Өнөөдөр "Монголын Донорын холбоо" байгуулагдсаны 15 жилийн ойн баярын арга хэмжээ болж өндөрлөлөө. Энэ цагийн эгэл баатар доноруудаа баярынх нь өдөр Монголын Донорын холбоо хүлээн авч, тэднийгээ алдаршуулан шагнасан юм.

Уг арга хэмжээнд Монголын улаан Загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгч Л.Одончимэд, Монголын улаан Загалмайн нийгэмлэгийн Донор хөтөлбөрийн арга зүйч н.Энхцэцэг,  Монголын Донорын холбооны тэргүүн Хүндэт донор М.Сосорбарам, Донорын холбооны гүйцэтгэх захирал, МУЗН-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мандах нар болон "Хүндэт донор"-ууд хүрэлцэн ирлээ.

Энэ үеэр "Энэрэл алтан медаль"-иар Ц.Норжмаа, Ч.Цэцэгмаа, Д.Батнасан, Х.Өлзийдэлгэр, Ш.Содном, Нанжидлхам нар энгэрээ мялаасан бол "Нийгүүлсэнгүй мөнгөн медаль"-иар Д.Бямбасүрэн,  Ж.Лхамжав, Т.Чулуунбат нарыг шагнасан юм.

Мөн Монголын Донорын холбооны онцгой гишүүн, тэргүүний ажилтан, "Алтан гадас" одонт, "Шударга журам медаль", сайн дурын шилдэг ажилтан Санлигийн Хадхүү, Хадхүүгийн Дэмбэрэлбат нарыг "Энэрэнгүй үйлстэн Гэр бүлийн Донор"-оор өргөмжилж цагаан алтаар урласан "Хүндэт донор"-ын тэмдгээр алдаршуулан шагналаа. Түүнчлэн Ц.Цэнд-Пүрэв, Ч.Хажидмаа нар гэр бүлийн хүндэт донороор тодорлоо.

Нийслэлийн Засаг даргын "Хүндэт тэмдэг", мөнгөн шагналаар Хүндэт донор, Х.Төмөр-Сүх, С.Хадхүү, "Жуух бичиг", мөнгөн шагналаар  Х.Рэнцэн, Ч.Хажидмаа нар шагнуулсан юм.

Донорын холбооны ахмадын зөвлөлийн дарга, Хүндэт донор Г.Жамц: “Өнөөдөр 15 жилийн ойгоо тэмдэглэж байгаа олон зуун хүний амь насыг аварч тэнд амьдрал бэлэглэсэн та бүхэндээ баярын мэндийг хүргье. 1964 онд анх удаа “Хүндэт донор” тэмдгээр алдаршуулж эхэлсэн тэгэхэд би авч байлаа" гэж өөрийн сэтгэгдлээ хуваалцаж хөдөө орон нутагт доноруудтайгаа уулзаад салбар хороо байгуулах ажлаа эхлүүлсэнээ дуулгалаа.

Монголын Донорын холбооны тэргүүн Хүндэт донор М.Сосорбарам “Өнөөдөр  хүмүүнлэг үйлстэнгүүдийн  баярын өдөр болж байна. Монголын Донорын холбоо байгуулагдсаны 15 жилийн ойгоо сайхан тэмдэглэж байна. Улаан Загалмайн байгууллагын нийгүүлсэнгүй үйстэн ахмад хүндэт донорууд,  бидэнтэй хамтран ажилладаг байгууллагууд энэ баярын арга хэмжээнд оролцож байгаад баяртай байна.

Цаашдаа бид Монгол улсын цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах талаар, Төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, шинэчлэн найруулсан Донорын тухай хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Түүнчлэн хөдөө орон нутагт салбар зөвлөлөө байгуулах.  Хоёрдугаарт донорын эгнээг өргөжүүлэхийн тулд явуулын багаар цус цуглуулах , донорыг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж байгаа.  Энэ өдөрлөгөөр цус цусан бүтээгдэхүүнийхээ нөөцийг хангахад ихээхэн анхаарч ажилласаар ирлээ. Үүний үр дүнд эмнэлгүүдийг аюулгүй цусаар хангах боломж бүрдэх юм” хэмээлээ.

Мянган мянган хүнд хариу нэхэлгүй цусаа хандивлаж амьдралыг бэлэглэж алтан амь бэлэглэгч "Хүндэт Донор"-ууддаа баярын мэндийг хүргээд тэдэндээ аз жаргал, эрүүл энхийг уншигчдынхаа өмнөөс хүсэн ерөөе!

Ингээд та бүхэндээ Монгол улсын Донорын холбоо байгуулагдсаны 15 жилийн ойн арга хэмжээний үеийн гэрэл зурган сурвалжлагыг хүргэж байна.




















































































Х.Даваа