Манай улсад зам тээврийн осол өдөр өнжихгүй гарсаар л... Сүүлийн үед хөдөө орон нутгийн замд зам тээврийн осол ихээхэн гарч байна.

Өнгөрөгч оны байдлаар улсын хэмжээнд 41797 зам тээврийн осол бүртгэгдсэнээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг 2143 гэмт хэргийн улмаас 423 хүн амь насаа алджээ. 12823 хүн гэмтэж, иргэд байгууллагад найман тэрбум гаруй төгрөгийн эд материалын хохирол учирсан аж. Үүнээс хөдөө орон нутагт нийт ослын 8.7 хувь гарсан ба гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо 306 буюу 72.4 хувь, гэмтсэн хүний тоо 556 буюу 43.3 хувь нь бүртгэгдсэн хэмээн замын цагдаагийн газраас мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд гарч байгаа нийт зам тээврийн ослын маш бага буюу 10 хүрэхгүй хувийг орон нутагт гарч буй осол эзэлдэг. Гэвч ослоос үүдэн гарах хор хохирол болох нас барсан гурван хүн тутмын хоёр нь, гэмтсэн хоёр хүн тутмын нэг нь орон нутагт гарсан ослоос шалтгаалж байгаа нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсээс хийсэн судалгаагаар тогтоогджээ.

Харин энэ оны эхний таван сарын байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 596 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.8 хувиар өсчээ. Мөн 110 хүн амь насаа алдаж, 365 хүн гэмтсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүний тоо 35.8 хувиар, гэмтсэн хүний тоо 26.7 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Орон нутагт гарч байгаа осол хэргийн шалтгаан нөхцөл нь, 56.8 хувь нь мөргөлдөх, 17.5 хувь нь онхолдох, 11.1 хувь нь үл хөдлөх зүйл мөргөх, 10.7 хувь нь явган зорчигч дайрах, хэлбэрээр үйлдэгдсэн аж
.

Ард иргэд бүрэн бус мотоцикль согтуугаар жолоодож явахад осол гаргах тохиолдол их. Автомашинаараа зорчиж яваад осолд орсон хүмүүсийн дөнгөж 3.9 хувь нь хамгаалах бүсээ хэрэглэж явсан байдаг бол нас барахад хүргэсэн гэмтлийн дийлэнх буюу 70 гаруй хувь хамгаалах бүс зүүлгүйгээр замын хөдөлгөөнд оролцсоноос үүсдэг байна.

Түүнчлэн замын эвдрэлтэй холбоотойгоор нэлээдгүй осол гардаг ба үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсээс орон нутгийн чиглэлийн хатуу хучилттай замуудад судалгаа хийж, эвдрэл гэмтлийг нь тогтоон Зам тээврийн яаманд хүргүүлсэн байна. Тодруулбал, 31 автозамыг шалгаж, замын хар цэг буруу баригдсан, эргэлтийн радиус буруу, тэмдэг тэмдэглэгээ буруу тэмдэглэгдсэн газруудыг зургаар баримтжуулан холбогдох газруудад өгсөн гэж ЦЕГ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Ү.Зоригтбаатар ярьсан. Эдгээр замд Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Архангай аймгууд болон Налайх, Багануур дүүрэг гээд зам тээврийн осол нэлээн гардаг замууд оржээ. Автозамыг анх баригдаад ашиглалтад ороход хүлээж авсан байгууллага нь сайн хянаж, шалгаж аваагүйгээс, буруу баригдсан зам дээр осол аваар гарсаар байгаа юм.

Ялангуяа 6, 7, 8 саруудад орон нутгийн замд осол аваар гарах нь ихэсдэг гэнэ. Хатуу хучилттай автозам тавигдсан болон энэ онд тавигдаж дуусах аймаг, сум, суурингийн замын цагдаагийн албан хаагч хот хоорондын замд 50-100 км замд хөдөлгөөнт шалгалтыг долоо хоног бүр хийх нь зүйтэй гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсээс үзэж буй.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2013 он, 2014 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын болон орон нутгийн чанартай зам, гүүрэнд 638 осол гарч 68 хүн амиа алдан 90 гаруй хүн гэмтсэн байна гэсэн судалгааг хийжээ.

Дээрх авто зам, гүүрүүдийн төлөв байдал, ашиглалт, засвар арчлалтай холбоотой улсын байцаагчийн 44 дүгнэлт, 12 албан шаардлага, 9 акт тогтоож, төрийн захиргааны холбогдох байгууллагуудад 11 албан бичиг хүргүүлэн, жолооч, зорчигчдод анхааруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Авто зам, замын байгууламжуудын ашиглалтын байдал хэвийн зорчих нөхцлийг хангаагүйгээс осол их гарч байна гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа юм.

Өнгөрсөн амралтын өдрээр гарсан ноцтой осол олон нийтийг цочирдуулаад буй. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны адаг замд Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний “Дайчин сүх” ХХК-ний Hyundai Bus маркийн 0522 СҮА дугаарын автобус замын хажуу руу онхолдсон зам тээврийн ноцтой хэрэг гарсан. Ослын улмаас 6 хүн нас барж 44 хүн хүнд, хөнгөн гэмтсэн.

Жолооч та өөрийнхөө болон бусдын амь насыг гартаа атгаж яваа гэдгийг сайтар ухамсарлаж замын хөдөлгөөнд хурдаа тохируулан, техникийн бүрэн байдлыг байнга шалгаж байхыг анхааруулж байна.

 

Х.Даваа