Ер нь сүүлийн үед ийм гөжүүн бодол толгойд эргэлдэх боллоо. Өнөөдрийн хүүхдийн өвлийн амралтын гэнэтийн шийдвэр дээрх бодлыг минь сэдрээж орхив.

Яахаараа хотын утаа, түгжрэл, хүн амын шигүү амьдралаас болж дэгдсэн ханиад томуу зэрэг суурин иргэншлийн олихоогүй олон шалтгаанаас хөдөөгийн хүүхдүүд цахим хичээлд шилжих ёстой гэж. Энэ хөдөөд түгжрэл байдаггүй юм. Эрүүл агаарт хацар хайруулсан өлчир хүүхдүүд өвөлждөг юм аа. Сургууль гэр хоёр нь хол биш. Унаа тэрэг хүлээж та нар шиг тарчилдаггүй. Цэнгэг агаартаа дэгдэж алхаад багш нь ч бяцхан хүүхдүүд нь ч боловсрон сураад болоод ирсэн зуун жилийн түүх байна. 

 

Тамын амьтад тамдаа гэдэг шиг танай хотын зовлон хотод оо байвал яасан юм. Энэ өвлийн утаа тортог, түгжрэл гацаа, унаа машины зовлон тоочсон амралтаа хот хөдөө гэж ангилж бүсчлээд шийдэж орхих хэцүү хэрэг үү? 

 

Өвөлдөө хичээлийн ихэнхээ сургуульдаа суралцаад хавар төл малдаа тус нэмэр болж аав ээждээ дэм болох ажил хөдөөгийн хүүхдүүдэд бас байдаг юм аа. Адаглаад өвөлжин суманд хүүхдээ сахисан ээж нар хүүхдүүдээ дагуулаад аав дээрээ очиж төл малаа тосож авбал айл гэрт хэчнээн тустай.

 

Нийслэл бол улс биш!!! Нийслэлийн зовлонгоор нийт Монгол хүүхдүүдийн боловсрол, амралтыг өөрчилмөөргүй байна. 

 

Хаврын эхээр аав ээждээ туслах, төл малаа тосох түмэн ажилд хүүхдийн нэмэр бол гээд бүтэн сар амраачихъя гэвэл хөдөөд илүү ойр дэм шүү! Дүн өвлөөр гацаж тээглээд байгаа хотынхонд нь амралтыг нь ахиу хоногоор өгөөд. Хавар мал аж ахуйн ажлын цагаар хөдөөгийн сурагчдад зөрүүлээд хэд хоног амраахад яагаад болохгүй гэж. Хаврын сүүлээр улиралд зөрүүг тэнцүүлж жигд хичээллүүлээд анги төгсөх, улсын шалгалтаа өгөх зэрэгт нээх асуудал учрахгүй байх аа. Хотод өвөл бөөгнөрлийн зовлон гэж байдаг бол хөдөөд хавар цагт хүн хүчний хомсдол хаврын мал төллөх цагаар нүүрэлдэг юм аа.

 

 

Хотод өвлийн ээлжийн амралт 1 сар. Хөдөөд 7 хоног. Хөдөө хаврын амралт 1 сар. Хотод 7 хоног гээд шийдчихвэл боловсролын бодлого зөрж хангинах гээд байна уу? Эрхэм сайд аа. Эрх мэдэлтэй дарга нар аа. Энэ талаар эрэгцүүлж нэг бодоорой. Ер нь хотын зовлонгоос шалтгаалсан орон даяар гэсэн энэ мэт хавтгайруулсан цөөнгүй шийдвэр хөдөөнийхөнд түмэн яршиг тарьж байгаагийн ганцхан жишээ энэ.

 

 

Улаанбаатрын хэмжээнд сэтгэж, хотын иргэдийн сошиал шүүмжлэлд тэмээ шиг дөрлүүлчихээд улс удирдана гэвэл бүтэхгүй. Дөрвөн уулын хөндий, Туулын шугуйгаас гадна хөдөө орон нутаг гэж байдаг юм. Дарга нар аа!!! Тэнд Монголчуудын тэн хагас нь амьдардаг. Тэгэхдээ та нар шиг тээглэж түгжирч, хөл дээрээ гишгэлцэж. Өвлийн бэрхшээлээ зун нь мартаж. Мөсөнд хальтирч, усанд урсчих цаг цагийн зовлонд жил бүх цухалдан. Хөндий дүүрэн хэрүүлтэй амьдардаггүй юм. Тийм болохоор суурин иргэдийн зовлонгоор нүүдэлчин Монголчуудаа битгий хазаарлаа!!! Орчин орчинд нь тохируулсан шийдвэр олж гаргаач ээ. Дахин хэлье! Улаанбаатар улс биш! 

 

О.Түвшиндэмбэрэл