Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, хүйтний эрч чангарч буй энэ үед шатахуун хомсдоод сар гаруй боллоо. Үүнтэй холбоотойгоор орон нутагт  нөхцөл байдал хүндэрч малчид аймаг, сум дамжин шатахуун хайж, уруудсан малынхаа араас ч явж чадахгүй байгааг бид өмнөх сурвалжилгаараа хүргэсэн. Тэгвэл өнгөрсөн бямба гарагаас нийслэлд шатахуун түгээх станцуудын гадаа урт дараалал үүсэх болов. Ихэнх шатахуун түгээх станцуудад АИ-92 шатахуун тасарсан байх бөгөөд урт дараалалд олон цаг болсон иргэд АИ-95 авч байлаа. Энэ хоёр бензин нь хоорондоо 1520 төгрөгийн зөрүүтэй юм. Тэгвэл өнгөрсөн хугацаанд албаны хүмүүс ямар байр суурьтай байсныг тоймлон хүргэе.

2023.10.09 өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Есдүгээр сарын 20-нд ОХУ-аас шатахуун хязгаарлах тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу дизель түлшийг хамруулахгүйгээр, АИ-92 бензин хамрагдаж байгаа талаар мэдэгдсэн. АИ-92 шатахууны асуудал жигдэрсэн. Өчигдөр л гэхэд ОХУ-аас 92 вагон АИ-92 шатахуун орж ирсэн бол өнөөдөр 62 вагон орж ирсэн байгаа. Томоохон импортлогч болох "Петровис" болон "Шунхлай" компаниудад АИ-92 шатахууны хангалттай нөөц байгаа. Өнөөдрөөс бүх асуудал жигдэрч байгаа. Шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа" гэж байсан.

2023.12.11. Үүнээс хойш хоёр сарын дараа  буюу өчигдөр тэрбээр “Иргэд гурав хоног машины банкаа дүүргэхгүй байвал шатахууны хомсдол жигдэрнэ. Гаалийн мэдээллээр шатахуун орж ирэхгүй байвал сандрах нь зөв, орж ирж байвал сандрах хэрэггүй гэдгийг иргэддээ уриалж байна.БНХАУ-аас ирж байгаа шатахууныг ачих вагон олдохгүй бол шууд машинд ачих зохицуулалт хийсэн. Арванхоёрдугаар сарын нэгэнд ачигдсан дизель түлш БНХАУ-аас 9, 10-нд ирлээ. Роснефтээс 170 мянган тонн дизель түлш захиалахаар 90 мянган тонноор баталгаажуулаад хүссэн хэмжээнд ачиж өгөхгүй байна. Тиймээс үлдсэн хэсгийг Газпром, Нефть хими сервис компаниас арай үнэтэй авч байгаа. ОХУ өвлийн түлшээр дотоодын нөөцөө хангаж дуусаагүй байна. Өвлийн түлш -40 хэмд хөлдөхгүй. Тус улс дотооддоо нөөцөө хангаж дууссаны дараа манайд нийлүүлэлт хангалттай нэмэгдэнэ.АИ92 бензиний нийлүүлэлтийг энэ сарын 17,18-нд тогтворжуулж, шинэ жилээр 100 хувь асуудалгүй болгоно" гэсэн юм.

Салбарын сайд шатахууны асуудал хэвийн боллоо. Үнэ нэмэхгүй гэж олон удаа мэдээлж байгаа ч бодит байдал шатахууны үнэ нэмэгджээ. Энэ тухай Даланжаргалан сумын “Жаргалант ойл” шатахуун түгээх станцын эрхлэгч У.Өнөрбямба “Манайх шатахуун хэвийн олгож байна. Аймгийн хэмжээнд дизель түлш, АИ-92 олгохгүй байгаа. Тиймээс Замын-Үүд болон Сайншанд чиглэлээс тээврийн болон уурхайн машинууд,  зэргэлдээ сумдын малчид ихээр үйлчлүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт 2-3 хоног шатахууны нийлүүлэлт хязгаарласан. Эргэж олгохдоо үнэ нь нэмэгдсэн. Дизель түлш 4050-4280, АИ-92 шатахуун 2600-2700 төгрөг болж нэмэгдсэн” гэсэн юм.

Харин одоогоос 14 хоногийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар “Арван нэгдүгээр сарын 29-өөс арван хоёрдугаар сарын 2-ны өдөр хүртэлх дөрөв хоногийн хугацаанд нийт 350 вагон түлш, шатахууныг оруулж ирснээр хомсдол, хязгаарлалтын асуудал жигдэрнэ. ОХУ-ын зүгээс ямар нэгэн хориг, хязгаарлалт тавиагүй. “Роснефть” компани бүрэн хэмжээгээр ханган нийлүүлэхэд бэлэн байгаа. Түлш, шатахууныг яаралтай ачуулахаар шаардлагатай зохицуулалтыг хийсэн. Ойрын дөрөв хоногийн хугацаанд нийт 350 вагон түлш, шатахууныг оруулж ирснээр хомсдол, хязгаарлалтын асуудал жигдэрнэ гэж үзэж байна” хэмээх тайлбарыг хийсэн.

Харин Ашигт малтмал газрын тосны газар АИ-92 шатахууны 23 хоног, дизель түлшний 19 хоногийн нөөцтэй байгаа гэсэн бөгөөд газрын дарга Л.Баярмандал шатахууны нөөц хэвийн болж байна гэсэн юм.

Үүнээс хойш 14 хоног болоход улсаараа явгарахад хүрч олдсоныг нь авч байна. Харин орон нутагт байдал улам дордож, хязгаарлалттай олгохоо ч больжээ. Энэ тухай Хэнтий аймгийн малчин Б.Дашноров "АИ-92 бензин 30 мянган төгрөгт олгож байсан бол одоо огт өгөхгүй байна” гэсэн юм.

 

АН БҮЛГИЙН ХУРАЛДААНААР Ж.ГАНБААТАР САЙДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ ГЭВ

 

АН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа улсын хэмжээнд дизель түлш, авто бензин олголт зогсож, нөөцгүй болсонтой холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар болон холбогдох албаны хүмүүсийн мэдээллийг сонсжээ. Энэ талаараа АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Эрх баригчдын болохгүй бүхнийг АН-руу чихдэг арга мэх нь дуусаж байх шиг байна. Эсвэл хоёр хөрш рүүгээ нялзаана. Монгол төр эзэнтэй. Тэрнийг зохион байгуулдаг Засгийн газартай, сайдтай улс, орон шүү дээ. Энэ хүмүүс ажлаа хийж чадахгүй, асуудлыг өөрсдөөсөө бултуулахад мэргэшсэн л төртэй болчихлоо. Сүүлийн өдрүүдэд сошиалд хоёр асуудал олны анхаарлыг татлаа. Нэгдүгээрт, бензин авах гээд зам дээр дугаарлаж, түгжирлээ. Хоёрдугаарт, дэлхийн одод нууцаар ирсэн VIP арга хэмжээ болжээ. Энэ арга хэмжээн дээр Ашигт малтмал газрын тосны газрын дарга баярлаж, цэнгээд явж байна. Төр иргэдийнхээ асуудалд ингэж л хандаж байна. Ерөнхий сайд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт нэн яаралтай хариуцлага тооцох ёстой гэлээ.  Үүнээс харахад албаныхан байс гээд худал мэдэгдэл хийдэг жишиг тогтчихов уу. Шатахууны асуудалд хариуцах эзэн байгаа эргэлзэж эхэлж байна.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 247 (7232)