“Зууны мэдээ” сонин “Бизнес, хөгжил” булангийнхаа зочноор “Хушхан” брэндийг зах зээлд нийлүүлэгч “Nord Road” компанийн гүйцэтгэх захирал Э.Тайваныг урьж ярилцлаа.

-Танаас шууд л асууя. Монголын хуш модны самар ихэнх нь Эрээнээр дамжиж экспортод гардаг нь нууц биш шүү дээ. Энэ байдал өөрчлөгдсөн үү? 

-Таны хэлснээр өмнө нь Хятадаар дамжихдаа дотоодын үнээс хоёр дахин  өндрөөр европын зах зээл рүү экспортолдог байсан. Харин сүүлийн 2-3 жил дотоодын экспортлогчдод боломж нээгдэж байгаа. Европ руу экспортлох нөхцөл бололцоог өөрсдөө хангаж эхэлсэн. Нэгдүгээрт, чанар яригдана. Үүний тулд ISO 9001,  ISO 22000 стандартыг хангалаа. Мөн европчуудад хуш модны самар Монголд ургадаг, Монголын 100 хувь органик гарал үүсэлтэй гэсэн ойлголттой болж байгаа нь шууд Монголын компаниудаас худалдан авах сонирхолтой болсон.

МҮХАҮТ-ын судалгаагаар Монгол Улс дунджаар 6-10 мянган тонн самар экспортолдог гэсэн тоо баримт бий. Гэтэл олон улсын албан ёсны статистикаас харахад 500 гаруй тонн л бүртгэгдсэн байна. Харин сүүлийн жилүүдэд Хушхан шиг компаниуд олон гарч ирж гуравдагч орон руу 4-5 мянган тонныг экспортолж байна. Олон улсын худалдааны байгууллагын татварын мэдээлэлтэй уялдуулж энэ тоог гаргадаг гэж ойлгож байгаа. Тиймдээ ч  Олон улсын самрын холбооны сайтыг харвал манай улс 2011-2022 онд 500 тонн самар экспортолсон бол одоо 4500 тонн буюу орлогоороо эхний гуравдугаар байрт орж ирлээ. Өөрөөр хэлбэл, самрын ургац огцом нэмэгдээгүй. Харин гуравдагч орон руу хятадын биш Монголын гарал үүсэлтэйгээр хуш модны самар экспортолж байгаа нь харагдана. Товчхондоо, монголчууд гуравдагч орны зах зээлд самраа өөрсдөө нийлүүлж байна. Өнөөдрийн байдлаар Солонгос, Япон, Итали, Испани, Германаас цааш дамжуулан борлуулж дэлхийн өнцөг булан бүрт хүрч байна.

Монголчуудад давуу тал бий. Европт Монголын хуш модны самрын амт, шимт ашиг шимийг биднээс илүү таньж мэдсэн. Маш нарийн түвшинд судалж шинжилсний үндсэн дээр Монголын самрыг авах сонирхлоо илэрхийлдэг.

Өөрсдөдөө ургадаг зүйлээ ямар ч үнээр борлуулах боломж нээлттэй. Асар том зах зээл байна. Цаг үеийн нөхцөл байдал бас бус шалтгаанаас болоод санасандаа хүртэл ажиллаж чадахгүй байна л даа. Гэхдээ ямар ч байсан нэг үеийг бодоход самрын бизнесийн салбар зөв голдрилдоо орж цэгцрээд явж байна гэж харж байгаа.

-Хуш модны самарны орц найрлагад ямар онцгой “юм” байгаа болоод дэлхий ингэж их сонирхох болов. Гэтэл монголчууд төдийлөн сайн мэддэггүй, тэр хэрээр өдөр тутамдаа хэрэглэх нь ховор шүү дээ?

-Монголчууд өөрсдөө саяхнаас судалж эхэлсэн. Манай компани олон улсын SGS лабораториор самрын орц найрлагыг судлуулсан. Онцлоод хэлэхэд, самранд A, C, D гээд бүх төрлийн амин дэм бий. Үүнээс гадна омега 3, 6, 9-ын  гурван нэгдэл, дээрээс нь K-ийн нэгдэл байгаа нь маш хүчтэй анти оксидантыг бүрдүүлж байдаг. Өөрөөр хэлбэл, анти оксидант буюу маш хүчтэй хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Эсэд гаднаас биет орж ирэхэд устгах хүчтэй. Хоргүйжүүлж үрэвслийг дарах үйлчилгээтэй. Энэ мэт нарийн зүйлсийг мэдэхгүйгээр омега-гийн төрлийн витаминуудыг дан дангаар нь салгаж хэрэглээд байдаг. Гэтэл ердөө бидний дэргэд ургаж байгаа хуш самранд энэ бүх витамины нэгдэл агуулагдаж байна шүү дээ.

Гадныхан самрыг хоёр төрлөөр хэрэглэдэг. Эхнийх нь шахсан тос хэлбэрээр буюу 99 хувийн ханаагүй тосны хүчлийг шууд уух, салатанд хутгаж байгаа нь өндөр ач холбогдол өгч буйг харуулж байна. Гадныхан самар байтугай яс, хальсных нь түвшинд судалж туршаад томоохон үр дүнгүүдийг гаргаад эхэлсэн. Бид ч мөн адил олон төрлийн судалгаа хийж байгаа. Үр дүн удахгүй гарах байх.

-Хоргүйжүүлэх гэдгийг хэрхэн ойлгох вэ. Улаанбаатарын утаа, хөрсний бохирдол, хүнсний эсрэг хоргүйжүүлэх үйлчилгээ үзүүлэх үү?

-Самрыг идэж байхад л гаднаас орж ирж байгаа ямар нэг биетээс хамгаалах түүний эсрэг хоргүйжүүлэх үйлчилгээг үзүүлж байдаг. Гадны чөлөөт радикал хүний эсэд наалдаж гэмтээдэг. Түүнийг самранд агуулагддаг анти оксидант замаас нь  исэлдүүлж үхүүлнэ гэж ойлгож болно. Гадны биетээс болж эвдрэхээс хамгаалж эсийг эсээр нь төлжүүлж хоргүйжүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа юм. Ер нь янз бүрийн гадны биетэд хордож эс үрэвсэхгүй л гэсэн үг.

Өдөрт 50 грамм самрын чөмөг хэрэглэхэд хангалттай гэж үздэг. Гэхдээ тэр чигээрээ тос учраас хувь хүний биеийн онцлогоос бас шалтгаална л даа. Монголчууд оливын тос хэрэглэхийг илүүд үздэг. Гэтэл оливын тосны дараагийн түвшин буюу хүйтэн аргаар шахсан хамгийн чанартай тос самраас гардаг. Европт 100 грамм нь 200 ам.доллартай тэнцдэг учраас шингэн алт гэж нэрлэдэг. Бидний харж буйгаар алт биш шингэн алмаз гэж хэлж болно.

-Тэгвэл Монголынх шиг “хортой” нөхцөлд хоргүйжүүлэх үйлчилгээтэй самар жинхэнэ зах зээл нь биш үү. Ашиг тусыг нь монголчууд өөрсдөө хүртэж чадахгүй байна л даа. Ер нь дотоодын зах зээлийн борлуулалт хэр байдаг вэ?

- Манайхны өргөн хэрэглэдэг алмонд самартай хуш модны самрын амт чанар, эрүүл мэндийн ач тусыг харьцуулашгүй өндөр. Манайхан гадных гэхээр сайн гэж ойлгоод яг дэргэд нь хамгийн үнэ цэнтэй, ашиг тустай зүйл байгааг анзаардаггүй л дээ.Бид Япон, Солонгосын эрүүл мэндийн байгууллага, судалгааны төвтэй  хамтарч ажиллаж байна. Бусад самрыг тарихад бордоо хэрэглэдэг бол хуш модныход бордоо хэрэглэдэггүй учраас монгол самраас харшлах уураг их бага юм билээ.Тиймээс харшлын эмнэлгүүд хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлсээр байна.

Самрын ач тус ашиг шимийг мэддэг болохоор гадны зах зээл дээр хэрэглэгчид бэлэн. Тэглээ гээд дотоодын борлуулалт муу биш. Харьцангуй жигд. Гэхдээ дотоодын худалдан авагчдын тодорхой хэсэг нь мөн л гадны жуулчид байна. Зөвхөн хуш модны самар авах гэж монголд ирж байгаа жуулчид ч байдаг.

-Монголчуудын төдийлөн хэрэглэхгүй байгаа бас нэг шалтгаан нь үнэ ханштай холбоотой. Гар дээрээс борлуулж байгаа самартай харьцуулахад танай бүтээгдэхүүн  хэд дахин өндөр үнэтэй шүү дээ?

-Самрыг түүж бэлтгэсний дараа гурван цехийн 30 гаруй шат дамжлагаар боловсруулдаг. Хүн амаараа цөмдөг бол бид сортлох, ялгах, дулааны боловсруулалт хийж бактери устгаж ариутгах зэргээр 30 гаруй шат дамжлагын дараа шууд хэрэглэхэд бэлэн болдог. Ингэж олон хүний хүч хөдөлмөр, техникийн процессын үр дүнд эрүүл ахуйн шаардлагыг хангадаг учраас үнэ бага зэрэг өндөр байдаг. Гар дээрээс худалдаалдаг самрыг ямар аргаар цайруулж боловсруулдгийг мэдэхгүй. Ер нь самрыг модноос түүхээс эхлээд эцсийн хэрэглэгчийн гар дээр очиж байгаа сүлжээ эрүүл байх ёстой. Хэрэглэгч мэдлэг, ухамсартай байж үүнийг таньж мэдэхээс биш хувь хүнд сонголтыг буруутгах аргагүй.

Хушхан брэнд цөмөөгүй самар болон чөмөг гэсэн хоёр төрлөөр 10 гаруй савлагаагаар худалддаг. Дараагийн ээлжинд шахсан тос хийхээр төлөвлөж байна. Зөвхөн самраар нь гаргах биш цөмж бүтээгдэхүүн болгон нэмүү өртөг шингээж байгаа асуудал.

Монголчуудын худалдан авалтыг зөвхөн үнэ ханштай холбож ойлгох өрөөсгөл. Самрын ач тусыг төдийлөн таньж мэдэхгүй байгаа юм болов уу. Уг нь аливаа зүйлийн ашиг тусыг ойлгосон байхад үнэ тийм чухал биш байх л даа. Эрүүл мэнддээ анхаарахын тулд өчнөөн үнэтэй бүхнийг хэрэглэдэг шүү дээ. Жишээ нь оливын тостой ч юм уу харьцуулахад самрын сурталчилгаа, монголчуудын таньж мэдсэн цаг хугацаа харьцангуй бага байж магадгүй. Нөгөө талаас самрын ач тусыг таньж мэдэхэд бага зэргийн хугацаа шаардагдаж мэднэ.

-Дэлхий Монголын самрыг сонирхлоо гэхэд олон улсын стандарт, эрүүл ахуйн өндөр шаардлага тавина. Үүнээс гадна экспортод тулгардаг саад бэрхшээл, төрийн дэмжлэг хэр байдаг вэ?

-Олон улсын зах зээлд гарна гэдэг эрүүл ахуйн маш өндөр түвшний шаардлага хангасан байх ёстой. Манай байгууллага олон улсын хоёр ч томоохон стандартыг амжилттай нэвтрүүлээд хэрэгжүүлж байна. Биднээс худалдан авч байгаа хүмүүс цаасанд итгэхгүй. Бодитоор нь ирж үзэж биечлэн шалгаж, хянадаг. Товчхондоо, нэг удаагийн онц авсан дүнд итгэхгүй, олон удаагийн шалгалтаар орж байж итгэлийг нь хүлээнэ.

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг экспортлогч л гэж байгаа бол наад зах нь дэд бүтцийн асуудлаа шийдэх ёстой. Яг үнэндээ тээвэр, хүрэлцээнээс эхлээд бэрхшээл бий. Далайгаар тээвэрлэхэд хамгийн багадаа 90 хоног зарцуулдаг. Экваторын бүсээр дайрч гарч байгаа учраас хална, хөрнө гээд бүтээгдэхүүний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэй. Ингээд тоочоод байвал их зүйл бий. Монгол уул уурхайн бус экспортоо хөгжүүлэх хамгийн том давуу талын нэг бол хуш модны самар гэж хардаг.

Самрыг уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүн хэмээн дэлхий нийт анхаарч, албан ёсоор зарлаад тайлагнаад эхэллээ. Самрын бизнес эрхлэгчид ч мөн адил цэгцрээд зөв голдрилдоо орж байгаа учраас яг энэ үед нь зөв бодлогоор дэмжээд, хувийн хэвшлийн “үрсэлгээ”-г бойжуулаад өгөөсэй гэж хүсэж байна. Энэ салбар монголд боломжийн хэмжээний валют оруулж ирж байгаа.

Уул уурхайн бус экспортыг яаж дэмжих вэ гэдэг хэлэх нэг хэрэг. Харин бодитоор дэмжих бас нэг хэрэг. Бодлого танилцуулахаас илүү үйлдэл гаргах хэрэгтэй. Хамгийн наад зах нь эргэлтийн хөрөнгийн дутагдал. Гэхдээ хүүгүй зээл авья, татвараас хөнгөлж өгөөч гээгүй. Экспорт, тэр дундаа уул уурхайн бус экспортыг дэмжих зээлийг төрөлжүүлэх, санхүүгийн олон арга хэрэгслийг нэмж гаргаж өгөөч гэж хүсэж байгаа. Бизнесийн бага хүүтэй,  хөнгөлөлттэй зээлийн зориулалт манай салбарт хамаардаггүй. Тиймээс төр бодлогоор зээлийн даатгалын баталгаа гаргаж өгвөл хамгийн том дэмжлэг болно. 

-Монголчууд нинжа арга барилаар самраа түүж ирсэн. Одоо энэ арга барил хэр өөрчлөгдсөн бэ. Хамгийн гол нь самрыг нь түүхдээ модыг гэмтээхгүй, байгаль орчинд ээлтэй байх дэвшлийг хэр ашиглаж байгаа вэ?

-Модыг гэмтээхгүйгээр самрыг нь хураах олон төрлийн технологи бий. Тухайн улс орны онцлогт зохицсон стандартуудтай. Жишээлбэл, таримал хушин ойд бол вибратартай машин ч юм уу. Гэтэл машин байтугай морь мал явахад бэрхшээлтэй манай орны нөхцөлд тэр болгон тохиромжгүй. Тиймээс уламжлалт болон шинэчилсэн аргыг туршиж байна. Сүүлийн үед дроноор самар түүх аргыг туршаад захиалгаа өгөөд явж байна.

Самрыг аюулгүй түүх хамгийн энгийн арга бол тамхиа унтраахаас л эхэлдэг. Зөвхөн бизнесийн ашгаа бодох биш байгальтай харьцах сургалт, сурталчилгаа гээд нийгмийн хариуцлага талын ажлыг тасралтгүй хийж дадал суулгахыг хичээж байна. Самар түүдэг иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд мэргэшүүлэх сургалт хийж үнэмлэхжүүлэх асуудлыг бид аль эрт санаачилсан нь хууль журамд орсон. Ганцхан тоо хэлэхэд, 2015-2013 онд 15 тэрбум төгрөгийн татвар хураамж төлсөн байна. Энгийн логикоор харахад энэ мөнгийг байгаль хамгаалахад зориулдаг байх.

-Дэлхий Монголыг сонирхож өндөр үнэ амлалаа гээд хамаг самраа хил давуулаад тушаачихвал нөөц яах билээ гэсэн эмзэглэл төрж байна. Самрын бизнес эрхлэгчид нөөцөө зөв зохистой ашиглах, нэмэгдүүлэхэд ямар байдлаар ажилладаг вэ?

- Тогтвортой хөгжил, тогтвортой өсөлт, тогтвортой боломжийг харах ёстой. Ялангуяа, үндэсний экспортлогч компаниуд бизнесийн тогтвортой байдал, нөгөө талаас байгаль экологийг хамгаалах бодлогын алиныг нь ч орхигдуулахгүйгээр зэрэгцүүлж авч явах учиртай.

Самрыг байгальд ээлтэй түүх шийдлийг судалж санал болгоод найман жилийн хугацаанд туршлаа. Үр дүнд нь хуш модыг их хэмжээгээр тарих ёстой гэдгийг олж харсан. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 100 мянга гаруй тарьц бэлтгэж суулгасан. Ингэхдээ маш хурдан буюу залгалтын аргыг ашигласан. 5-7 жилд үр өгөөжөө өгдөг энэхүү залгалтын аргаар Богд ууланд тарихаар бэлтгэж байна. Байгалийн баялгаа хүртэж байгаа бол эргүүлээд тарьж ургуулах ёстой. Энэ бол дараагийн 100 жилд хийх томоохон ажлын эхлэл гэж хэлж болно. Самрыг уул уурхайтай харьцуулах юм бол бизнес хийхдээ хариуцлагатай байх, ашиг шимийг нь хүртсэн бол буцаагаад нөхөн сэргээх ёстой гэсэн зарчим. Байгалийн баялгийг зөв зохистой хэрэглэх ёстой.

Сүрнээгийн УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 2 (7246)