Автомашины нүүрсэн янданг хулгайлж, урагшаа хил гарган өндөр үнээр зарах тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Тэр дундаа Монголд хамгийн их орж ирсэн Японы “приус” маркийн автомашинуудын нүүрсэн янданг хулгайлж буй.

Судалгаагаар гурван приус тутмын нэг нь нүүрсэн яндангүй замын хөдөлгөөнд оролцдог нь тогтоогдсон байдаг. Нүүрсэн яндангүй автомашин нь агаарын бохирдлыг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл мэндэд хөнөөл учруулж байгааг “Өдрийн сонин” баримтат цуврал сурвалжилгаараа олон нийтэд хүргэж, анх удаа энэхүү сэдвийг нийгмийн анхааралд оруулж чадсан. Уг сэдэв төр, засгийн түвшинд яригдаж, улмаар УИХ-ын нэр бүхий гишүүд нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Тиймээс энэхүү хуулийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой ярилцлаа.


-Манай сонины нийгэмд гаргаж ирсэн нэг чухал сэдэв бол яах аргагүй автомашины нүүрсэн яндан. Үнэхээр байгаль орчин, хүний эрүүл мэндэд асар хор хөнөөлийг үүсгэдэг юм билээ. Таны хувьд уг хуулийн төслийг санаачилсан гишүүдийн нэг. Тэр утгаараа хуулийн төслийн гол агуулгыг хэлж өгөхгүй юү?

-Сэтгүүл зүй бол нийгмийн асуудлыг түрүүлж олж харж, ард иргэдэд мэдээлэх, цаашлаад шийдвэр гаргах түвшинд хүргэх үүрэгтэй. Энэхүү үүргээ “Өдрийн сонин” хараат бусаар гүйцэтгэж чадаж байгаад нь талархъя. төр, иргэн, сэтгүүл зүй ерөөсөө ийм л уялдаа холбоотой байх ёстой юм. Асуудлыг сэтгүүл зүйн салбар түрүүлж олж хараад, ард иргэдэд мэдээлэх. Асуудлыг нийгмийн анхааралд аваачна гэсэн үг шүү дээ. Улмаар иргэд тухайн асуудлаарх санал хүсэлтээ төрийн бодлогод тусгахын тулд сонгосон төлөөллөөрөө дамжуулна. Ингээд ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүд тухайн асуудлыг судлаж, боловсруулж, хэлэлцүүлээд УИХ-аар хууль батлан гаргуулдаг. тэрхүү хууль нь хэрэгжиж, эрх зүйн орчин бүрдсэнээрээ улс, нийгмийн хөгжил урагшилдаг. Тэр утгаараа сэтгүүл зүй хараат бусаар асуудлыг тал талын байр сууринаас хүргэх үүрэгтэй.

-Та бүхний санаачилсан хуулийн гол ач холбогдол юу байна вэ, сайд аа?

-УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Ж.Бат-эрдэнэ, н.Ганибал, Г.Дамдинням, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин болон миний бие Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай УИХ-ын 05 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Уг хуулийн төслийн гол агуулга бол автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулснаар таны түрүүн хэлсэн хулгайн үйлдлийг зогсоох, цаашлаад нийгмийн эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад бодит хөшүүрэг болох юм.

-Нүүрсэн янданг хулгайлж, хил гарган зарж борлуулдаг сүлжээ үүссэн гэдэг. Та бүхний өргөн барьсан хууль батлагдвал уг сүлжээг таслан зогсоох боломжтой юу?

-Сүлжээг таслан зогсоохын тулд л дээрх хуулийн төслийг өргөн барьсан. монгол Улсад автомашины нүүрсэн янданг авдаг сүлжээ үүссэн байна. Улмаар энэхүү сүлжээ хулгайлсан яндангаа бнхАУ руу хил нэвтрүүлэн худалдан борлуулдаг. Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээс үзэхэд 2020-2021 оны хооронд улсын хилээр катализаторын хаягдал нэрээр 27 тонн 585 кг автомашины нүүрсэн янданг хилээр гаргасан байна. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад багтдаггүй тул хулгайн замаар болон бусад байдлаар цугларсан нүүрсэн янданг энгийн горимоор гаалийн бүрдүүлэлт хийж, улсын хилээр ийн нэвтрүүлдэг байна. хилээр ингэж чөлөөтэй нэвтэрдэг болохоор нэг талдаа хулгайн гэмт хэрэг гарах нөхцөл бүрдэж байгаа юм. тиймээс энэхүү нөхцөлийг устгахын тулд дээрх хуулийн төслийг өргөн барьж байна.

-Хуулийн төсөл санаачлагчийн хувьд нүүрсэн яндангийн талаар судлагаа, дүгнэлтүүдтэй танилцсан байх аа. Ер нь нүүрсэн яндан автомашинд яг ямар үүрэгтэй юм бэ?

-Автомашины хөдөлгүүрээс ялгарах утаанд агууллагддаг онц аюултай нүүрстөрөгчийн дутуу исэл (Со), нүүрс устөрөгч (нС), азотын исэл (NOx), хортой бохирдуулагч, утаа үүсгэгч бодисууд, хүхрийн исэл, тоосонцор, хар тугалганы нэгдлүүд, альдегид, бензапирен болон бусад 200 гаруй химийн хорт бодисууд катализаторгүй тохиолдолд шууд агаар мандалд цацагдаж, ноцтой аюулд хүргэдэг. тийм учраас катализаторыг салгаж авах, зарах, хулгайлах зөрчил нь хүн болон хүрээлэн буй орчны эсрэг хийж буй онц аюултай үйлдэл гэж олон улсад үздэг. Автомашинаас ялгарах хорт утааг шүүх зориулалттай нүүрсэн янданг хулгайн аргаар болон сайн дураар худалдан борлуулах, улсын хилээр гаргах үйлдэл ихээр гарах болсон нь нийслэлийн агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх болсныг холбогдох судалгааны байгууллагууд танилцуулах болсон. харин манай улсад автомашины нүүрсэн яндагийн талаар зохицуулсан хууль, эрх зүйн акт байхгүй. иймд УИХ-ын 1998 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, т арифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулж, автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах талаар зохицуулах шаардлага бий болсон гэж ойлгох хэрэгтэй.

-Нүүрсэн янданг ашиглах зах зээл урд хөршид эрэлт ихтэй байдаг гэсэн мэдээлэл бий. Үүнээс болоод манайд нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг огцом нэмэгдсэн шүү дээ…?

-Мэдээж зах зээл байгаа болохоор л хулгайчид өдөр шөнөгүй яндангийн эрэлд явж байгаа. Таны хэлдэг гурван приусын нэг нь яндангүй гэдэг үнэн. Хэрэв энэхүү асуудлыг хуулиар зохицуулж өгөхгүй бол цаашлаад монгол Улсад явдаг бүх приус нүүрсэн яндангүй болох эрсдэлтэй. Зөвхөн приус ч биш бусад төрөл, маркийн автомашинууд ч ийм зориулалтын яндантай. Тиймээс энэ төрлийн хулгайн гэмт хэрэг зах зээл нь байгаа, эрх зүйн орчингүй энэ үед улам гаарна гэсэн үг. Тэр утгаараа нэн яаралтай энэхүү хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцээд батлах шаардлагатай. Нөгөөтэйгүүр олон улсын зах зээлд цагаан алт, родий, палладий зэрэг үнэт металлуудын эрэлт ихэсч, үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан автомашины нүүрсэн яндан буюу катализаторыг дахин боловсруулж, үнэт металл гарган авч худалдаалах хандлага нэмэгдсэн. Мөн БНХАУ-аас агаарын бохирдол, утаатай тэмцэх зорилгоор утаа их хаядаг автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хууль гарч, сайн шүүлтүүртэй яндангийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн нь эдэлгээ удаантай, шүүлтүүр сайтай элемент агуулдаг Япон улсад үйлдвэрлэгдсэн хабрид автомашинуудын нүүрсэн яндангийн эд ангийг хулгайлах гэмт хэргийн гаралт нэмэгдэх шалтгаан болсон гэж үзэж байгаа. Мөн иргэд сайн дураараа өөрийн болон бусдын автомашины нүүрсэн янданг худалдан борлуулах, үнэ нэмж дамлан зарах үйлдэл их байна. тиймээс автомашины нүүрсэн яндагийн талаар зохицуулсан хууль, эрх зүйн акт зайлшгүй шаардлагатай гэж үзсэн учраас дээрх хуулийн төслийг өргөн барьсан.

-Төгсгөлд нь танаас нэг зүйл сонирхож асууя. Сүүлийн үед Улаанбаатар хотод гарал үүсэл нь мэдэгдэхгүй өмхий үнэр үе үе мэдэгдэх болсон шүү дээ. Зарим хүмүүс уг үнэрийг нүүрсэн яндангүй автомашин нэмэгдсэнтэй холбон ойлгож байна. Таны хувьд энэ талын мэдээлэл байна уу?

-Мэдээж нүүрсэн яндангүй, яндантай хоёр автомашиныг зэрэгцүүлж зогсоож байгаад ялгарч байгаа утаанд шинжилгээ хийж болно. Хуулийн төсөл боловсруулж байхдаа энэ төрлийн судалгаа, дүгнэлтүүдтэй ч танилцсан. Таны хэлдгээр нүүрсэн яндангүй буюу хорт утааг шүүх шүүлтүүргүй болсон автомашинаас ялгарах үнэр амьсгал боогдуулсан өмхий, нэхүүн үнэр гарч байсан нь тодорхойлогдсон. Харин шүүлтүүртэй автомашины яндангаас гарах үнэр эрс өөр ялгаатай байдаг гэж үзсэн. Тэгэхээр энэ судалгаанаас харвал таны хэлдэг шиг өмхий, нэхүүн үнэр хотын төвд мэдрэгдэх боломжтой. Ийм үнэр мэдрэгдэж байна гэдэг бол автомашины нүүрсэн яндангийн асуудал дээд цэгтээ хүрсэн гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс бид энэхүү хуулийн төслийг яаралтай батлуулж, уг асуудлыг эрх зүйн хувьд зохицуулалттай болгох зайлшгүй шаардлага үүссэн.