Цагаан сарыг яагаад өмнөхөөс өргөн тэмдэглэж, гурав хоногийн амралтыг "голж" эхлэв?
2024/02/15
Энэ жилийн цагаан сар ихээ өргөн дэлгэр болж байна. Уламжлал ёсоор шинийн гурваныг хүртэл амарч золгосон. Дөрөвнөөс нь байгууллага, хамт олны золголтоор үргэлжилж байна. Энэ сацуу “Наадам, цагаан сарын амралтыг долоон хоног болгоё. Бусад онц чухал биш тэмдэглэлт өдрүүдийн амралтыг цөөлье” гэсэн санаачилга гарч эхлэв. Бодмоор л асуудал санж.
Битүүнд хотоос гарч шинэлсэн хүмүүс шинийн гурванд буцаж ирнэ. Хотын хоёр талын товчоодоор битүү түгжрээ үүсдэг. Баруун зүгт Төв аймгийн Эрдэнэсант, зүүн талд бараг л Багануураас түгжирнэ. Маргааш нь улайсан нүдтэй шинэлээчид албан байгууллага, хотод байх төрөл төрөгсөдтэйгээ ажил хийдүүлэн золгоно.
Нэг иймэрхүү драм цагаан сараар үүсэж байгаа юм. Тэгэхээр энэ наадам, цагаан сарын амралтыг сунгах талаар удахгүй албан ёсоор яригдаж магадгүй юм. Ер нь энэ жилийн шинэлгээ яагаад ийм өргөн болж байна вэ. Хөдөөгүүр цас ихтэй. Мадчид зуданд нэрвэгдсэн. Зам харгуй хаагдсан. Үндсэндээ байгаль дэлхийн цагийн байдал таагүй л байна. Тэгсэн атал энд тэндгүй, аймаг орон нутгуудаар цас ухаад л шинэлцгээв.
Гэхдээ цагаан сараар муу үг ярьдаггүй монгол уламжпал бий л дээ. Түүхэн талаасаа монголчууд XIII зууны үеэс тэнгэр шүтлэг, бөөгийн ёсоор цагаалж байсан тухай Марко Пологийн эх сурвалжид бичигдэж үлдсэн. Монгол хүн бүр цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн
хувцас өмсч, бие биёдээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог. Энэ нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл байжээ. Алгаа дэлгэнэ гэдэг надад зэр зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утга аж.
Цагаан сар нь Монголын ард түмэн, Монгол төрийн томоохон ёслол хүндэтгэл, басхүү уламжлап, бэлгэдлийн үйл ажиллагаа болдог. Тэр утгаараа төр, засгийн түвшинд төрийн золголтыг хийдэг. Харин цар тахлаас болооод төрийн золголт дөрөв, таван жил завсарласан.
2019 онд гахай жилийн цагаан сараар Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын үед төрийн золголт хийсэн. Тэр жил нь цар тахал эхлээд хулгана жилээс хойш төрийн золголт болоогүй юм. Зөвхөн төрийн золголт ч бус монголчууд нийтээрээ цагаан сарыг өргөн хүрээнд бус тэмдэглэж ирсэн. Улмаар сая Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хийж байгаа нь энэ.
Хамгийн гол нь энэ луу жилийн босгон дээр цагаан сар өргөн дэлгэр болох хэд хэдэн хөшүүрэг бий болсон. Цар тахал нэрвэж, Монголын эдийн засаг -4.7 хүртэл унасан. Сүүлийн хоёр жилд эдийн засаг өсөх тал талын нөхцөл бүрэлдэж 6.8 хувь болтол нэмэгдлээ. Эдийн засаг тогтворжсон. Бараг л 0 заах дөхөөд байсан ам.долларын нөөц 5 тэрбумд хүрэв. Жил бүрийн цагаан сараар ам.долларын ханш өсдөг тогтсон жаягтай болчихсон байсан. Энэ цагаан сараар тэгсэнгүй. Ам.доллар өсөөгүй. Мөн Хятадын юанийн ханш ч хэвэндээ байв. Магадгүй үүнийг нийтээрээ анзаарахгүй байгаа ч бодит үнэн юм.
Цагаан сарыг өргөн дэлгэр болгож буй бас нэг шалтгаан бол УИХ- ын сонгуулийг бүсчилж явуулахаар болсонтой холбогдоно. Бас л “Үнэн юм уу” гэмээр үндэслэл. Гэхдээ энэ нь урьдны цагаан саруудын “хот болон аймаг” гэсэн хөдөлгөөнийг аймаг хооронд шинэлдэг болгож нэмэгдүүлсэн.
УИХ-ын сонгуулийн 13 тойргийн долоо нь орон нутагт, зургаа нь хотод байхаар болсон. Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгууд Нэгдүгээр тойрог, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгууд Хоёрдугаар тойрог, Баян-Өлгий аймаг Гуравдугаар тойрог, Булган, Орхон, Хөвсгөл аймгууд Дөрөвдүгээр тойрог, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгууд Тавдугаар тойрог, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгууд Зургадугаар тойрог, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд Долдугаар тойрог болсон. Хэрвээ анзаарвал улстөрчид, ирэх сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүс тойргийнхоо аймгийг дамжин шинэлж явна. Тэдний дийлэнхийнх нь шинэлгээ одоо ч дуусаагүй байна. Энэ агуулгаараа цаашид цагаан сар улам л өргөн дэлгэр болох төлөвтэй болж байгаа юм. Тиймээс л “Наадам, цагаан сарын амралтыг долоон хоног болгоё. Бусад онц чухал биш тэмдэглэлт өдрүүдийн амралтыг цөөлье” гэсэн хүсэлтүүд гараад эхэллээ.
Б.Тулгат
жи жи · 2024/02/15
Цагаан сарын золголтын хугацаа давчуу байна гэж байх шиг байна. Олон хоногийн золголт Настангуудад маш их дарамттай байгаа шд. Хэрэв олны саналаар 5-7 хоног амарна гэвэл энэ хугацаанд настны орон гэр хоол, үйлчилгээний газар шиг хамаатны, ажлын газрынханы хөлд дарагдаж туйлдахаар байна. Цагаан сарын 3 хоног УИХ-ын гишүүдэд сонгогч нартайгаа ж РR-дахад л бага санагдсан байх. Залуучуудад айл хэсэх нь сайхан байх. Очиж байгаа айлаа бас бодох хэрэгтэй. Төрөл төрөгсөдөө мэддэг баяр гэх юм. Гэтэл айлд ороод 20-30 минут суугаад 3-5 бууз идээд гарахад ямар хамаатантайгаа танилцаж ураг саднаа мэдэх юм.