Дарь-Эхийн доод булгийн халиа тошин үүсдэг хэсэгт хийсэн хаалт сэтэрч, авто зам руу ус оржээ
2024/03/13
Өчигдөр Дарь-Эх орчимд үүссэн шар усны үерийн талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газар /НОБГ/-аас дараах мэдээллийг өглөө.
НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Өчигдөр 23:00 цагийн үед Дарь-Эхийн зам дээр ус урсаад байна гэх бичлэг цахим орчинд түгсэн. Зарим нь өнгөрсөн намрын бичлэг байсан.
Дарь-Эхийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр дахь доод булагт өнгөрсөн арваннэгдүгээр сард халиа, тошин үүсэж, шар усны үер болоод байсан учир боож, хаалт хийсэн.
Ойрын өдрүүдэд дулаарснаас үүдэж хонхорт үүссэн цас хайлж, хаалт нь сэтэрч зам дээр ус буусан.
Улмаар дуудлагын дагуу шөнийн 00:00-01:00 цагийн хооронд тухайн дүүргийн Онцгой комиссоос цас мөсийг зөөвөрлөж, сэтэрсэн даланг янзалж, зам руу орж байсан усны голдирлыг гол руу орохоор болгож өөрчилсөн. Одоогоор эрсдэлгүй хэвийн болсон" гэв.
Нийслэлийн хэмжээнд огцом дулаарч, хүйтрэх цаг агаарын төлөвтэй байгаа учир нэмж цас, бороо орж, уулын хунгар цас хайлснаас үүдэн гэнтийн эрсдэл үүсэх магадлал өндөр байна гэдгийг тэрбээр онцлов.
Иймд мэргэжлийн байгууллагуудын өгч байгаа заавар, зөвлөмжүүдийг хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй байна гэв.
Зочин · 2024/03/13
Хот тэр чигээрээ усанд автахад ойрхон бна