Монгол Улсын Ерөнхий Сайд асан, эдийн засгийн ухааны доктор М.Энхсайхан ХҮН намын гишүүнээр элсэх хувилбар яригдаж эхэлжээ.

 

Тус намын удирдлагуудын зүгээс түүний эдийн засгийн онолын өргөн мэдлэг, практик туршлага ХҮН намыг жинхэнэ баруун төвийн нам болон төлөвшихөд чухал нөлөө үзүүлнэ хэмээн үзсэн тул уг саналыг тавьсан байна.

 

Харин М.Энхсайхан зөвхөн өөрөө тус намын гишүүнээр элсэх бус өөрийн үүсгэн байгуулсан Монгол Үндэсний Ардчилсан Намыг ХҮН намд нэгтгэх буюу эвсэл байгуулан, УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох сонирхолтой байгаа аж. Харин ХҮН намын удирдлагууд дунд манай нам УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох ёстой гэсэн байр суурьтай хүмүүс олон байгаа юм байна.

 

М.Энхсайхан нь улс төрийн эвсэл байгуулан, УИХ-ын сонгуульд оролцож, амжилт гаргаж байсан арвин туршлагатай улс төрч юм.

 

Тодруулбал, УИХ-ын 1996 оны сонгуульд МҮАН, МСДН-ын “Ардчилсан Холбоо” эвсэл, УИХ-ын 2004 оны сонгуульд “Эх Орон-Ардчилал” эвсэл, УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН, МҮАН-ын “Шударга Ёс” эвслийг тус тус байгуулалцан, менежерээр нь ажиллаж байсан билээ. Мөн тэрээр УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН, АН-аас бусад бүх намууд хамтран “Эх Орон-Шударга ёс” Их эвсэл байгуулах санаачилга гаргаж байв.