Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр тогтоох асуудлаар парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцөн санамж бичиг байгуулж, Монгол ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар 2023 оны арванхоёрдугаар сарын 20-нд гарын үсэг зурлаа.  

 

Санамж бичигт: 

-Үндэснийхээ нийтлэг эрх, ашгийг дээдлэн, парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийг амьдралд бодитоор хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын сонгуулийн тойргийг томсгож бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах;  

-Хөгжлийн нэг төвтэй улсаас олон төвтэй улс болох зорилгоор бүсийн төв хотуудыг бий болгох, нийслэлийн хүн амын төвлөрлийг бууруулах, бусад томоохон газруудын хөгжлийг дэмжих

-Хурдтай өөрчлөгдөж буй олон улсын шинэ нөхцөл байдалд нийцүүлэн Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон эрх зүйт ёсыг бэхжүүлэх

-Улс орны болон бүс нутгийн хөгжлийн бодлогыг уялдуулан нэгтгэж, төсөв хөрөнгө оруулалтын оновчтой бодлогыг бий болгох, улс төрд төлөөлөгчөө илгээх иргэдийн сонголтыг өргөжүүлэх

 

-Популист улс төрөөс татгалзаж хөгжлийн хөтөлбөрөөр өрсөлддөг Үндэсний хэмжээний бодлогын намуудыг төлөвшүүлэх, тойргийн төсвөөс татгалзаж кластер дээр суурилсан бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих

 

-Улс төрийн зөвшилцлийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол Улс төрийн тогтолцооны хувьд нэгдмэл байх зарчмыг алдагдуулахгүйгээр, УИХ-ын сонгуулийг хуулийн дагуу шударгаар зохион байгуулах, сонгуулийн тогтолцооны тогтвортой байдлыг хадгалах, УИХ-ын гишүүн жинхэнэ утгаараа Монголын нийт ард түмний төлөөлөгч болох зарчмыг бодитоор хэрэгжүүлнэ гэжээ.

Санамж бичигт туссан асуудлаар Монголын улс төрийн бүх намтай зөвшилцөх юм байна.