Хуульч Р.Очирбал: Олон улсын пактад баривчлах, цагдан хорихыг дотоодын хуулиар зөвшөөрч болох ч энэ нь дур зоргоор байж болохгүй гэдэг
2023/12/08
Монголын Эмнести Интернэшнлийн Удирдах зөвлөлийн дарга хуульч Р.Очирбалтай ярилцлаа.
-Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад манай улс хэзээ нэгдэн орсон бэ. Энэ пактын үзэл баримтлалын талаар дэлгэрүүлж ярьж өгнө үү?
-Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактыг Монгол Улс 1974 оны арваннэгдүгээр сарын 18-нд соёрхон баталсан. Тус пактыг соёрхон баталж, нэгдэн орсон улс орнууд нь амьд явах, эрүүдэн шүүхээс ангид байх, үзэл бодолтой байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хуулийн өмнө эрх тэгш байх, халдашгүй байх зэрэг хүний үндсэн эрхийг хамгаалж, дэмжих үүрэг хүлээдэг. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь чөлөөтэй бодож сэтгэх, эвлэлдэн нэгдэх, тайван хуран цуглах зэрэг эрх чөлөөтэй шууд хамааралтай хэрэгждэг. Энэ утгаараа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг үндэслэлгүйгээр, хэт хязгаарлах нь ардчилсан нийгмийн суурь болсон иргэдийн оролцооны эрхийг үгүйсгэхэд хүргэдэг.
Үүнд хэвлэл мэдээллийн эрх чөлөө онцгой байр суурь эзэлдэг. Сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэн нийтлэх, мэдээлэл түгээх эрхийг хууль бусаар, үндэслэлгүйгээр хязгаарлах нь зөвхөн хэвлэл мэдээллийн эрх чөлөөг зөрчөөд зогсохгүй, тухайн мэдээллийг олж авах талаарх олон нийтийн мэдээллийн эрх чөлөөг хязгаарладаг болохыг бүс нутгийн хүний эрхийн шүүхийн шийдвэрүүдэд тодорхой дурдсан байдаг.
-Сэтгүүлчийг худал мэдээлэл тараахтай холбоотойгоор цагдан хорьсныг та бүхэн анзаарсан байх. Дээрх пактын 9.3-т шүүхээс өмнөх шатанд хүнийг цагдан хорьж болохгүй тухай дурдсан. Энэ заалт нь Монгол Улсын ЭХХШТХ -ийн 14.9-ийн 1.4 дэх заалттай зөрчилдөж байгаа талаар хуульчид хэлж байна. Үүнийг та юу гэж харж байна вэ?
-ИУТЭОУП-ын Ерөнхий тайлбарт баривчлах, цагдан хорихыг дотоодын хуулиар зөвшөөрч болох ч энэ нь дур зоргоор байж болохгүйг дурдсан. Мөн дур зоргоор гэдэг нь зүй зохисгүй, шударга бус, процессын алдаатай байсан эсэх зэрэг өргөн хүрээний ойлголтыг агуулдаг. Зайлшгүй шаардлагатай байсан эсэхийг харгалзан үзэх ёстой. Мөн хуульд заасан үндэслэл журмын дагуу баривчилж хорьж болох ч энэ үндэслэл, журам нь өөрөө эрх чөлөөтэй байх эрхийг дордуулсан байж болохгүйг бас дурдсан.
Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлээр хүн бүрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалж өгсөн. Энэ эрхийг зарим талаар хязгаарлаж болох ч зөвхөн бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх ба үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагын үүднээс хуулиар тогтоосон байх ёстой.
Пактын Ерөнхий тайлбар 34-т дурдсанаар үзэл бодолтой байхыг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх нь Эрүүгийн хуулийн 19 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгтэй зөрчилдөж байгааг дурдсан. Тиймээс худал мэдээлэл тараах хэргийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь пакттай зөрчилдөж байгаа хэрэг. 2002 онд батлагдсан Эрүүгийн хууль болон 2015 шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар заасан. 2002 оны Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлд заасан “гүтгэх гэмт хэрэг”-ийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг батлахдаа хассан хэдий ч 2020 онд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг шинээр хуульчилсан нь эрх зүйн зохицуулалт дэвшилттэйгээр өөрчлөгдөх эрх зүйт ёсны шинжийг алдагдуулж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэлийн эрх чөлөөнд аюул учруулах өндөр эрсдэлтэй болохыг хүний эрхийн байгууллагууд шүүмжилж, анхааруулсаар ирсэн.
Олон улсын хүний эрхийн эрхзүйн дагуу, гэм буруугүйдээ итгэлтэй, эрх чөлөөтэй байх эрх нь гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүн бүр, хөндлөнгийн шүүхийн байгууллагын зүгээс тухайн улс сэжигтэн этгээдийг зугтан зайлах, баримтыг устгах, гэрчүүдэд нөлөөлөх, эсвэл шүүхээс оргон зайлах магадлалтай гэдэг үндэслэлээр цагдан хорих явдлыг нотлохоос бусад тохиолдолд шүүх хурал болох хүртэл суллагдах эрхтэй байдгийг тодорхойлдог.
-Худал мэдээлэл тараах тухай ойлголтыг Эрүүгийн хуулиар бус Иргэний хуулиар зохицуулах боломжтой гэж үздэг байх аа?
-Монголын Эмнести Интернэшнл байгууллагын тухайд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хумьсан, хязгаарласан бодлого, хууль тогтоомж, зүйл заалтыг хүчингүй болгох, хүний эрхийн хууль, хэм хэмжээнд нийцүүлэн сайжруулах, “хуурамч мэдээ”, “ташаа мэдээлэл” гэх зэрэг ойлгомжгүй, хоёрдмол санаа бүхий нэр томъёог хуульд хэрэглэхгүй байхыг санал болгодог. Иймд цаашид “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хасах шаардлагатай.
Б.ЗАЯА
Монгол · 2023/12/08
ОЧИРБАЛ ГУАЙ ТА ТЭР ГАДААДДАА ОЧИЖ АМЬДАР
Зочин · 2023/12/08
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
Зочин · 2023/12/08
SEKSR ZYGAATSI80955877