ТОЙМ МЭДЭЭ
2023/12/02
Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.
Нийгэм: Манай улсын иргэд хүнд итгэдэг гэнэн гээд хэлчихэд үнэнээс хол зөрөхгүй. Тиймдээ ч маш олон төрлийн залилангийн гэмт хэрэгт өртдөг. Хамгийн сүүлийн харамсалтай жишээ гэхэд, Романс залиланд өртөж, амиа хорлосон хэрэг гарлаа. Сүүлийн жилүүдэд романс залилан манайд газар аваад байгаа юм.
Гаднын улс орнуудаас монгол эмэгтэйчүүдтэй цахимаар харилцаа тогтоож итгэлийг нь олж аваад залилдаг гэмт хэрэг дэлгэрээд байгаа юм. Наад захын жишээ л гэхэд "0" гэх эмэгтэй АНУ руу 18 удаагийн үйлдлээр 77 мянган ам.доллар шилжүүлсэн тухай гомдол ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд бүртгэгдсэн. Яг ийм төрлийн залиланд өртсөн эмэгтэйчүүдээр Мөрдөн байцаах албаны хүлээлгийн танхим бараг дүүрчхээд байна. Романс залиланд өртсөн эмэгтэй амиа хорложээ
Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл хийхээр энэ онд 384 автобус шинээр худалдан авна хэмээн Нийслэлийн засаг дарга асан Д.Сумъяабазар мэдэгдэж байсан билээ. Үүнийхээ дагуу энэ оны нэгдүгээр сараас эхлэн ээлж дараалан шинэ автобусууд оруулж ирсэн. Хамгийн сүүлд “Ногоон автобус”-ын дуулиан гарч, иргэдийн бухимдлыг төрүүлээд амжив. Нийтийн тээврийн шинэчлэл нэрээр хийсэн "цавчаа" & 600 автобусыг 183 тэрбум төгрөгөөр авна
Бид ирээдүй болсон хүүхдүүддээ анхаарал тавих хяналтаа сайжруулж, хэнтэй, хаана юу хийж явааг нь мэдэж байхгүй бол хар тамхичин болчих аюул танай үүдэнд байгааг анхааруулъя. Сүүлийн зургаан жилд 1533 яллагдагч хар тамхи, мансууруулах бодисны хэрэгт холбогджээ.Тэдний 90 хувь нь 13-35 насныхан, хамгийн бага нь ЕБС-ийн долоодугаар ангид сурдаг 13 настай охин байгаа юм.
Цагдаагийн байгууллагаас эцэг эх, асран хамгаалагч нар өөрсдөө хар тамхи, мансууруулах бодисны талаар ямар нэгэн мэдэгдэхүүнгүй байгаа нь залуус энэ төрлийн хэрэг, хэрэглээнд хөл алдах нэг хүчин зүйл хэмээн үздэг байна. Тиймээс эцэг эх асран хамгаалагч нар хүүхдээ сайн ажиглаж, ойр дотно илэн далангүй ярилцаж, хэнтэй нөхөрлөж, чөлөөт цагаа хаана хэрхэн өнгөрүүлж байгаад үргэлж анхаарал тавьж ажиллахыг холбогдох газруудаас зөвлөлөө.
Монгол улс энэ өвлийг өнтэй давахын тулд эрчим хүчээ хэмнэх шаардлагатай нүүр тулаад байна. Яагаад гэвэл бид үйлдвэрлэгч орон биш. учраас ачаалал нэмэгдэхээр гэмтэл гарахад нөөц байхгүйн улмаас тогны хязгаарлалт улс даяараа өртөж ч мэдэх өндөр эрсдэл дунд амьдарч буйг иргэд ойлгох цаг иржээ. Байр суурь: Яагаад цахилгаанаа 17:00-22:00 цагт хэмнэх шаардлагатай вэ?!
Улс төр: Өнгөрч буй долоо хоногт улс төрд нэлээдгүй сэлгээг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганаар Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар Д.Сүнжидийг томилсон билээ. Өчигдөр тэрбээр үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Мөн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэн, эрх зүйч, доктор Дамдины Энхбатыг томилж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон, доктор Лувсандоржийн Өлзийсайханыг уг үүрэгт ажлаас чөлөөллөө.
Хуульзүйн сайд ажлаа аваад удаагүй байгаа билээ. Тэгвэл тэр манай улсад бүртгэлгүй 850 журам байна хэмээв. Тэрбээр "Баталсан хэрнээ Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлээгүй буюу 850 журам байгаа нь тогтоогдлоо. Нийт 2500 журмаас тусдаа 800 журам байна гэсэн үг. Ерөнхий сайд сая улс төрийн шийдвэр гаргасан. Нэгдүгээрт Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгэлгүй 850 журмыг шууд хүчингүйд тооцно. Хоёрдугаарт захиргааны хэм хэмжээний актын бүртгэлтэй, гүйцэтгэх эрх мэдлээс баталсан журмыг хоёр дахин багасгаж, 1200 гаруй журам хүчингүй болж байна.
Арван жилийн өмнө Монгол Улсад 400 хууль, 1000 журмаар нийгмийн харилцааг зохицуулдаг байсан. Одоо 2000 журам бүртгэлтэй байна. Хувийн хэвшлийнхэн бизнес хийхэд чөдөр тушаа болж байгаа зүйл бол журмууд гэдгийг хөндөж ирсэн. Үүнтэй холбоотойгоор Хууль зүй дотоод хэргийн яам тэдгээр журамд дүн шинжилгээ хийж үзсэн.
Монгол Улсад хэчнээн хууль үйлчилж байгаа вэ гэх асуултын хариултыг ч гаргалаа. Бид 600 гаруй хуультай гэж бодож явсан. Legalinfo дээр байгаа хүчингүй болгосон, цуцалсан бүх хуулийг хасахад өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээр хуулийн 300-д нь журам батлах эрх олгосон заалт байна. Тодруулбал 300 гаруй хуульд 2500 нь журам батлахаар хуульчлагдсан байна.
Мөн өнөөдрийн байдлаар улсын нэгдсэн бүртгэлд 2395 журам бүртгэлтэй байна. 2018 онд манай улс 906 журамтай байсан бол сүүлийн хэдэн жилийн дотор 2500 болтлоо эрс нэмэгджээ. Хамгийн гол нөлөөлөгч хүчин зүйл нь Хог хаягдлын тухай хууль, Малын тоо толгой, албан татварын тухай хууль, Эрчим хүчний тухай хуулиудаар 800 гаруй журмыг Иргэдийн төлөөлөгчдийн хурал батлахаар хуульчилсантай холбоотой байна.
Эдгээр журмыг яам, агентлагаар нь авч үзэхэд 2,300 журмын 33 хувийг нь сайд нар баталсан байгаа. Тухайлбал, Засгийн газраас 600 гаруй журам баталсан. Хамгийн олон журам баталсан яамдуудыг нэрлэвэл Байгаль орчин аялал жуулчлалын яам 89, Барилга хот байгуулалтын яам 146, Сангийн яам 88, Хууль зүй дотоод хэргийн яам 91 журам балсан байна. Засгийн газрын агентлагууд нийт 173 журам баталсан. Гаалийн ерөнхий газар 35, Татварын ерөнхий газар 47, Мал эмнэлгийн ерөнхий газар 25 журам баталсан. УИХ-ын харьяа байгууллагууд 143 журам баталсан байна. Эндээс хамгийн олныг нь дурдвал Санхүүгийн зохицуулах хороо 66, Монголбанк 36 журам баталсан байна.
Ерөнхий сайдын гаргасан улс төрийн шийдвэрийн хүрээнд Засгийн газар болон яамдуудаас батлах журмын хамгийн дэд хязгаарыг 500 байхаар батлах. Энэ асуудал хэд, хэдэн Үндсэн хуулийн асуудал үүсгэж байна гэж үзсэн. Нэгдүгээрт, хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хэрэгжүүлдэг. Хэрэг дээрээ гүйцэтгэх эрх мэдэл энэ олон журмуудаар дамжуулж хууль тогтоох эрх мэдлийг шилжүүлэн авдаг байдал хавтгайрсан гэж үзсэн.
Гуравдугаарт, энэ журмуудаар дамжуулж, албан тушаалтан сайд дарга нар өөртөө эрх мэдэл хураах, авлигажих үндсэн шалтгаан болж байна гэж үзсэн. Энэ журмуудаар дамжуулж иргэдэд хүнд суртал үүсгэж байна гэж үзсэн. Тийм учраас 2024 оны нэгдугээр улиралд багтааж сая хүчингүй болсон харилцааг хуульд тусгах шаардлагатай учраас ажлын хэсэг байгуулагдлаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга ахлаад, Хууль зүй дотоод хэргийн сайд, дэд сайд нар ажиллана. Гол харилцаануудыг хуульд өөрт нь бичдэг дадал соёлыг бий болгоно" гэлээ.
Ардчилсан нам ямартай ч удирдах эмэгтэйчүүдээ хэрүүл, маргаангүй сонгоод авлаа. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны зөвлөлдөх зөвлөлийн хурал болж шинэ удирдлагуудаа сонгожээ. Зөвлөлдөх зөвлөлийн хурлаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүн дэд болон дэд ерөнхийлөгчид тодорлоо.
Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Д.Оюунцэцэг, дэд ерөнхийлөгчөөр Б.Пунсалмаа, Д.Энхтуяа, Х.Номингэрэл, Э.Цэцэгсайхан, Д.Үүрийнтуяа, Н.Одонгуа, Р.Булгамаа, Э.Ариунтунгалаг, Ц.Алтанцэцэг нар сонгогдсон байна.
Эдийн засаг: Ашигт Малтмал, Газрын Тосны Газар (АМГТГ)-аас газрын тосны бүтээгдэхүүний сүүлийн долоо хоногийн импорт, үлдэгдэл, нөөцийн мэдээг арваннэгдүгээр сарын 28-нд танилцууллаа.
Тус мэдээлэлд дурдсанаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 71,545 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа аж. Үүнээс
- А-80 авто бензин 2,187 тонн /13 хоног/
- АИ-92 авто бензин 24,392 тонн /20 хоног/
- АИ-95 авто бензин 5,071 тонн /25 хоног/
- Дизель түлш 36,464 тонн үлдэгдэлтэй буюу 16 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байгааг мэдээлэв.
Бүсийн хувьд:
- Баруун бүс 5,905 тонн
- Хангайн бүс 3,789 тонн
- Төвийн бүс 15,789 тонн
- Зүүн бүс 3,070 тонн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байна.
Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 2,169.0 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
- А-80 авто бензин 20.5 мянган тонн
- АИ-92 авто бензин 616.4 мянган тонн
- АИ-95/98 авто бензин 18.4 мянган тонн
- Дизель түлш 1,187.7 мянган тонн
- ТС-1 /онгоцны түлш/ 54.7 мянган тонн
- Жет А-1 түлш 42.9 мянган тонн
- бусад бүтээгдэхүүн 228.1 мянган тонн
Спорт: Улс тунхагласны ойн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ. Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 99 жилийн ойн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Вайт лайк” ХХК, “Молор трейд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ үзүүрлэв.
Дөрөвт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “АПУ” ХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном, Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таруугийн Таван Улиас” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарлаа. Наймд улсын өсөх идэр начин Э.Даш, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Ш.Отгонтөгс, цэргийн арслан Б.Өлзийсайхан нар үлдэв.
Налайх Бизон багт Т.Санчир нэгдлээ. Монголын шилдэг сагсан бөмбөгчдийн нэг Тунгалагийн Санчир энэ жилийн дээд лигийг "Эрдэнэт Майнерс" багтай эхлүүлсэн ч өчигдөр "Налайх Бизон" багт нэгдэх болсноо мэдэгдлээ. Үндэсний дээд лигийн солилцооны цонх хаагдах сүүлийн өдөр нэгэн сонирхолтой шилжилт болсон нь энэ байв.
Түүний хувьд "Эрдэнэт Майнерс" багт тоглож байсан хэдий ч түүнийг сэлгээнд суулгаж, тоглуулахгүй байсан тул ийнхүү урвалтыг хийсэн байж магадгүй хэмээн дэмжигчид нь үзэж байна. Налайх Бизон улам л хүчирхэгжиж Лигийн шилдэг оноо түүгчдийн нэг Ж.Жамсрандорж, будагтай талбайн шилдэг залуусын төлөөлөл С.Дугарбаяр, А.Сүхбат нарыг нэгтгээд байсан тэд энэ удаад Т.Санчирыг нэгтгэснээр албан ёсоор плей-оффд аюул тарих багаар нэрлэгдэж эхэллээ хэмээж байна.
Соёл урлаг: “Чингис Хаан” одонт, Монгол Улсын соёлын элч морин хуурын чуулга Шанхай хотноо тоглолоо
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын Симфони оркестрийн их танхимд толилууллаа.
Монгол Улсаа өв соёлоороо дамжуулан олон улсад сурталчлан, түгээн дэлгэрүүлж яваа Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгын хамт олондоо халуун баяр хүргэж, гүн талархал илэрхийлье.
Монгол вальстай болж, шинэ жилээ угтах баярт мөчдөө монгол хөгжмийн зохиолчийнхоо зохиосон вальст бүжих сайхан уран бүтээлтэй болсон баярт мэдээг дуулгахад таатай байна.
Их хотын гудамж талбайд сүлд мод сүндэрлэж, шинэ жилийн ая, дуу эгшиглэн баярын уур амьсгал хэдийнээ орсон энэ үед нэгэн шинэхэн уран бүтээлийг МУУГЗ хөгжмийн зохиолч Б.Чинбат өлгийдөн авлаа.
Тэрбээр Монголчууддаа монгол вальс зохиож, үлдээх мөрөөдлөө биелүүлж байгаадаа туйлын баяртайгаа байгаагаа хуваалцлаа.
Б.Чинбат "Бүжгийн хаан бол вальс. Монголын ард түмэндээ монгол вальсыг үлдээхийг хүсэж, зохиосон минь өнөөдөр биеллээ оллоо. Би хамгийн дуртай баяртаа зориулж шив шинэхэн шинэ жилийн "Цасан Вальс" аа хуучин оноо үдэж амжилт бүтээлээ тэмдэглэж буй бүх хүмүүстээ зориулж хайр шингээн бичлээ, олон зуун хүний сэтгэл, хүч хөдөлмөрөөр бүтээлээ" гэлээ. Цасан вальс: МУУГЗ Б.Чинбат Монгол вальс зохиож, үлдээх мөрөөдлөө биелүүлжээ
Зочин · 2023/12/02
DYYDLGN XANAGCH SEXSY80955877
Зочин · 2023/12/02
YYDLGN SEXSYG MERGJLN ODOOGCHR80955877
Зочин · 2023/12/02
SEXSDI80955877