Иргэд өөрсдөө урт дараалал үүсгэж тухайн өдрийн шатахууны нөөцийг дуусгаад байна. ОХУ-аас нийлүүлэлт гацаагүй
2023/12/25
Өнгөрсөн долоо хоногт шатахууны нийлүүлэлт хэвийн болох талаар Ашигт Малтмал, Газрын Тосны Газар(АМГТГТ)-аас мэдээлсэн билээ. Гэвч шатахуун түгээх станцын гадна иргэд хэдэн цаг оочерлосон хэвээр байна.
Иймд шатахууны нийлүүлэлт ямар байгаа талаар Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам(УУХҮЯ)-ны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяраас тодруулахад "Шатахууны нийлүүлэлт өдөр бүр хэвийн үргэлжилж байна.
Хамгийн гол нь орж ирсэн бүтээгдэхүүнийг шатахуун түгээх станц руу хүргэхэд хотын түгжрэлээс хамаараад бага зэрэг асуудалтай байгаа. ОХУ-аас гацсан зүйл байхгүй" хэмээн ярив.
Тэгвэл шатахуун түгээхэд хүндрэл учирч байгаа талаар шатахуун импортлогч компаниудын холбогдох ажилтнаас асуулаа.
"Шатахуун түгээх станцуудын нөөц маш хурдтай дуусаж байна"
Тэрбээр "Иргэд өөрсдөө урт дараалал үүсгэж тухайн өдрийн шатахууны нөөцийг дуусгаад байна. Хэрэглэгчид нь энгийн өдрийнхөөс олон болсноор шатахуун түгээх станцын тухайн өдрийн нөөц дуусдаг. Ийнхүү шатахууны татан авалт удахад урт дараалал үүсэж байгаа. Энгийн өдрүүдийг бодвол хэрэглэгчид нь ихсэхээр хүмүүс хомсдол үүслээ гэж яриад байна.
Жишээлбэл шатахуун түгээх станцуудад тодорхой хэмжээтэй нөөц савууд бий. Тэр нөөцөө тодорхой хугацаанд дуусгаад дараагийн татан авалтаа эхлүүлнэ гэсэн тооцоололтой ажилладаг. Гэтэл одоогоор шатахуун түгээх станцуудын нөөц маш хурдтай дуусаж байна.
Нөөц дуусангуут татан авалтыг агуулахаасаа авдаг. Бензин өгөхгүй гэсэн асуудал гараагүй. Гэхдээ хотын төвөөр урт дараалал үүссэн. Харин хотын захаар урт дараалалгүй шатахуун өгч байна. Шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа" хэмээн тайлбарлав.