Нийслэл хотын иргэд нийтийн тээврээр зорчино гэдэг хүндхэн даваа боллоо. Өөрөөр хэлбэл, хотын даргын шийдвэр "нуухыг нь авах гээд нүдийг нь сохол"-жээ. 

Өчигдөр орой гэртээ харих гэсэн иргэд уртын алхалт хийсээр гэрийн бараа харсан. Хол гэртэй хөгшид, хүүхэд, залуус автобусны буудал дээр пиг дүүрэн нийтийн тээврээ хүлээсээр даарч зогсоно. Уг нь Нийслэлд шинэ автобус үйлчилгээнд явж эхэлсэн. Гэвч иргэд автобусаа нэг цаг гаруй хүлээсэн ч сууж чадахгүй байна. Автобусны чиглэлийг өөрчлөхөөс өмнө 30-40 минут хүлээхэд автобус хэд хэдээрээ ирээд иргэд чихэлдсээр багтаад суучихдаг байлаа. Харин өдгөө чихээд суух ч автобус ирэхээ больжээ. 

Өчигдөр 18:20 минутаас Төв талбайн автобусны буудлаас 10-р хорооллын зүг бүтэн нэг цаг алхлаа. Энэ хугацаанд төв замаар ганцхан л автобус зөрлөө. Уг автобус 25-р эмийн сан дээр зогсоход багтаж чадахгүй пиг дүүрэн зорчигчттой зогсох нь тэр. Даанч автобусаа удаан хүлээсэн иргэд багтаж сууж ч чадахгүй, алхахаас өөр сонголтгүй үлдэв.

Хүүхэд, залуус "Даарч байна шүү. Багтаж суух хүртлээ алхаж байя. Тэгж байтал гэртээ очих байхаа" гэж ярилцсаар алхаж буй нь өрөвдөлтэй. Яагаад хаа хол гэртэй иргэдийг ингэж өвлийн хүйтэнд зовооно вэ? Хотын мээр ээ!!!

Замын түгжрэл болоод автобус унаа нь тэг зогсолтод орчихсон юм уу гэхээр үгүй ээ. Зам нь чөлөөтэй автомашинууд түгжрээд зогсохгүй явж л байна.

Өнөөх автобус зорчих нэгдүгээр эгнээ нь хүртэл сул. Яагаад автобусны чиглэлээ бодит амьдралд тулгуурлаж өөрчлөөгүй вэ? 

Иргэд олноороо зорчдог төв замын чиглэлийн автобусны тоог цөөхөн болгож орхив. Тухайлбал, 20 автобус явдаг чиглэлийг 10 болгож хассан байгаа юм. Мөн Зүүн Салаа-Халдварт чиглэлийг маршрутаас бүр хассан нь олон иргэдийг ийн чирэгдүүлэхэд нөлөөлж буй аж.

Цаг гаруй төв замаа дагаж алхаж явсаар 10-р хороололд ирэхэд урдуураа маршрутаар явдаг нэг автобус, хойгуураа буюу хорооллоор явсаар Яармаг ордог нэг автобусанд иргэд чихээд л суув.

 

Нөгөө төв замаар ганцаараа явсан автобус руу ч бие биенээ түлхэж суусаар пиг дүүрээд хөдөлж харагдсан. Харин хүүхэд, настангууд дараагийн автобус ирэхийг хүлээсээр үлдэнэ лээ.  Энэ зураглал ганцхан өчигдөр болоогүй. Өмнөх өдөр нь ч яг л энэ байдал өрнөсөн юм.