Б.Энхцэцэг: Max экспортлох эрхгүй компаниуд эрх авсан компанидаа махны кг тутамд гурван юань, чингэлэг тутамдаа 100, 150 сая төгрөгийн хөлс төлдөг
2024/01/09
"Финансхолдинг" ХХК-ийн захирал Б.Энхцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр Төрийн ордны үүдэнд 190 дэх хоногтоо суулт зарлаж байгаа юм.
- Та суулт зарлаад гурван cap гаруйн хугацаа өнгөрч байна. Яг юунаас болж энэ эсэргүүцэл эхлэв. Суулт зарласнаас хойш шийдэгдэж байгаа зүйлс байна уу?
- Өнөөдөр (өчигдөр) 189 дэх хоног болж байна. Маргааш 190 дэх хоногтойгоо золгоно.
Миний хувьд Монголоос мах экспортод гарч эхэлсэн цагаас энэ бизнес рүү орсон. Эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн нэр дээр зуучлалын хөлс төлөөд, БНХАУ руу гаргуулж, худалдаа эрхэлж ирсэн. Энэ хооронд квот эрхийг өөрийн нэр дээр авахын тулд үйлдвэр байгуулах төсөл бичин ЖДҮХС-гаас зээл хүссэн ч гараагүй.
Ингээд Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар махны экспортыг хэлэлцээд эрхгүй үйлдвэрт бэлдчихсэн олон тонн махтай хүмүүс байна. Нэгэнт хөрөнгө мөнгөө шингээгээд авчихсан учраас эрүүл ахуйн стандартыг хангаж байвал үүнийг хянан баталгаажуулаад экспортод гарга гэж шийдвэрлэсэн байдаг. Үүний дараа ХХААХҮЯ-ныхан Улаанбаатар хотыг тойроод бүхий л үйлдвэрүүдээр яваад экспортын тоо хэмжээг гаргасан.
Манай үйлдвэр дээр ч шалгалтын багийнхан ирж байв. Махны дээжийг шинжилгээнд хамруулаад хариу дүгнэлтүүд сайн гарсан. Гарсан дүгнэлтээ бариад экспорт хийх аж ахуйн нэгждээ хүсэлтээ тавиад тохиролцож чадсан. Ингээд ХХААХҮЯ руу оруулдаг. Ингэхэд "Хүлээж бай, байж бай. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх эсэхийг бид мэддэг" гэх зэргээр хүлээлт үүсгэчихсэн. Ийм байдлаар гурван жил харсан. Гэтэл надтай яг л ижил хугацаанд шалгуулсан, бичиг баримтаа бүрдүүлсэн эрх үйлдвэрүүдийн маханд квот олгоод экспортод гаргаад л байсан.
- Салбар дотроо байгаа хүмүүс учраас хаана юу болж байгааг мэдэх боломжтой байх?
- Бид Эмээлтэд хаяа хаяагаа дэрлээд байрладаг үйлдвэрүүд, мэдэлгүй яах вэ. Миний нүдэн дээр болсон үйл явц. ХХААХҮЯ эрхгүй үйлдвэрүүддээ квот олгоод экспортод гаргаад л байсан. Би тус яаман дээр удаа дараа очиж "Та нар миний эргэн тойронд байгаа ижил нөхцөлд бэлтгэсэн махыг экспортод гаргаад байна. Эд нар хил давж махаа зарчхаад буцаж орж ирээд дахиад нүдэн дээр махаа бэлтгээд квотоо аваад экспортод гаргаад байна" гэдгийг хэлж байсан.
Энэ бол нэгдүгээрт Монгол Улсын иргэнээ ялгаварлан гадуурхсан явдал болсон. Нөгөө талаар бэл бэнчинтэй баян хүмүүст давуу байдал олгосон.
Аргаа бараад 2021 оны хавар буюу гурван жилийн дараа махаа талбай дээр авчирч асгаад энэ асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах акц хийхээр зорьсон. Гэтэл тухайн үед хэд хэдэн хүнээр яамнаас яриулсан. Тэр дотор арай итгэж болохуйц нь "ТВ-5" телевизийн сэтгүүлч Доржбат байсан.
- Сэтгүүлч энэ асуудал дээр юу хийж яваа хэрэг вэ?
- Сайд нь өөрөө гуйгаад байна гэсэн. Мэндсайхан сайд "КОВИД-ын хөл хорио гэх мэт хүндэтгэх шалтгаанууд байсан учраас таны асуудлыг шийдвэрлэж чадсангүй. Таны асуудлыг шийднэ" гэж яриад гурван жилийн дараа 13 чингэлэг махыг маань ачдаг юм.
Гурван жилийн дараа ачигдаж байгаа мах урд очоод чанарын шаардлага хангахгүй, асуудал дагуулсан. Аргагүй шүү дээ. Дээр нь гаалийн хяналт шалгалтын байцаагчид "Ийм махыг гаргахгүй" гээд буцаачихсан.
- Таны асуудлыг шийдвэрлэнэ гэж байсан салбарын сайд юу болсон бэ?
- Удалгүй ажлаа өгчихсөн шүү дээ. Дараа нь Х.Болорчулуун сайд болсон. Би явж ороод таван асуудал тавьсан. Бас л өмнөх сайд шигээ шийдвэрлэнэ, болгоно гэж эхэлсэн. Би ч итгэсэн, хүлээсэн. Байдаггүй. Ерөөсөө энэ сайд дарга нар иргэддээ гөлөг төөрүүлж байгаа юм шиг ханддаг. Өөрсдийнх нь, салбарынх нь нэр хүндэд халдах үйлдэл хийчих вий гэж айгаад "Болгоно, хүлээж бай" гээд итгэл үүсгээд хүлээлгэчихдэг. Тэгээд л цаг хугацаа хожоод байдаг юм байна гэдгийг хэзээ хойно нь ойлгож байна.
Ингээд аргагүйн эрхэнд 2023 оны долдугаар сарын 3-нд талбай дээр суултаа эхэлсэн. Маргааш 190 дэх хоног нь болох гэж байна.
- Ар гэрийн нөхцөл байдал ямар байна вэ?
- Маш хүнд шүү дээ. Долоохон настай охиноо машиндаа байнга аваад явах эмэгтэй хүнд ямар байх вэ. Зуны улиралд арай гайгүй байсан. Хамт тоглодог найзууд дээр нь өдөрт орхичхоод ирдэг байлаа. Одоо тэгэх боломжгүй. Охиноо харахаар маш хэцүү байдаг. Дээр нь бидэнд орох гэр орон алга. Энэ нөхцөл байдлыг маань Ерөнхий сайд, Ерөнхийлөгч харж үзээсэй л гэж хүсэх байна.
Уг нь бид хөрөнгө мөнгөө гаргаж, мөн зээл авч хүртэл мах бэлтгэсэн. Дээр нь гурван жил хадгалж хамгаалахад түрээс, тог цахилгаанд нэмж мөнгө зарцуулж өчнөөн хохирлоо. Энэ мөнгийг төлөх гэж хүүтэй зээл авч нэмээд хохирол хүлээсээр байна. Бэлтгэсэн махаа тухайн үед Засгийн газрын нэг удаагийн тогтоолын дагуу экспортод гаргасан бол дөрвөн жилийн орлогоороо Монголдоо махны стандарт хангасан төгс үйлдвэр барьж, эрх авах зорилго тээж явсан.
Махны экспортын ашиг үр шимийг Монголд үлдээе гэж хүсэж, гуйж байхад энэ яамны эрх бүхий албан тушаалтнууд үгүй хийсэн. Тэд өөрсдийн түрийвчийг зузаалах бодолд хөтлөгдөн мөнгө өгөлгүй намайг ялгаварлаж, надад тэгш бус хандсан. Төрийн албан хаагчдын энэ мэт буруугаас үүдэн эрсдэл үүрч, улмаар бэлтгэсэн махаа экспортолж чадахгүй гурван жил хадгалах хамгаалах зардлаар "шатаж", нэмж хохирсоор байна.
Бэлтгэсэн махаа хадгалж хамгаалахад гаргаж байгаа төлбөрт өгөх зээл авсан. Түүндээ барьцаалагдан орон гэрээ битүүмжлүүлж, одоо гудамжинд гараад байна. Энэ бүхнээс үүдэн эрүүл мэндээрээ хохирлоо. Эрүүл мэнд бол мөнгөөр хэмжигдэшгүй. Энэ улсын иргэний хувьд төрдөө л хандсан. Төр, засаг маань асуудлыг ойлгоод махыг минь үнэгүйдэхээс хамгаалж, нэг удаагийн тогтоол гаргаж өгсөн.
Иргэнээ сонсдог, дэмждэг, хамгаалдаг, ямар саад бэрхшээл байгааг засаж, залруулах арга хэмжээ авдаг төр, засаг юм байна гэж ойлгосон. Гэтэл үүнийг нь гацаадаг ашиг сонирхолд автдаг нөхөд төрийн албанд байгааг өөрийн биеэр үзлээ.
- Махны экспорт гэдэг маш их ашиг сонирхол дагуулдаг талаар гомдол тасардаггүй. Цөөхөн хэдэн компани л монопол байдаг гэв үү?
- Экспортод гаргаж байгаа хэдэн компани ч урдаа монопол болоод байгаа шүү дээ. Түүний ар талд манай том том улстөрчид хөрөнгө оруулалт хийчихсэн байдаг. Маш олон ноцтой зүйлс байгаа. Үндэсний үйлдвэрүүдийг дэмждэггүй. Би эрхгүй үйлдвэрт махаа бэлтгэчихсэн. Та тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж. Ер нь квот эрхийн асуудал зөндөө байгаа.
Нэг жишээ татъя. 2021 онд байх, шөнөөр мах зөөж байгаа аж ахуйн нэгж тагнуулын байгууллагад баригдсан байдаг. Шалгаад үзтэл "Манай үйлдвэр Завханд байдаг. Завхан аймагт бэлтгэсэн" гэж хариулсан гэсэн. Гэтэл шалгаад үзтэл Завханд үйлдвэр байхгүй, ямар ч эх үүсвэргүй. Гэтэл манай улс БНХАУ-ын хүлээн зөвшөөрсөн тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрт бэлтгэсэн махыг экспортод гаргана гээд байгаа мөртлөө үйлдвэр нь байдаггүй.
Та тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байлаа гэхэд би эрхгүй үйлдвэрт мах бэлтгэчихсэн. Би таны нэр дээр махаа гаргая. Би "Max Импекс"-д санал тавьдаг тэр шүү дээ. Хятадууд хэдээр авч байна, би тэр ханшийг өгнө. Монгол Улсын иргэнээ нэгдүгээрт тавиад ганц удаа үйлчлээд өгөөч гэж хүссэн нь тэр. Ингээд тусыг олоогүй. Би тэгвэл хил давуулж зараад ашгийнхаа 10 хувийг танд өгье гэж хүртэл үзсэн. Цаашаа энэ байдлаар үргэлжлүүлээд явъя гэдэг санал хүртэл тавьсан.
- Өнгөрсөн Баасан гарагийн УИХ-ын чуулганаар махны экспортын асуудал хөндөгдсөн. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Дарга нарын компанийг урагшаа аттесталчилж явуулчхаад жирийн иргэний компанийг явуулдаггүй. Урагшаа мах гаргах зөвшөөрөлтэй 15, 16 ХХК байдаг. Тэд нэг кг махан дээр гурван юанийн төлбөр авдаг” гэж ярьсан. Энэ нь ямар учиртай гурван юанийн төлбөр юм бол?
- Тэр бол аль дээр үеийн ханш. Одоо гурван юань гэдэг ханш байхгүй болчихсон. Б.Пүрэвдорж гишүүн өмнөх ханшийг ярьж байхгүй юу. Мэндсайхан амлалт өгч зогсоосны дараа миний 13 чингэлэг махыг ачсан даа. Би тэр үед нэг чингэлэг махыг 50 сая төгрөгөөр ачуулсан. Үржихээр хэдэн төгрөг болох вэ. Махаа гаргуулж байгаа компанид тэр 50 сая төгрөгөө өгдөг гэсэн үг. Таны хэлээд байгаа гурван юань гэдэг чинь энэ шүү дээ. Тэр бол ханш уначихсан үе.
Оргил үедээ 100, 150 сая төгрөг өгч гаргадаг. Яах вэ тэр ханш зургаадугаар сард урд талд мах иддэггүй улиралд эхэлдэг. Тэр үед ханш унаад гурван юань руу ордог юм. Тэр ханшийг ярьж байна. Оргил үедээ чингэлэг тутамд 100.150 сая төгрөг болдог гэсэн үг.
- Тусгай зөвшөөрөлтэй компани өөрсдөө махаа гаргаад дахиад өөр компанийн махыг мөнгө авч гаргадаг байх нь ээ?
- Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд мах гаргадаггүй юм даа, бараг. Хятадуудын махыг л гаргадаг. Хил давуулж зараад монгол хүн ашгаа авдаг бол би баярлана. Өнөөдөр тэр чигээрээ хятадуудын мах гаргадаг шүү дээ. Манайхны том улстөрчийн хамаарал бүхий хүмүүс хэлж байсан.
Иргэнээ нэгд тавиад хоёрт нь гаднынхандаа үйлчлээд өгөөч гэхэд "Уучлаарай, ахын дүү. Монгол Улсаас мах экспортод гаргаж зардаг нэг ч монгол хүн байдаггүй юм аа" гэж хэлж байсан. Ийм л байдаг.