Б.Чойжилсүрэн: Шаардлагатай тохиолдолд эрчим хүчний хэрэглээг 1-2 цаг хязгаарлахаар зургаан багц гаргасан
2023/12/20
Нийслэлд оройн цагаар цахилгаан эрчим хүч хэсэгчлэн тасрах болсон.
Энэ асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс сэтгүүлчид тодруулав.
Тэрбээр "Уржигдар оргил ачааллын цагаар төвийн эрчим хүчний системийн хэрэглээ 1,618 МВт болсон. Тэр үед хэрэглэгч дунд тодорхой хэмжээний хязгаарлалт хийсэн. Энэ нь манай хэрэглээ хэт өсөж байгаагаас шалтгаалж байна. Мөн хэт хүйтэн болж байгаагаас системд гэмтэл гарах тохиолдол бий.
ОХУ нийлүүлэх хэмжээгээрээ буюу 345 МВт-аа нийлүүлж байгаа. Тэгээд ч хүрэлцэхгүй байна гэсэн үг. Мөн -30 градусаас дээш хүйтрэх үед салхин цахилгаан станцын нийлүүлэх хэмжээ нь багасаж байгаа. Салхин цахилгаан станц оргил ачааллын үед хэр оролцоотой байхаас шалтгаалаад хязгаарлагдах эсэх нь яригдах тул урьдчилан таамаглах боломжгүй" гэв.
Хэрэв хязгаарлах шаардлага тулгарвал хэрхэн хэрэгжүүлэх талаар тодруулахад "Хэрэглэгч нарыг ангилан зургаан багц гаргасан. Нэг эсвэл хоёр долоо хоногт нэг удаа хязгаарлана. Ингэхдээ тэнцвэртэй хуваарилж, аль болох хүндрэл, хөлдөлт үүсгэхгүй байхад анхаарна. Хязгаарлалт 1-2 цаг, ихдээ гурван цагаас хэтрүүлэхгүй" хэмээлээ.
Гадаах агаар нэг градусаар хүйтрэхэд төвийн эрчим хүчний системд 12 МВт-ын нэмэлт ачаалал үүсдэг байна.
Харин цахилгаан эрчим хүчний үнийг нэмэх эсэх талаар тэрбээр "2022 оны төгсгөлд нэг удаа нэмсэн. 2023 онд нэмэх талаар ярьж байгаа боловч инфляц буурахгүй, иргэдийн орлого тогтворжихгүй байгаа тул эдийн засгийн нөхцөл байдал дээрдэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого өсвөл үнийг нэмэхээс өөр аргагүй.
Энэ бүх хүндрэлийн том шалтгаан нь үнийг чөлөөлж чадаагүйтэй холбоотой. Бид нэг кВт цахилгааныг багадаа есөн центээр нийлүүлж байж тогтвортой байдал хангагдана" гэж хариуллаа.
Зочин · 2023/12/21
44DSH80955877
Зочин · 2023/12/20
S XALYYTSTAL SADARTLA S XALYYNR80955877