Автобусны тормоз ажлаагүйн улмаас охины аминд хүрсэн гэв
2014/06/26
Өнөө өглөө 09:30 цагийн үед Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо, "Мэргэжилтний хорь"-ийн автобусны эсрэг талд онц ноцтой осол гарсан. Ослын улмаас нэг хүн алтан амиа алдсан. Зам хөндлөн гарч явсан охиныг нийтийн тээврийн том оврын автобус дайрсан юм.
Уг ослын талаар ЗЦГ-ын олон нийттэй харилцах тасгийн дарга С.Энхбат "Иргэдээс гэрчийн мэдүүлгээр хэргийг эцэслэн шийднэ. Баримт нотолгоо хэрэгтэй. Одоогийн байдлаар хэний буруу байсан нь эцэслэн тогтоогтоогүй байна. Шалгалтын ажиллагаанд хугацаа шаардагдана. Жолооч тухайн үед согтууруулах зүйл хэрэглэсэн байсан уу, ядарсан байсан уу, зүйрмэглэж явсан уу гэдэг нь тогтоогдоно" гэлээ.
Харин эл хэргийн талаар тус нийтийн тээврийн кондуктар "Намайг зорчигчдоос мөнгө хураагаад явж байхад нэг зүйл мөргөчих болсон "пүд" гэх чимээ гараад зогссон. Би за машин л шүргэчихлээ гэж бодоод харсан чинь ямар ч машин байхгүй байсан. Тэгээд жолооч гүйгээд гарахаар нь араас нь буусан чинь 14-15 насны охиныг дайрчихсан байсан. Талийгаач гарцгүй газраас гэнэт л гүйгээд гараад ирсэн гэсэн. Жолооч хараад тормозоо гишгэсэн ч тормоз нь ажлаагүй. Хятад накладаас болдог байх шиг байгаа юм. Ихэнх автобусны тормоз нь гүйцэд барихгүй гүйгээд байна гэж жолооч нар ярьдаг. Гэхдээ би тэр техникийн талын асуудлыг сайн мэдэхгүй. Манай жолоочид хоёр ээлжинд ажилладаг нойр дутуу байна гэж байхгүй" гэсэн юм.
Явган зорчигчид гарцаараа гарч байхыг анхааруулья. Энэхүү мэдээг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.
Х.Даваа