Ундны усны бохирдолд хяналт шалгалт хийсэн үр дүнгийн талаар Усны газраас сэрэмжлүүлэг, мэдээлэл өглөө. Тодруулбал, Зайсанд байрлах таван хотхоны ундны уснаас гэдэсний савханцар илэрсэн. Үүнээс харахад Зайсангийн ундны ус тэр чигээрээ бохирдсон байх эрсдэлтэй байгааг лабораторийн шинжилгээгээр тогтоосныг хэллээ. 

Энэ талаар, Усны газрын даргаар З.Батбаяр "Та бүхний сэтгэлд таагүй мэдээлэл өгдөг болчхоод байгаад хүлцэл өчье. Зайсан гэдэг нэртэй Богд уулын жижигхэн ам байдгийг мэдэж байгаа. Тэр хавийн ундны усанд хийсэн удаа дараагийн шинжилгээгээр таван хотхоны уснаас нь гэдэсний савханцар илэрлээ.

Усны газрын лабораториос гадна нийслэлийн бусад лабораториуд ажиллаж байгаа. Тэдгээр лабораторид ямар шинжилгээний дүн гарсан мэдээлэл одоогоор нэгтгэгдээгүй байгаа. Гэдэсний савханцар илэрсэн таван хотхоны байрлал, хотхоны нэрийг хэлэх боломжгүй. Хотхонууд нь хоорондоо зайтай, энд тэнд байрлаж байгаа. Ийм учраас Зайсангийн амд тэр чигээрээ гэдэсний савханцар илэрсэн байх аюултай, эрсдэлд оржээ.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой Байдлын Газарт "халдварын асуудалд анхаарах хэрэгтэй" гэсэн албан хүсэлт хүргүүлсэн. Мөн Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд хандаж, судалгаа хийх хүсэлтээ явууллаа. 

Зайсангийн ам дотор хоёр сургууль үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн хэд хэдэн жижиг сургуулиуд бий. Эдгээр сургуульд ойролцоогоор 3,000-4,000 гаруй хүүхэд суралцаж байгаа. Тэр хавьд сурч буй хүүхдүүд маань эрсдэлд орсон байгаа юм биш биз" гэлээ. 

-Гэдэсний савханцар гэдэг нь хүний ялгадаснаас буюу жорлонгоос бохирдож байгаа бохирдол ажээ-

-Бодит нөхцөлд юу болж байгааг энгийн жишээгээр хэлье. Над руу утсаар холбогдсон Зайсангийн оршин суугчийн үгийг хэлье. Нэлээд ууртайгаар “Өглөө босоод усанд орсон хүний биеэс юу үнэртдэг юм бэ?” гэж асуусан. Тэр хүний уурласан асуудал бол ундны ус нь өөрөө өмхий үнэртэй болчихсонтой  шууд холбоотой.

Гэдэсний савханцар гэдэг нь хүний ялгадаснаас буюу жорлонгоос бохирдож байгаа бохирдол байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлдог зүйл. Яагаад бие зассаныхаа дараа, жорлонд орсны дараа гараа угаадаг, гэртээ орохдоо үүдэнд гутлаа тайлдаг вэ гэвэл гэдэсний савханцрыг гэртээ оруулахгүйн тулд сэргийлдэг.

Гэтэл Зайсанд амьдарч байгаа хүмүүсийн уудаг, усанд ордог уснаас нь энэ төрлийн бодис илэрч байна. Гэхдээ дан ганц савханцраар тогтохгүй олон төрлийн ундны усны стандарт шаардлагаас давсан үзүүлэлтүүд гарч байгаа учраас анхаарах хэрэгтэй гэдгийг тэрбээр хэллээ.

-900 айлын орон сууцны бохирдол нэг том агуулах доторх хуримтлагдаж байгаа гэв-

Ундны усны хамгаалалт хамгийн их алдагдсан газар бол Зайсан. Тэр жижигхэн амд 16,000-20,000 хүнийг нэг дор аваачиж, нэг га газарт 900 айлын орон сууц барьсны гай одоо гарч байна.

Хэдийгээр гэр хороололд олон жорлон байдаг мэт боловч жорлон нь нэг л айлын хэрэгцээнд байдаг. Гэтэл Зайсанд 900 айлын орон сууцны бохирдол нэг том агуулах доторх хуримтлагдаж байгаа. Тэр бохирын сав нь хаа нэг газартаа асуудал үүсэж, алдагдсан байх эрсдэлтэй. Үүнтэй холбогдуулан сүүлийн хэдэн хоног Зайсанд өрнөж буй бас нэг асуудлыг талаар хэлье.

Шүүлтүүр зардаг компаниуд аюултай байж болзошгүй үзэгдлийг зөвхөн өөрийн бизнесийн ашиг сонирхолд нийцүүлж байна. Шүүлтүүр нь усны бохирдлын эрсдэлийг тодорхой хугацаанд багасгаж буй хэлбэр болохоос биш аюулыг алга болгох хэлбэр биш. Усны бохирдлын эх үүсвэрийг олж, асуудлыг арилгахын төлөө хариуцсан байгууллагууд нь хамтарч ажиллах хэрэгтэй байна гэдгийг сэрэмжлүүлье гэсэн юм.