Б.Ууганбаяр: Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагаагүй, хүүхдүүд авч яваад төөрч будилсан, цасанд суусан тохиолдол их байлаа
2024/02/19
Улсын Онцгой Комисс(УОК)-ын Шуурхай штабаас Монгол оронд сүүлийн 72 цагт тохиолдсон байгалийн онц аюултай үзэгдэл, түүний улмаас учирсан хохирол болон иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахаар хэрхэн ажилласнаа өнөөдөр танилцуулав.
Дурдсан хугацаанд
- Объектын гал түймрийн 20 дуудлага ирэв. Энэ дагуу гал унтраах, аврах ангийнхан үүрэг гүйцэтгэж ажилласан.
- Сураггүй болсон 27 дуудлага бүртгэгдлээ. Нийт 50 иргэн сураггүй болсноос 49 хүнийг эсэн мэнд олсон. Нэг иргэн харамсалтайгаар амиа алдсан байдалтай олдсон.
- Цасанд суусан 43 дуудлагаар ажиллаж, 147 машин, 582 зорчигчийн аюулгүй байдлыг хангаж, амь нас, эрүүл мэндийг нь хамгаалсан. Ингэхэд онцгой байдал, цагдаагийн байгууллага болон нутгийн захиргааны зэрэг холбогдох байгууллага хамтран ажилласан.
- Голын мөс цөмөрсөн нэг дуудлага ирсэн гэдгийг УОК-ын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр мэдээлэв.
Мөн тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд баруун аймгуудад болсон хүчтэй цасан шуурганы үеэр ямар хохирол учирсан талаар "Хоёр гэр, таван байшингийн дээвэр хууларч, 30 хашаа нурж, долоон машины шил хагарсан. Хүний амь эрстсэн тохиолдол гараагүй.
Харин уулын цасны нурангид дарагдсан нэг тохиолдол гарлаа. Эрлийн ажиллагаа зохион байгуулан нэрвэгдсэн иргэний цогцсыг олсон. Үүнд онцгой байдал, хилийн цэрэг, зэвсэгт хүчин болон сумын иргэд гээд олон хүний бүрэлдэхүүнтэй эрлийн ажиллагаа зохион байгуулсан. Маш том хэмжээний цасан нуранги үүссэн байсан" гэлээ.
Түүнчлэн бригадын генерал Б.Ууганбаяр "Онцгой байдлын байгууллага цаг агаарын мэдээллийг тухай бүрд нь хүргэж байгаа. 20 жилийн өмнөхтэй харьцуулбал Монгол Улсын хэмжээнд ямар ч газарт мэдээлэл очих бүрэн боломжтой болчихсон. Гамшгаас хамгаалах тухай хуулиар мэргэжлийн байгууллагын өгч байгаа заавар зөвлөгөөг ард иргэд дагана гэх заалттай. Хэдийгээр мэдээлэл өгөөд байгаа ч иргэд заавар зөвлөмжийг хайхрахгүйгээр хөдөө орон нутагт хөдөлгөөн үйлдэж, цасан шуурганд очоод гацчихсан, уул даваан дээр гараад зогсчихсон байдаг. Сүүлийн 72 цагийн хугацаанд маш олон хүн ийм нөхцөл байдалд орлоо. Энэ бүрд онцгой байдлын байгууллагаас машин техник, хүн хүчээ гаргаад ажилладаг.
Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагаагүй тохиолдолд ямар нэг хэмжээгээр нөхөн төлбөр төлүүлэхээс эхлээд хууль тогтоомждоо анхаарах хэрэгтэй. Энэ бол тэр хүний амь нас, эрүүл мэндийн төлөө л хэлж байгаа зүйл.
Хүүхдүүд авч яваад төөрч будилсан, цасанд суусан тохиолдол их байлаа. Өөрөө хэнэггүйдээд явдаг юм гэхэд үр хүүхдээ аваад явна гэдэг харамсалтай. Бусад улс оронд, хамгийн ойрын жишээ нь Казахстанд цаг агаарын мэдээг олон нийтэд дамжуулсан тохиолдолд бүх хүн суурин газраа зогсоод, агаар хэвийн боллоо гэсний ард хөдөлгөөнөө үргэлжлүүлдэг. Энэ бол хариуцлага, соёл. Цаашид манай ард иргэд ойлгон ухамсарлаад өөрчлөгдөнө гэж найдаж байгаа" гэж байлаа.
Зочин · 2024/02/19
Зад торгодог байх ёстойн боловуу монгол улсынхаа онцгой байдлын хүчин чадал техник хүн хүч маш муу гэдгийг ойлгох хүн ховордоо