Байгууллагууд 50 метр хүртэлх газрын цасаа цэвэрлээгүйн улмаас иргэн халтирч гэмтвэл 500 мянган төгрөгөөр торгуулна
2024/01/04
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд цас цэвэрлэгээг хариуцаж ажиллах үүрэг хүлээдэг.
Энэ тухай “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцаж, өвлийн улиралд хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилгаж, халтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн гэж заасан.
Хариуцсан 50 метр газрынхаа цас мөсийг цэвэрлээгүйгээс иргэд гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс нэхэмжлэл хүсэх эрхтэй бөгөөд гэмтсэн иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн аж ахуйн нэгж хариуцах юм.
Тодруулбал, НИТХ-ын тэргүүлэгчдийн 2012 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор баталсан журамд "Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь өөрийн баталгаажсан 50 метр эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас, мөсийг тогтмол цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байх үүрэгтэй" хэмээн заасан байдаг.
Уг тогтоолын дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, цас мөсөө цэвэрлээгүй иргэнийг 50 нэгж, байгууллагыг 500 нэгжтэй тэнцэх мөнгөн торгуулиар торгох заалттай.
Мөн цас мөсөө цэвэрлээгүйн буруугаас иргэн халтирч бэртсэн, автомашин мөргөлдсөн бол Иргэний хуулийн 497.1-д заасны дагуу "Бусдын амь нас, эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан" хэмээн үзэж, гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээдэг зохицуулалттай.
Энэхүү журмын хэрэгжилтэд дүүргүүдийн Мэргэжлийн хяналт, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс хамтран хяналт тавих үүрэгтэй.
Зочин · 2024/01/04
S ZYGÀ80955877
Зочин · 2024/01/04
Монгол хүний яс 500 мянга уу?