Олон нийтийн дунд “Электрон жаал” нэрээрээ алдаршсан Э.Энхпүрэвтэй ярилцлаа. Тэрбээр 24 настайдаа боловсролын ухааны докторын зэрэг хамгаалж байсан бөгөөд сүүлийн 20 орчим жил боловсролын чиглэлээр ажиллаж, одоогоор математикийн хичээлийг цахимаар бие даан суралцах Suraad.mn онлайн платформыг санаачлан, хэрэгжүүлж байгаа юм.

Мөн Э.Энхпүрэв боловсролын системийг сайжруулах зорилготой нэгдсэн залуустай хамтран Боловсролын зөвлөл байгуулж, “Боловсролын реформ” хөдөлгөөнийг өрнүүлж буй. Тэрбээр саяхан онлайн платформоороо дамжуулан ерөнхий боловсролын сурагчдын математикийн хичээлийн хоцрогдлын түвшнийг судалсан бөгөөд бидний яриа энэ сэдвээр дэлгэрэнгүй өрнөлөө. 

- Математикийн хичээл дээр 15 мянган сурагчийг хамруулсан шалгалт авсан юм байна. Энэ шалгалтын үр дүнд сурагчдын талаас дээш хувь нь гүнзгий хоцрогдолтой буюу F үнэлгээтэй гарчээ. Үүнээс ямар дүгнэлт хийж байгаа вэ?

- Бид шалгалтыг 14 хоногийн хугацаанд онлайн тестээр авсан. Тестэд 21 аймаг, 9 дүүргийн төр, хувийн хэвшлийн сургуулийн сурагчид сайн дураар хамрагдсан бөгөөд манай улсын нийт сурагчдын математикийн боловсролыг үнэлэх хэмжээний дата цуглуулж чадсан гэж үзэж байгаа. Үр дүнг ерөнхийдөө таамаглаж байсан боловч хоцрогдлын түвшин хамаагүй өндөр буюу нөхцөл байдал төсөөлснөөс тааруу байна гэдгийг мэдээд сэтгэл эмзэглэсэн. Тестийг 100 хувь гүйцэтгэсэн, ямар ч хоцрогдолгүй сурагчдын тоо нийт сурагчдын 4 хувь байгаа нь Монгол Улсын боловсрол гамшгийн хэмжээнд хүрчихсэн байгааг харууллаа.

зураг

 

- Шалгалт авсан тестээ хэрхэн боловсруулсан бэ. Магадгүй хэтэрхий хүнд бодлогууд ирээд хүүхдүүдийн дийлэнх нь шалгалтдаа унасан байж болох уу?

- Бид Suraad.mn платформыг 2017 оноос хойш хөгжүүлсэн. Тест маань тухайн ангийн сурагчдын эзэмших ёстой агуулгын хүрээнд хийгдсэн буюу 40 минутын хугацаанд хангалттай гүйцэтгэх боломжтой даалгавруудаар шалгалтаа авсан гэсэн үг. Энэхүү тест нь өмнө нь манай системийг ашиглаж байсан олон мянган сурагч дээр ашиглагдаж байсан учраас түвшин тогтооход нийцтэй байсан гэж үзэж байна. Харин ч зарим талаар түвшнээс нь хөнгөн байсан байж магадгүй. Учир нь зарим сурагчаас “амархан байлаа” зэрэг сэтгэгдэл ирж байсан. Тиймээс шалгалтын тест нь ерөнхий боловсролын тухайн ангийн сурагчдын үзэх ёстой агуулгын хүрээнд хийгдсэн гэж үзэж болно.

“Манай боловсролын системийн олон асуудал цогцоороо хоцрогдлыг бий болгож байна”

- 15 мянган сурагч шалгалтад сайн дураар оролцсон уу?

- Тийм ээ. Бид шалгалтаа цахим сүлжээнд нээлттэй байрлуулж, хүссэн сурагч хамрагдах боломжтой байдлаар явуулсан.

- Мөн судалгааны нэг онцлох үр дүн нь бага ангийн сурагчдын хоцрогдол дунд, ахлах ангитайгаа харьцуулахад гайгүй байна. Анги ахих тусам хоцрогдол нэмэгдээд байх шиг?

- Хүүхдүүд бага ангидаа математикийн хичээлээ харьцангуй сайн ойлгож байгаад дунд ангидаа орж ирмэгц үсэг, тоо холилдоод ойлгохоо болиод эхэлдэг нь түгээмэл ажиглагддаг. Математик, байгалийн ухааны хичээлүүдийн нэг сэдэв, нэг үйлдлээ ойлгоогүй бол дараагийн хичээлүүдээ ойлгохгүй байх үндэс болдог. Тухайн агуулгыг бүрэн дүүрэн эзэмшиж байж дараагийн агуулгыг эзэмших боломж нь бүрддэг гэсэн үг. Тиймээс хичээлийн нэг агуулгаа ойлгохгүй үлдчихвэл анги ахих тусам хоцрогдол гүнзгийрэх эрсдэлтэй. Судалгааны үр дүн үүнийг баталсан гэж бодож байна.

- Хүүхдийн боловсролд сургуулиас гадна гэр бүл чухал нөлөөтэй. Танай судалгааг харахаар эцэг эхчүүд нэмэлтээр давтлага авахад багагүй мөнгө зарцуулж байна. Тэгэхээр эцэг эхчүүдийн зүгээс багагүй хичээл зүтгэл гаргаж байгаа юм шиг санагдлаа. Гэтэл яагаад хоцрогдол ийм өндөр байна?

- Энэхүү хоцрогдлын үндсэн шалтгаануудын заримаас жишээ  татъя.

Нэгдүгээрт, таны асуултын хүрээнд эцэг эхчүүд хангалттай хэмжээнд төлбөр төлж, сургуулиас гадуур давтлагад явуулж байна. Ингээд ч хангалтгүй байна гэдэг нь анхнаасаа тухайн хүүхэд юуг ойлгоогүйг тодорхойлж чадаагүй, тэр асуудлыг бүрэн шийдвэрлээгүй учраас хоцрогдол нь арилахгүй байгааг харуулж буй. Манай улсын сургалтын хөтөлбөр нэг хичээлийг 40 минутад заагаад, гэрийн даалгавар өгсөн болоод дуусдаг бөгөөд дахин сайн давтдаггүй. Хүүхдүүд гэрийн даалгавраа хийхэд мэдэхгүй, чадахгүй асуудал үүсдэг учраас өдөр өнжүүлэх зэрэг нэмэлт давтлагад явдаг. Давтлага, нэмэлт сургалтын чанар ялгаатай байгаа тул энэ асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа тал бий.

Хоёрдугаарт, дүнгийн систем байна. Сурагч хичээл дээрээ 90 хувьтай А гэдэг үнэлгээ аваад баярлаж байгаа. Эцэг эх нь ч тайвширна. Гэтэл цаана нь ойлгоогүй 10 хувь үлдэж байна. Тэгээд дараагийн хичээлийн сэдэв рүү ормогц ойлгоогүй үлдсэн хувь нь дараагийн хичээлийн суурь болдог тул хоцрогдож эхэлж байгаа.

Гуравдугаарт, хичээлийн тоо олон байна. 9-р ангийн хүүхэд дунджаар 19 төрлийн хичээл үзэж байгаа. Энэ хэмжээгээр гэрийн даалгавар авч, ийм олон багшаар дүн гаргуулна гэсэн үг.

Дөрөвдүгээрт, нэг ангид 40-60 хүртэлх хүүхэд 3 ээлжээр хичээллэж байна. Багшид ирж буй ачаалал маш өндөр байгаа учраас сурагчидтай нэг бүрчлэн тулж ажиллах боломж хомс гэх мэтчилэн маш олон асуудал манай боловсролын системд байгаа нь хоцрогдлыг бий болгож байна гэж харж байгаа.

зураг

 

зураг

 

“Боловсролын хоцрогдол хөгжлийн хоцрогдолд хүргэнэ”

- Сурагчид нийтээрээ ийм хоцрогдолтой яваад байх нь ямар эрсдэлийг дагуулж байна вэ?

- Энэ чигээрээ явсаар байвал Монгол Улс боловсролын хувьд уруудах “чөтгөрийн тойрог”-т орох эрсдэлтэй. Жишээ нь математик, байгалийн ухааны хичээлүүд нь шинжлэх ухааны суурь. Улс орныг хөдөлгөгч хүч болох инженер технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд амин чухал учраас энэ хичээлүүд дээр хоцрогдолтой байх нь боловсон хүчний дутагдлыг бий болгож, ирээдүйд маш их сөрөг нөлөө үзүүлнэ. Мөн багш нарын чанар муудах эрсдэлтэй. Хоцрогдолтой хүүхдүүд явсаар багш болмогц ирээдүйд сурагчдад сөргөөр нөлөөлнө. Багш нь муу байвал сурагч нь муу байна гэх зэргээр миний яриад буй “чөтгөрийн тойрог” бий болж байгаа.

Монгол Улсад сая гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурч байна. Энэ хүүхдүүд хичээлээсээ хоцрогдсоноор ирээдүйд ямар их боломж алдах вэ. Маш сайн инженер, шинжлэх ухаанч болж улс орныхоо хөгжлийг урагшлуулах ёстой байтал багаасаа хичээл хоцрогдсоноос болж энэ боломжоо алдвал харамсалтай. Ийнхүү хүний нөөцийн үнэт капиталуудаа алдсанаар манай улс хөгжлийн хоцрогдолд орох аюултай гэж бид үзэж байгаа.

- Та Боловсролын зөвлөл, Боловсролын реформ хөдөлгөөн гээд энэ асуудлуудыг шийдэх чиглэлд санаачилга гарган ажиллаж байгаа юм байна. Ерөнхий боловсролын чанарыг сайжруулахад хэрэгжүүлэх шаардлагатай бодлогын арга хэмжээний санал юу вэ?

- Хүний хөгжил боловсрол, эрүүл мэндийн салбарт суурилдаг. Боловсролын салбар дампуурч байгаа, сурагчид ийм хоцрогдолтой байгаа энэ асуудлыг бид үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой гэж үзэж байна. Тиймээс Монгол Улс энэ асуудалтайгаа нүүр тулж, асуудлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүний дараа асуудлаа оношлох хэрэгтэй. Дараа нь засаж залруулах нь чухал. Бидэнд засаж, залруулахад чиглэсэн маш олон санал бий. Жишээ нь Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед мэдээллийн технологи ашиглах нь энэ асуудлуудыг шийдвэрлэх нэг гарц нь гэж үзэж байна. Мэдээж сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах, дүн, үнэлгээний системийг өөрчлөх, багшийн хөгжил, ажлын байрны асуудлууд гээд олон зүйлс байгаа. Бид үүнийг чиглэсэн, бодит кейсүүдийг үндэслэсэн саналуудыг боловсруулчихсан байгаа.

“Арга зүй өөрчлөгдөхгүй бол хэчнээн гоё ухаалаг самбар, таблет байгаад нэмэргүй”

- Та өнгөрсөн 20 жилийн турш боловсролд чиглэсэн ажлууд хийжээ. Улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд яагаад төдийлөн амжилтад хүрэхгүй байна вэ. Бид яагаад энд хүрэв?

Судалгаагаар сурагчдын хоцрогдлын түвшин улам нэмэгдэж, нөхцөл байдал дордоод байгаа нь харагдаж буй. Өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, бодлогууд байгаа олохгүй байна. Сургалтын хөтөлбөр шинэчилж, цаасан дээр маш гоё хөтөлбөрүүд боловсруулсан байдаг. Гэтэл энэ нь хэрэгжилтийн шатандаа гацчихдаг. Хоёрдугаарт 21-р зуунд өмнөх зууны аргаараа үзээд байна. Жишээ нь багш 40 хүүхдэд нэг арга зүйгээр хичээл заахаар 4-5 нь л ойлгодог. Гэтэл хүүхэд бүрийн чадвар өөр учраас тус бүрийн суралцах арга барил буюу олон улсад “personalized learning” гэгддэг сурагч суурьтай, хүүхэд бүр өөрийн түвшиндээ бие даан суралцах үйлийг дэмжих ёстой. Тэгж байж сурагчид өөр өөрсдийнхөө хурд, чадвараар, хамгийн гол нь ахицтай суралцах боломж бүрдэнэ. Энэ сургалтын арга зүй, технологийг өнөөдөр манай боловсролын систем ашиглахгүй байна. Нөгөө л хуучин арга барилаараа, цахим болгож байна гээд хэдэн видео хийгээд тавина. Тэр видеог нөгөө 40 хүүхэд үзлээ гээд багш самбар дээр хичээл заахаас юугаараа ялгаатай вэ. Багшид ухаалаг дэлгэц өгсөн ч зааж байгаа арга барил нь хуучнаараа. Тэгэхээр шинэ технологийг ашиглахдаа шинэ заах арга зүй ашиглаж байж үр дүнд хүрнэ. Үгүй бол хэчнээн ухаалаг самбар, гоё таблет байгаад нэмэргүй.

- Та бүхэн өөр хичээлүүдээр шалгалт авахаар төлөвлөж байна уу. Цаашдын арга хэмжээ юу вэ?

- Бид удахгүй монгол хэлний хичээлээр шалгалт авахаар төлөвлөж байна.

Цаашдын арга хэмжээний хувьд бодит нөхцөл байдлаа судлан дүгнээд цогцоор нь шинэчлэх, салбарын реформ хийх санал боловсруулж, ажиллаж байгаа. Эхний ээлжид төрийн өмчийн сургуулийн сургалтын жишиг загварыг бий болгож, сургалтын хөтөлбөр үүний дотор үнэлгээ, заах арга зүй зэрэгт анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Ойрын хугацаанд хөдөө орон нутгаар явж, 21-р зууны шинэ сургалтын технологийг туршиж  байгаа сургуулиуд дээрээ ажиллаж байгаа.

- Ярилцсанд баярлалаа. Та бүхний Боловролын реформ хөдөлгөөнд амжилт хүсье.

Баярлалаа.

зураг

 

зураг

 

зураг

 

зураг