ОХУ-ын Россия-1 сувгаар энэ сарын 4-нд тус улсын үзэл сурталч В.Соловьев “Бид 150 сая хүнтэй. Гэсэн ч яагаад заавал бид байлдана гэж. Сайн дураараа байлдах Хойд Солонгос, Монгол гээд улсууд байна” гэж ярьсан бичлэг олон нийтийн сүлжээнд тархав. Ерөнхий сайд, ОХУ-д Элчин сайд асан С.Баяр энэ нөхрийн талаар “Оросын одоогийн гол суртал ухуулагч Соловьев. Том дарга нарынхаа хэлж зүрхлээгүйг шууд хэлдэг байсан талийгаач Жириновскийн ор. Санаандгүй юм шиг ийм үг унагаад, гадна дотноос хэн юу гэх нь вэ гэж ажиглана, дүгнэлт хийнэ, акц зохионо. Бүхэл бүтэн институц” гэж тодорхойлсон байв. Энэ бичлэгийг тойрсон байр суурь одоо ч цахим сүлжээнд үргэлжилж байна.

Харин тодорхой нэг зүйл нь оросууд биднийг ингэж дүгнэхээр хэмжээнд цуст дайныг монголчууд дэмжсэнд байгаа юм шүү дээ. Орос байтугай бид дотооддоо нэгнээ гайхахаар үйл явдал энэ хоёр жилийн хугацаанд өрнөсөн. Украинчууд муугаа мэдэхгүй өрвөлзлөө, хошин шогийн жүжигчин улсаа самарч байна, энэ улс сүйрлээ гэх зэргээр шүүмж битүү өрнөсөн. Дайныг эсэргүүцэж жагссан “No war”-ын залуусыг “Босоо хөх Монгол” тэргүүтэй нөхөд дарамталсан. Өөр нэг хэсэг нь Жуковын хөшөөнд цэцэг өргөж дуу дуулалдан клип хийлгэн олны нүдийг орой дээр нь гаргасан. Хэн нь ч албан ёсоор дайныг буруутгаагүй нь бүүр гайхаш тасармаар байна. Яг ийм явдал бидэнд тулгарвал яах юм бэ, үгүй гэх арга байхгүй байна шүү дээ гэж хэлээд байгаа нэгнээ уралдан үзэн ядацгаасан. Яагаад ингээд байгаа, хэн ингээд байгаа нь ойлгогдохгүй хоёр жил болж байна. Сошиал сүлжээн дэхь сэтгэгдэл л лав тэр чигтээ Оросын дайныг дэмжиж байдаг. Тэр нэр ус нь дан хуурамч л юм шиг байдаг. Энэ бүхэн Украинд түрэмгийлэл үйлдсэнээ зөвтгөж ядаж буй Орос, ОХУ-ын Элчин сайдад маш сайхан далим болж, өөрийн хийсэн ажил мэтээр цааш уламжилж байсан нь лавтай.

Монголчууд бид гучхан жилийн өмнө социалист нийгэмтэй байв шүү дээ. Төр засаг, дарга даамлын ажил яаж явагддагийг мартаагүй. Өөрсдийнх нь үзэл сурталд таалагдсан бүхэн манайх, биднийх болдог, өөрсдөө хийсэн мэтээр сурталддаг зан коммунистуудын унаган төрх. Бидний дээрх тэнэглэл орос Элчинд ялгуусан ялалт мэт л байсан нь гарцаагүй. Тийм ч учраас дайныг эсэргүүцсэн монгол залуус, АН-ын эсрэг гаднын улсын Элчин сайд мэдэгдэл гаргаж, тусгаар улсын дотоод хэрэгт оролцож байлаа шүү дээ. Гэвч үүний эсрэг Монгол Улсын төр засаг дорвитой хөдөлж, байр сууриа хамгаалж чадаагүй.

ОХУ Украин руу дайн өдөөж хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн энэ явдалд Монголоос бусад бүхий л улс орон байр сууриа тодорхой илэрхийлж, хариу арга хэмжээ авч ирсэн. Харин ганц Монгол Улс ганхийх ганц үггүй өнөөдрийг хүрлээ. Ноцтой нь дотоодод болж буй бүхий л үйл явдал нь дайныг дэмжсэн агуулгатай болж хувирч буй нь ерөөсөө хилийн чанадад Монгол Улс түрэмгий дайныг дэмжиж байна гэсэн пайз болоод л хувирчихлаа. Дайныг эсэргүүцсэн бүх улс оронд Оросын хөшөө дурсгалаас эхлээд иргэдтэй нь харьцахаас зайлсхийж байхад манайд Жуковын хөшөөн дээр сүр жавхлантайгаар явж очоод баярын хундага өргөж байгаа нь орос Элчин нутагтаа уламжлах арвин их гавьяатай болсон байж таарна. Нэг ёсондоо Монгол даяар ОХУ-ын хийж байгаа дайныг дэмжиж байна гэдэг буруу ойлголтыг дээр доргүй төрүүлчихлээ шүү дээ.

Түүх сөхвөл ийм эндүүрэл манайд анхных биш ээ. Олон нийтийн дунд анзаарагдаагүй өнгөрсөн ч хэвлэлийнхэн дунд одоо ч яригддаг нэг зүйл бий. В.Путин манай улсад хийсэн сүүлчийн айлчлалынхаа үед хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ “Манай УАЗ 469 машинд очерлож байгаад авдаг монголчуудад баярлалаа” гэсэн агуулгатай зүйл ярьж байв. Хэвлэлийнхэн бие биенээ гайхаж хараад л өнгөрсөн. Аль эрт хэрэглээнээс гарсан, хөдөө баг сумдад л ганц нэг үлдсэн “69”-д дугаарлаж зогсоод авдаг түүх өнгөрөөд арваад жил болчихсон үед шүү дээ. Ерөөсөө ийм түүхийг Монголд суусан Элчин сайдууд нь л зохиодог юм шиг байна лээ.

Өнөөдөр яг л энэ түүх давтагдаж байна. Энэ бол шинэ зүйл биш. “Оросын төлөө сайн дураараа байлдах монголчууд байна” гэх ойлголтод монголчууд өөрсдөө л хүргэж байна. Монгол дахь Оросын талын нөлөөлөл ч өргөн байна. Энэ бүхнийг харсан хүмүүс цааш нь хэд өсгөөд л мэдээлдэг байлгүй яав гэж.

Хамгийн ноцтой нь ийм зүйлд Монгол Улс хариу өгдөггүй, байр суурь илэрхийлдэггүй. Хоёр жилийн өмнө Оросын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Константин Иосифович Косачев гэгч “АНУ Монгол Улсад биологийн зэвсэглэлийн лаборатори байгуулж байна” гэж мэдэгдэж байв. Мэдээж тийм юм байгаагүй, юу байдгийг нь ч бид ойлгоогүй өнгөрсөн. Одоо харж байхад амин чухал эд байсан байна лээ. Эм тань хүнс бодис барилгын материал ч болтугай шинжилж чаддаг лаборатори хэчнээн хэрэгтэйг бид сүүлд л ойлгоцгоосон. Гэвч үүний эсрэг хэн ч, ямар ч өндөр албан тушаалтан эсэргүүцэж мэдэгдэж чадаагүй дуугүй өнгөрсөн. Дуугүй байна гэдэг зөвшөөрсөн гэсэн үг. Хүн төрөлхтний харилцаанд байдаг хэлбэр энэ.

ОХУ-аас Монгол Улс руу өдөөн хатгасан агуулгатай мэдээллүүдийг үе үе ингээд цацдаг болоод удлаа. Төрийн өндөр албан тушаалтнаас эхлээд суртал ухуулагч хүртэл аманд орсноо ярьж байна. Одоо бүр цуст дайндаа татан оролцуулах, тэр битгий хэл сайн дураараа очих монголчууд байна гэж хүртэл эндүүрч байна. Ийм буруу ойлголт төрүүлсэн манай суртал ухуулга сошиал сүлжээн дэх хэсэг бусаг хүмүүс буруутай. Үүнд бид арай ч тийм дээ тулж сайн дурынхан очих хэмжээнд хүрээгүй гэж хариулт өгөх Монгол Улсын төр засаг гэж байна уу.

Манайд өнөөдөр ч ёс юм шиг нийгмийн дунд байдаг хандлага бий. Тэр бол хятадууд муу, орос сайн гэсэн буруу үзэл суртал. Ямар сайндаа манай төрийн сайд түшмэдүүд хүртэл хятад цустай гэдэг үгнээс айж мэгдэж, үй олон баримт дэлгэж сандрах вэ дээ. Харин оросууд бол мужик гэдэг ойлголт хаа сайгүй л байна. Гэхдээ туураг тусгаар улсад ах дүүсэг харилцаа байдаггүй гэдгийг одоо л нэг зах зухаас нь ойлгож байна. Харилцан ашигтай харилцаа л байна уу гэхээс бидний хуучин суртлаар боддог шиг тийм харилцаа хүн төрөлхтний түүхэнд байгаагүй, байх ч боломжгүй юм билээ л дээ. Ийм тэнэг хандлага даарин дээр давс болж, дайнч оросуудад далим болж байгаа юм шүү дээ.

Бидний тухай буруу ойлголт дэлхий дахинд төрүүлэх элдэв худал мэдэгдэл үзэл сурталд Монгол Улсад төрийн эрх барьж байгаа МАН юу ч болоогүй мэт дуугүй байсаар л байна. Зарим юман дээр албан ёсоор хариу өгч буруу зөрүү ойлголтыг дэлхий дахинд залруулж баймаар болжээ. Ер нь ч ийм өөх ч биш, булчирхай ч биш дүлэгнэсэн МАН-ыг төрийн эрхээс зайлуулахгүй бол мөдхөн захын гэр хорооллын ажилгүй хүмүүсийг “Мөнгө өгнө” гээд дайнд ачиж ч мэдэх нь. Дээр, дооргүй л орос ах, орос ах гэж солиороод байхаар чинь хэн ч гэсэн “Эд нар бидний төлөө ирж байлдах нь” гэж бодох нь зөв л дөө.

Б.ЭНХЗАЯА