховд, Увс, Номин агуулах Булган, Говь-Алтай, Завхан аймаг, "Лавай" худалдааны төв Дорноговь, Дундговь, Өмнөговь, Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв Сүхбаатар аймаг, Долоон буудал Хандгайт 30 дугаар гудамж, Налайх дүүргийн Налайх зах Дорнод, Говьсүмбэр, Цэнгэлдэх хүрээлэнд тус тус худалдаалж байгаа аж.

 

 

Б.ЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин.