Таван жил “зуурсан” түлш үр дүнгүй нь тогтоогдож, Хятадаас авчрах хагас кокс утаанаас аврах уу?!
2023/12/04
Ойрын өдрүүдэд утаа гойд ихэслээ. “Онгорхой” болгоныг хорсгосон утааны хор уршгийн талаар ярилтгүй. Ер нь бол Улаанбаатарынхан гал нь асаж ядаж байгаа пийшин дотор сууж байгаатай л адилхан амьдраад байгаа юм. Амьдаараа лаборатори болчихсон. Тиймээс “...Аюултай” гэдэг дүгнэлтийг 1.6 сая хүн зэрэг хэлнэ.
Уг нь, таван жилийн өмнө, 2018 онд Засгийн газрын 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан түлш түлүүлж эхэлсэн. Өдгөө тэр түлшийг тав дахь өвөлдөө түлж байна. Тухайн үед, эхлээд түлж байхад Улаанбаатарын утаа яалт ч үгүй шингэрсэн. Дараалсан сонгуулийн ялалтын шалтгаан нь тэр болсон. “...Утааг яллаа” гэдэг тэр үеийн улс төрийн сонгуулийн лоозонг бодохоор ч уур хүрмээр...
Тэгвэл саяхан нэг хачин мэдээ сонслоо. Хоёр долоо хоногийн өмнө “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдааны үеэр мэдээлэл хийсэн юм. Тэгэхдээ “...Үйлдвэрийн технологи маань стандартын дагуу явж байна. Шахмал түлшинл мидлинг, барьцалдуулагч, шуудай ордог” гэсэн юм. Цаашлаад “...Шахмал түлшний орц, найрлагын 95 хувь нь угааж баяжуулсан нүүрс буюу мидлинг байдаг. Үлдэх таван хувийг нь барьцалдуулагч бүтээгдэхүүн эзэлдэг” гэсэн тайлбарыг “Тавантолгой түлш” ХХК-иас хийсэн. Эндээс харвал тус компанид нэг их технологисоод байх юм алга.
Мидлингийг барьцалдуулагчтай зуураад л шуудайлаад зардаг байна. Гол нь тэр мидлингийг баяжуулахдаа хүний биед хортой элементүүдээ ялгаж чаддаг уу. Үүнийг “Тавантолгой түлш”-ээс бус мидлинг өгч байгаа “Энержи Ресурс”-ээс асуувал зохино. Өөрөөр хэлбэл, ерөөсөө энэ “...Сайжруулсан шахмал түлш” гэдэг нь оноогүй, зохиогүй бөгөөд PR-ын нэрнээс өөр зүйлгүй юм байна. Тэгээд ч Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “...Бонд босгож байгаад 31.5 тэрбумаар нь Хятадаас хагас кокс авчирна” гэж халуун зунаар ярьж эхэлсэн нь үүний том нотолгоо юм. Товчхондоо “...“Тавантолгой түлш”-ийн таван жил “зуурсан” түлш үр дүнгүй болсон” гэсэн үг л дээ. Тэгвэл Б.Чойжилсүрэнгийн нөгөөх бондын 31.5 тэрбумаар Хятадаас хагас кокс авчрах эсэх нь тодорхойгүй байна. “...Хятадаас 32 орчим тэрбумаар хагас кокс авна” гэж Засгийн газрын хуралдаанаар зарласан. Бас ЗГХЭГ-аас УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн асуулгын хариунд “...Авна аа” л гэсэн байна. Тодруулбал, түүнд “...Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар 132 000 тн хагас кокс импортлон, 2023-2024 оны халаалтын улиралд гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэхээр төлөвлөсөн. Гэвч нээлтэй сонгон шалгаруулалт удааширснаар хагас кокс татан авах, “Тавантолгой түлш” ХХК-д түлш үйлдвэрлэх нь цаг хугацааны хувьд боломжгүй болсон. Иймд 31.5 тэрбум төгрөгөөр 24 500 тонн хагас кокс болон асаагч худалдан авч Улаанбаатар хотын Хан-Уул, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26 825 айл өрхөд нийлүүлэхээр төлөвлөсөн” гэжээ.
Харин түүнээс хойш Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “...Хагас кокс авчирч туршина” гэсэн. Яг тэр үеэр нь Улаанбаатарын шинэ захирагч Х.Нямбаатар “...Энэ жил авахгүй” гэв. Хэн нь үнэн, хэн нь худлаа хэлээд байгааг бүү мэд. Гэхдээ Б.Чойжилсүрэн хэлсэндээ хүрч, хагас коксоо ачаад авчрах бололтой. Хамгийн гол нь ингэснээр “Тавантолгой түлш”-ийн таван жил “зуурсан” түлш үр дүнгүй нь тогтоогдож, Хятадаас авчрах хагас кокс аврал болох эсэх дээрээ тулж байгаа юм.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 241 (7226)
Зочин · 2023/12/04
Түлш зуух халаагуур бүтээлгэнд мөнгө зарахгүй шүү хулгайч дарга нараа
Зочин · 2023/12/04
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh