"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн ажилчдын ажлын байран дээрээ архидан согтуурсан бичлэг олон нийтийн сүлжээнд түгсэн.

Уг асуудалтай холбоотойгоор бусдын дүү, дүрс, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр түгээх нь эрүүгийн болон зөрчлийн хэрэгт тооцогддог болохыг хуульчид анхааруулж байна. Энэ талаар “Онч нүүдэл" хуулийн фирмийн өмгөөлөгч Ш.Алтангадастай ярилцлаа.

- "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн ажилчдын бичлэгийг саяхан олон нийтийн сүлжээнд цацсан. Ажлын байран дээрээ архидан согтуурсан үйлдлийг энд ярихгүй. Харин зөвшөөрөлгүйгээр бусдын дуу, дүрс, бичлэгийг ингэж олон нийтийн сүлжээнд түгээсээр байж болох юм уу?

- Үндсэн хууль болон Хүний эрхийн талаарх олон улсын фактуудад хүний эрхийн талаар тусгасан байдаг. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т хүн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй гэж тусгасан. Халдашгүй чөлөөтэй байх нь зөвхөн шударга шүүхээр шүүлгээд зогсохгүй маш өргөн ойлголт байдаг. Таны хэлснээр хувь хүний дуу, дүрс, аливаа үзэл бодол, бэлгийн чиг хандлага, харилцаа. нийгмийн байдал зэрэг нь хүний жам ёсны эрх гэж үздэг.

Аливаа улсын иргэншсэн улс болох шалгуур нь Үндсэн хуульдаа хүний эрхийг ямар түвшинд хамгаалж дээдэлж байгаагаар хардаг.

Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй учраас өөрийн эрхээ хамгаалуулах эрхтэй. Энд итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, дуу дүрс, бичлэг бүхий орон гэр, ажлын байран дахь зүйлүүд нь иргэний болон захидал харилцааны нууцад ордог. Энэ нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар ч давхар хамгаалагдаж явдаг. Мөн үүнийг Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуулиар хамгаалж байдаг. Эрүүгийн хуулиар нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож байгаа. Зөрчлийн хуулиар бол эрүүгийн гэмт хэргээс түвшний хувьд доогуур аливаа үйлдлийг зөрчилд авч үздэг. Хэний ямар эрхэд хэрхэн, ямар хохирол учруулж байгаагаас шалтгаалж эрүүгийн гэмт хэрэг үү, зөрчил үү гэдгийг шийддэг. Нэг ёсондоо хувь хүний зөвшөөрөлгүй дуу, дүрс, бичлэг түгээх нь хориотой зүйл.

- Энэ төрлийн хэрэг гэмт хэрэгт тооцогдох уу, зөрчилд тооцогдох уу?

- Агуулгаар нь харахад нийгэмд хүн болгон камертай утастай болсон. Өөрийнхөө үзэл бодлоос өөр түвшинд байгаа, магадгүй өөрийгөө хянах боломжгүй болчихсон хувь хүмүүсийн үг, үйлдлийг дүрсжүүлж аваад олон нийтийн сүлжээнд түгээж, буллидэг болсон. Нэг хэсэг иргэдийн дунд ийм асуудал гардаг байсан бол одоо төрийн байгууллага дотор хэвийн үйл ажиллагааг хянах, гэмт хэрэг зөрчлөөс хамгаалах чиг үүрэгтэй төрийн тусгай хамгаалалтын байгууллагын эрх бүхий этгээдүүдийн зүгээс бусдын мэдээллийг олон нийтэд цацдаг үзэгдэл бий болж байна.

Мэдээж сая олон нийтэд ил болсон Тавантолгой төмөр зам ХХК-ийн ажилчдын ажлын байран дээрээ архидан согтуурсан үйлдэл тусдаа асуудал. Эрүүгийн хуулиар шалгагдаад явна. Гэтэл хүний хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүй дуу, дүрс, бичлэг түгээх нь хуулиар хориотой.

Эрүүгийн хуулийн 13.8-д зөвшөөрөлгүй гэрэл зураг, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах тухай тодорхой тусгасан байдаг. 13.8.1-д оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны болон орох, гарах хэсгийг хамруулан гэрэл зураг авч, эсхүл дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан, эсхүл бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан cap хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан. Орон байр гэдэгт ажлын байр ч ордог.

- Дуу, дүрс бичлэгийг түгээж бай гаа эх сурвалжийг тодорхойгүй болгох, бүдгэрүүлэх зорилготой байдгийг олон нийт мэднэ. Магадгүй захиалж байгаа этгээд өөрийнхөө хаягаар шууд түгээхгүй. Тэгэхээр анх энэ хууль бус үйлдлийг хийсэн эх сурвалжийг олох боломжтой юу?

- Боломжтой байлгүй яах вэ. Жишээ нь, Таван толгой төмөр зам ХХК-ийн кейс дээр гэхэд дуу, дүрс бичлэгийг хянадаг эрхтэй ямар субъектүүд байдаг нь тодорхой. Тухайн өдөр хэн ажиллаж байв гэдгээс хөөгөөд үзэхэд олдох бүрэн боломжтой.

Тиймээс хамгийн түрүүнд цагдаагийн байгууллагад гомдол гаргах эрхтэй. Мэдээж хууль зөрчсөн асуудлыг тусдаа шалгаад явна. Нийгэмд иймэрхүү кейсүүд олон бий. Томоохон аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн мэргэжилтэн, ХАБ зэрэг тодорхой чиг үүрэг хэрэгжүүлдэг субъектийн дүрс бичлэг, зургийг олон нийтийн сүлжээнд тавьж байгаад буруутгадаг явдал нэлээд олон байдаг. Энэ бол хүний дүрс бичлэгийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа үйлдэл мөн. Үүнийг Эрүүгийн хуулийн 13.8-д зааснаар шалгахаас гадна Эрүүгийн 13.14 буюу худал мэдээлэл тараах гэдгээр давхар зүйлчлэгдээд ч явдаг.

зураг

 

Өдрийн сонин

Манай хуулийн фирм дээр энэ төрлийн тусламж үйлчилгээ авахаар ханддаг иргэд байдаг. Зөвхөн Зөрчлийн хууль, Эрүүгийн хуулиас гадна хүний нэр төр, алдар хүнд, нийгмийн байдлыг Иргэний хуулиар ч хамгаалсан. Эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэн "Миний дуу дүрс бичлэгийг ашиглаад олон нийтэд худал мэдээлэл тараасан" гэж Иргэний шүүхэд хандаж хариуцагч этгээдээр нэр төрөө сэргээлгэх боломжтой. Няцаах үүрэг нь худал мэдээлэл тараасан этгээдэд байдаг учраас энэ чиглэлээр нэхэмжлэл гаргаад явах нь илүү үр дүнтэй.

- Бусдын дуу, дүрс, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр түгээх нь Зөрчлийн болон Эрүүгийн хуульд ямар ял шийтгэлтэй байдаг вэ?

- Нэгд Зөрчлийн хуулийн 6.22-т зөвшөөрөлгүй гэрэл зураг, дүрс бичлэг түгээсэн бол иргэнийг 200 нэгжтэй тэнцэх мөнгөн дүнгээр, байгууллагыг 2,000 нэгжтэй тэнцэх мөнгөөр торгоно гэж заасан.

Эрүүгийн хуулийн 13.8-д дээр хэлснээр иргэнийг 450-700 нэгжээр торгох, эсвэл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 1-6 cap зорчих эрхийг хязгаарлах зэргээр шийтгэлтэй. Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ дээр яг ийм зүйлчлэлээр хэрэг үүсгэгдэж байсныг санаж байна.

- Нэр төр, алдар хүнд, худал мэдээлэл тараахтай холбоотойгоор иргэд сэтгэл санааны хохирол нэлээд амсдаг. Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчлэлээр энэ хохирлыг тооцдог болсон. Энэхүү төрлийн хэрэгт сэтгэл санааны хохирлыг тооцох уу?

- Тухайн иргэн миний гэрэл зураг, дуу дүрсийг зөвшөөрөлгүй олон нийтэд тараасан гэдэг гомдлоо цагдаагийн байгууллагад эхлээд гаргана. Эрүүгийн хэрэг үүссэний дараа мөрдөгч, прокурорт хандаж шүүх шинжилгээний байгууллагаар сэтгэл санааны хохирлыг тооцуулж болно.

Нэг зүйлийг онцолж хэлэхэд, олон нийтэд түгээгээд байгаа дуу, дүрс бичлэг зэргийг шүгэл үлээж байна гэж зарим иргэд үздэг. Энэ бол ташаа ойлголт. Шүгэл үлээнэ гэдэг болохгүй байгаа зүйлийг хуульд заасан арга хэрэгслээр илэрхийлж байгаа үйлдлийг хэлнэ. Түүнээс өөр гэмт хэргийг эрүүгийн хэрэг үйлдэх замаар шүгэл үлээнэ гэж ойлгохгүй.