Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатартай ярилцлаа.

 

УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох, нам, эвслүүд Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хянуулахаар хүргүүлсэн. Үүнээс үзэхэд Үнэн ба зөв сонгуульд бие даан оролцохоор болжээ. Яагаад бусад намуудтай эвсэл болоогүй, бие даан оролцохоор болсон юм бэ? Ямар зорилт, бодлоготой сонгуульд оролцож байна вэ?

 

Үнэн ба Зөв нам энэ удаагийн сонгуульд бие дааж биш, дангаараа оролцох шийдвэр гаргасан. Бусад намуудтай эвсээгүй шалтгаан бол, нэгдүгээрт, С.Эрдэнийн хүүгийн намаас эхлээд МАН, АН-ын хавчуурга намууд их байна. Нөгөө талдаа эдгээр намууд сонгуулиас бусад үед улстөр хийдэггүй. Улстөрийн нам гэдэг бол болохгүй зүйл дээр тэмцэж, акци хийдэг, оролцдог байх ёстой. Гэтэл таг дуугүй байснаа сонгууль болонгуут гэнэт шаагилдаад гараад ирдэг. Харин хувь хүмүүс, иргэний нийгмийн байгууллагууд тэднээс илүү тэмцэж, дуугарч байна. Тийм учраас Үнэн ба Зөв нам энэ удаагийн сонгуульд улстөрийн намуудаас илүүтэйгээр улс орноо гэж дуугарч байгаа иргэний хөдөлгөөнүүдтэй нийлж орно гэдэг зорилгоор эвсэл бололгүй, дангаараа мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Ингэхдээ “Хүчтэй сөрөг хүчин” гэдэг мөрийн хөтөлбөр өгсөн. Парламентын засаглалд хамгийн чухал зүйл бол сөрөг хүчний хяналт байх ёстой. Сөрөг хүчин нь эрх баригчдын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх тал дээр шахаж, тэмцдэг байсан бол өнөөдрийн эрх баригчид ийм дур зоргоороо аашлахгүй. Гэтэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд, ялангуяа 2020 оноос хойш МАН АН нийлээд нэгэндээ хяналтгүй, хамтдаа хулгай хийдэг систем яваад ирсэн. Үүнийг өөрчлөхийн тулд бид ард түмний парламент дахь нүд чих нь болсон сөрөг хүчин байя, эрх баригчдыг идэж уулгахгүй, хариуцлага тооцдог сөрөг хүчин байхыг зорьж байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр "Үндэсний Эвсэл" байгуулан сонгуульд оролцож байгаа, таны хувьд үүнд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа харагдсан. Саяхан та бас “Цагаан суварга”-ын орд дээр очоод ирсэн. Яагаад ингэх болов?

 

Н.Номтойбаяр “Олигархийн эвсэл” эсвэл “Хөрөнгөтний эвсэл” гээд байгуулчихсан бол надад хамаагүй. “Хулгайчдын эвсэл” гэж нэрлээд, хулгай хийсэн хүмүүс нь УИХ-д гараад ирвэл надад хамаагүй. Гэтэл “Үндэсний эвсэл” гэдэг бол худлаа шүү дээ. Ард түмнийг хуурч байна. Цагаан суваргын ордын хувьд бол 2014 оны 7-р сарын 01-ний өдөр буюу наадам далимдуулаад, тухайн үеийн УИХ-аар төр өөрийн эзэмшлээсээ татгалзлаа гэдэг шийдвэр гаргуулаад, 100 хувь өөрийн болгоод авчихсан байгаа юм.

 

Төр татгалзсан юм бол ард түмэн татгалзаагүй шүү дээ. Тийм учраас “Цагаан суварга”-ын төрийн эзэмшилд байсан хувийг ард түмэнд хувьцаа болгож өгөх ёстой. Тэгэх юм бол жинхэнээсээ “Үндэстнээрээ баяжъя” болно шүү дээ. Гэтэл стратегийн ач холбогдол бүхий 16 ордын нэг болох Цагаан суваргыг гэр бүлээрээ цусалчихаад, ахиад Нарийн сухайтын бүлэг ордыг бас л ганцаараа цусалчихаад, өдөр шөнөгүй Хятад руу зөөж байгаа хүн үндэстнээрээ баяжъя гээд балай юм ярьж болохгүй.

 

Ард түмнийг бухимдуулаад, тэмцэх шалтгаан нь болоод байгаа нөгөө бүлэглэл чинь Н.Номтойбаярын ард явж байгаа юм. Хулгайчдаа хөөгдсөн хулгайч эх оронч болчихдог юм уу? Хулгайч хэвээрээ л үлдэнэ биз дээ? Н.Номтойбаяр бол хулгайчдаа хөөгдсөн хулгайч. Түүний цаана М.Энхболдын “32-ын бүлэглэл” мөнгөөр дэмжээд, Ч.Сайханбилэгийн бүлэглэл, Ц.Элбэгдоржийн бүлэглэл ч бас цаана нь байгаа. Энэ хулгайчид нийлж ард түмнийг хуурахыг зөвшөөрөхгүй. Бид хулгайчдын эсрэг явах хүчтэй сөрөг хүчин, зөвийг дэмжих, зөв хамтрагч байхыг зорьж байна. Ийм зорилгоор Аудитын Газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Ер нь хулгайчид эхлээд хулгай хийнэ. Бид нар шиг хүмүүс хулгайг нь илчлэхээр үнэнийг үгүй хийхийн тулд нөгөө хулгайлсан мөнгөөрөө тролл арми байгуулаад ард түмний бодол санааг хулгайлдаг. Өөрийг нь хэн ч өмөөрөхгүй учраас хиймэл троллоор, мөнгөний төлөө нүдээ ухахаас ч буцахгүй золбингуудаар хүрээлүүлээд, ард түмнийг ахиад хуурах гээд “Үндэсний эвсэл” гээд яваад байгаад би эгдүүцэж байгаа юм. Н.Номтойбаяраа чи “Хулгайчдын”, “Олигархын”, “Хөрөнгөтний эвсэл” гээд байгуулсан бол чамайг шүүмжлэхгүй ээ. Ядарсан ард түмнийг 30 жил хуурч, мэхэлчихээд ахиад хуурах гээд явж байгаад нь миний хувьд эгдүүцэж байна. 

 

“Цагаан суварга” дээр нөхцөл байдал ямархуу байна? Бүтээн байгуулалт явагдаж байна уу? “Эрдэнэт” үйлдвэртэй дүйцэхүйц хэмжээний том орд гэдэг шүү дээ?

 

Цагаан суварга бол зэс, алт, мөнгөний орд. Эрдэнэт, Оюутолгойн дараа орох том орд. 150 тэрбум долларын өртөг бүхий нөөцтэй орд. Энэ мөнгийг төгрөгт шилжүүлбэл нэг хүнд 170 сая төгрөг ноогдоно. Харин энэ ордыг ашиглахад 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзэж байгаа юм билээ. Н.Номтойбаяр энэ ордод 400 сая доллар зарцуулсан гэдэг мэдээлэл бий. Гэтэл өөрийн эзэмшлээсээ татгалзсан төр тэр хувиа буцааж авья гэвэл Н.Номтойбаярт 350 сая доллар өгч байж авна гэдэг УИХ-ын тогтоол гаргуулчихсан. Н.Номтойбаярын гаргасан мөнгөнөөс 50 сая доллараар л бага мөнгө гаргаад ордынхоо 34 хувийг л авахаар юм хийсэн байна. Яагаад энэ ордыг төрийнх гээд байгаа вэ? гэхээр 20 гаруй жилийн турш улсын буюу татвар төлөгчдийн мөнгөөр хайгуул хийчихсэн. Цахилгааныг нь татчихсан. Тэгснээ төр нэг өдөр бид эзэмшлээсээ татгалзлаа, Н.Номтойбаяраа чи ав гээд үнэгүй өгчихсөн. Үүнийг хулгай гэж байгаа юм. Газар дээр нь очоод үзэхэд ажилчдын орон сууцны рам босгож байна. Тэрийг нь хятадууд барьж байна. Монголчууд харин хамгаалагч хийж байна. Үйлдвэр хариуцсан инженертэй нь уулзаад асуухаар Монголчууд бүтэхгүй байхаа, Хятадуудаар хийлгэж байгаа гэнэ. Монгол хүн хэзээ ажиллах вэ? гэж асуухаар үйлдвэр ашиглалтанд орохоор л Монголчууд ажиллах байх даа гэж хариулж байна. Яг л Оюутолгой шиг. Ингээд гадныхан нь ч, дотоодууд нь ч өөрсдийгөө луйварддаг. Нэгэнт Монгол хүнд өгөөжгүй юм бол ашиглахгүйгээр хойч үедээ үлдээчихье л дээ. Заавал өнөөдөр гадныхантай барьцаж хулгай хийж болохгүй биз дээ? Жирийн иргэд бид яах ёстой вэ? гэдэг агуулга энд харагдаж байгаа юм.

 

УИХ-д суудалгүй намуудыг АН-ын саналыг хуваадаг. АН-ын саналыг хуваах гэж л сонгуульд нэр дэвшүүлдэг гэж ярих нь бий. Энэ яриатай холбоотойгоор, жишээ нь танай намд МАН-аас тэр тойрогт хүн нэр дэвшүүлээч, тэгж санал хуваагаач гэж санал тавьж байсан уу?

 

Энэ бол АН-ын л золбин яриа. Ардчилсан нам сүүлийн 8 жил гудамжинд байсан юм бол сөрөг хүчний ажлаа хийхгүй яасан юм бэ? МАН ийм их луйвар хийгээд байхад УИХ дахь АН-ын 11 гишүүн нь яагаад тэмцээгүй юм бэ? Нам нь улстөрийн акц хийгээгүй юм? АН-ын дарга яагаад Л.Оюун-Эрдэнийн очсон газар манай Л.Оюун-Эрдэнэ мундаг гээд магтаад зогсож байгаа юм бэ? Ийм сөрөг хүчин байдаг юм уу? Бид тэмцээд, өөрсдийн замаараа явахаар А.Отгонбаатар АН-ын саналыг хуваах гэж байна, одоо боль гээд л. Ардчилсан нам ийм золбин яриа яритлаа шаландаа орсон байна. Өнөөдрийг хүртэл улстөр хийгээд явахад тийм яриа миний чихэнд орж ирээгүй. Хүмүүс тэгж ярьдаг. АН нэг зүйлийг л ойлго. Та нар байлдаачээ, сөрөг хүчний ажлаа хийгээчээ.

 

МАН ийм муу нэртэй байхад ялж чадахгүй бол та нар өөрөөр яаж ялах юм бэ? АН-ынхан бид нар 8 жил гудамжинд явлаа гээд байх юм. Та нар төрд ороод хулгай хийх гэж байсан юм уу? 8 жил гудамжинд яваад хоолгүй болчихлоо гээд орилоод байгаа юм уу? Зүгээр хөдөлмөрлөөд амьдар. Улстөр гудамжинд явна уу? Үгүй юу? Хамаагүй. Шударга ёс гудамжинд гарч болдоггүй юм. Шударга ёс гудмжинд гарчихаад байхад тэрийг тэнцүүлье гэхгүй, АН-ын гишүүд бид гудамжинд гарчихлаа гээд байна.

 

Нийлж хулгай хийж чадахгүй болчихож. Ийм золбин юм битгий ярь. Бусад намын тэмцэж байгаа итгэл үнэмшилд АН-ын зарим хүн гай болж байна. Үнэнийг л хэлье. Ч.Сайханбилэгийн ойрын, телевиз удирдаж явсан Ж.Отгонбаяр гэж залуу наад яриаг чинь гаргаж байгаа юм, гүтгэлэг. МАН-ын даалгавраар Үнэн ба худлаа нам сонгуульд оролцох гэж байна гээд. МАН-ын эсрэг 4 жил тэмцсэн би МАН-ын гар хөл юм гэнээ. Энэ бол Ч.Сайханбилэгийн суганы үс. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхболд гэх мэт хүмүүс өөрсдөө гарч ирэх гэхээр ард түмэн та нар муухай гээд хэлээд байна шүү дээ. Тийм учраас өөрсдийнхөө оронд гарч ирэх дүр бүтээдэг. Ах нар нь угждаг учраас ийм залуучууд бид нар шиг хоногийн хоолоо олох гэж явдаггүй, худлаа цуурхал тараагаад амьдарч байх зорилготой. М.Зоригт гээд “Бидний цөөхөн Монголчууд” төслийн хүн одоо Н.Номтойбаярын эвслээс Дорнодод нэр дэвшинэ гээд явж байгаа. Энэ хүн эвлүүлэг хийгээд цацаж байгаа юм. Энэ бүлэглэл бидний хэлсэн үнэнг муухай харагдуулах юм хийж байна. Нөгөө “Эмоци”-ийн Цогтоо бас бидний хийсэн бичлэгээс эвгүй хэсгийг нь тасдаад, элэг доог болгох гээд оруулсанг нь шейрлээд сууж байна. Хулгайчид үнэнийг баллуурдах гэж оролддог. Өнөөдөр Монголын төрийн дээр байгаа ийм бүлэглэл энэ удаагийн сонгуулиар зайлах гээд байгаа учраас яаж ийж байгаад хүмүүсээ оруулах гээд байна шүү дээ. Ийм хулгайчдыг төрд оруулах хэрэггүй. Монгол руу гадаадын дайснууд дайрсан бол би энэ хулгайчдын сумыг нь зөөгөөд, буудаад бай гээд гүйх байсан. Харин энэ удаагийн сонгуулиар бид Монгол төрд үүрэлсэн дотоодын дайснуудтай тэмцэх гэж байгаа.

 

Энэ дайснууд өмч хувьчлалын хулгай хийсэн, баялгийн хулгай хийсэн. Энэ хүмүүстэй бид үзэх гэж байна. Баялгийн хулгай хийсэн хүмүүсийн нэг нь Н.Номтойбаяр мөн үү? М.Энхболд мөн үү? Ц.Элбэгдорж мөн үү? Мөн байна. Эд нараар удирдуулсан эвсэлд нэгдэж орчихоод, манай хулгайч гайгүй хулгайч байгаа юм гээд, би гишүүн болж байвал хамаагүй гээд чимээгүй явах уу? Би тэгж чадахгүй.

 

Энэ удаагийн сонгуульд Үнэн ба Зөв нам суудалгүй үлдсэн ч хамаагүй. Нэр дэвшиж байгаа хүмүүс үнэт зүйл, үзэл санаагаа гээхгүй оролцоно. Бид УИХ-д гарахын тулд худал хуурмаг байж чадахгүй. Улстөрд хүн ялагдаж болно. Зарчмаа худалдаж болохгүй. Хүн зарчимдаа, өөртөө ялагдаж болохгүй. Бид эхлүүлсэн зүйлээ дуустал явна. Та нарын шүтээд байгаа хүмүүс бүгд нийлж байгаад тархи угаана. Түүнд нь итгээд гэм хийгээгүй биднийг гэмтэн мэт бодож байгаа бол буянаараа болог. Бид энэ сонгуульд үзэл санаа, итгэл үнэмшлийг дэвшүүлж байгаа. Монгол хүн эх орондоо эзэн байж, жаргалтай амьдрах ёстой. Алдагдсан боломжуудаа эргүүлж авах ёстой. 

 

“Нарантуу”л захын эзэн Ш.Сайхансамбуу таньтай холбоотой зүйлийг ярьсан бичлэг цахим орчинд цацагдсан. Та үнэхээр тус бичлэг дээрх шиг Ш.Сайхансамбуу гэж хүнээс олон зуун сая төгрөгийн санхүүжилт аваад, гэнэт нэг өдөр холбоо ч үгүй яваад өгсөн юм уу?

 

Намайг Цагаан суваргын орд руу явангуут Сайхнаа ахаас ийм яриа аваад, нийлүүлээд цацаж л дээ. Бид Цагаан суварга яваагүй бол ийм бичлэг цацагдахгүй. Үүний зорилго юу юм бэ? Биднийг гутаах. Баян хүний үг үнэн, ядуу хүний үг худал байдаг юм уу? Ш.Сайхансамбуу гэж хүний үг үнэн, миний үг худал гэдэгт та нар итгээд байгаа юм уу? Аливаа юм мөртэй.

 

Үнэн ба Зөв намыг Ш.Сайхансамбуу ахтай хамтраад байгуулаад явахдаа зардлаа гаргахын тулд би “Нарантуул” зах дээр 10 лангууны газар гаргаад өгөөчээ, тэнд гутлын наймаа хийе. Тэндээсээ зардлаа гаргаад залуучуудаа санхүүжүүлээд явья л гэж гуйсан. Ингээд лангуу гаргаж өгсөн. Сайхнаа ах манай намаас гараад лангуугаа хураагаад авсан. Энэ лангууг ажиллуулах хугацаандаа “Нарантуул” захад би 200 гаруй сая төгрөгийн түрээс төлсөн.

 

Эрхэм Сайхнаа ахаа та бидэнд үнэхээр мөнгө өгч байсан юм бол яагаад түрээс авсан юм бэ? ярьж байгаа шигээ та нар түрээсгүй ажиллуулаад, амьдралаа бод гэхгүй яасан юм? Цагаан дээр хараар байгаа шүү дээ. “Нарантуул” захад аудитын шалгалт орох ёстой юм уу? Хуйвалдаад түрээслэгчдийн мөнгийг нуун дарагдуулдаггүй л юм бол миний төлсөн түрээсийн баримт байж байгаа. Сайхнаа ахаа би хамт явсан хүнээ муулах дургүй. Танд нэг юм хэлэхэд би олон зүйл ярьж чадна. Би ярих юм уу? Яах юм? Таны надад гаргасан авируудыг бүгдийг нь дуугүй өнгөрөөгөөд, хүн чанар гаргаад би зүгээр л урагшаа явж байгаа. Олон хүн намайг Ш.Сайхансамбуугийн суганы үс гээд доромжилж байхад би тийм байгаагүйнхээ төлөө гүтгүүлсэн ч би чимээгүй л явж байна. Монголд баян хүний үг үнэн, ядуу хүний үг худал гэж ойлгож байгаа бол хүссэнээрээ итгэ. Бид яриад байгаа шиг нь юм аваагүй. Энэ намын залуусаа би “Нарантуул” дээр ажиллуулж байсан лангууны орлогоороо цалинжуулаад явж байсан, үнэн. Бүх хүн гэрчилнэ. Тэгэхээр эд нар их сандарч байна шүү дээ. Н.Номтойбаяр болон бүлэглэл ямар хүчтэй байна вэ? Хөөрхий Сайхнаа ахыг маань хүртэл худалдаж аваад, тийм бичлэг хийхэд хүргэж байна гэдэг бол энэ хулгайчид үнэхээр айж байгаа юм байна. Гэхдээ эд нар сонгуулийн өмнө л айж байгаа юм. Сонгуулийн дараа үнэн үг хэлсэн бүх хүнийг шоронд хийнэ. Тийм учраас яг энэ цаг үед ард түмэн маш ухаалаг байх ёстой гэж бодож байна.

 

Эрх барьж байгаа намын мөрийн хөтөлбөрийг дүгнэж, ард түмэн дүн тавьж байж дараагийн удаа итгэл хүлээлгэх эсэхээ шийддэг байх. Удахгүй УИХ-ын сонгууль болно. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд МАН-ын хийсэн ажлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

 

Ямар нэг ажил хийсэн бол л дүн тавина биз дээ? Юу ч хийгээгүй. Хийсэн ганц сайн зүйл нь тогтолцооны шинэчлэл. Сонгуулийн системийг пропорциональ болгож, бүс болгож хуваасан. Өөр юу ч хийж чадаагүй, хоорондоо хэрэлдээд дууссан. Тийм учраас би эд нарт дүн тавихгүй. Тогтолцооны өөрчлөлт төгс биш, харин зөв байсан уу? гэвэл би зөв байсан гэж хэлнэ. Жалга довны улстөрчдөөсөө одоо салах байх гэж итгэж байна. Мөнгөний улстөр өөрчлөгдөх байх. Дараагийн парламентад жагсаалтаар орж ирсэн 48 хүн магадгүй үйлдвэр барья, залуучуудаа эх оронд нь ажиллуулдаг болъё гэж орилдог болох байх. 76 чинь тойргийнхоо цэвэрлэгчийг хэн томилох вэ? гэдэгт оролцдог байлаа. Монгол бөх барьц сонгодог байхад бүгд жингээ нэмдэг байсан. Барьц сонгууулахгүй идэвхээр дүгнэдэг болсон чинь жин хэрэггүй болоод ирлээ. Ганц өөрчлөлт л Монгол бөхөд ийм үр дүн авчирлаа. Үүн шиг тогтолцооны өөрчлөлт Монголын улстөрд сайн өөрчлөлт авчирна гэж бодож байгаа. Харин хулгайчдаасаа салах гээд, эхнийхийг нь арай гэж цэвэрлэх гээд явж байхад дараагийнхийг нь оруулж ирж битгий тэнэглээчээ. Ийм байх юм бол бид юунд найдах вэ? тийм учраас МАН-ын ажлыг би дүгнэхгүй. Харин тогтолцооны өөрчлөлт зөв байсан гэж хэний ч өмнө хэлнэ.

 

Зарим хүн намайг чи Л.Оюун-Эрдэнийн гар хөл боллоо гэнээ. Энэ Засгийн газрыг, Л.Оюун-Эрдэнийг шүүмжилсэн, тэмцсэн би гар хөл нь юм байна. Шүүмжлээгүй та нар юу нь байсан юм бэ? Ардчилсан намынхаан, өөр бусад намынхаан. Хумсны толио нь байсан юм уу? Хүнийг ингэж гүтгэж болдог юм уу? Бид хүчтэй сөрөг хүчин байхын төлөө явна. Нөгөө талдаа хийж байгаа зөв зүйлийг хийх хамгийн сайн хамтрагч болно.

 

Монголын улиг болсон энэ улстөрийг үргэлжлүүлэхгүй. Цоо шинэ улстөр рүү алхана. Монгол Улс энэ 30 жил улстөрөө дийлээгүй учраас өнөөдрийн ийм байдалд хүрсэн. Хэн нэг нь зөв зүйл хийж байвал яаж ийж байгаад наадхаа унагаа, тэгэхгүй бол нэр хүнд нь өсөх гээд байна гэдэг. Буруу юм хийж байгаадаа алдааг нь битгий хэл, алдаад дуусахаараа нэр хүнд нь унана, тэгээд манай нам ялна гэдэг. Жингийн хоёр туухай шиг явж ирсэн. Харин энэ удаа МАН, АН хоёр хоёулаа шалруугаа унаж байгаа. Үүндээ бачимдахдаа, бидний талаар муу муухай байхгүй учраас хамт татаж унагахын тулд ийм зүйл яриад байгаа юм. Тийм учраас Л.Оюун-Эрдэнэ ч бай, Бат ч бай, та ч бай зөв зүйл хийж байвал дэмжинэ. Хэнээс ч ичихгүйгээр үүнийгээ илэрхийлнэ. Буруу зүйл хийж байвал хэнбугай ч бай тэмцэнэ. Зөв зарчмыг улстөрд тогтоохгүй бол улиг болсон 30 жилийн улстөр МАН, АН бол цаг хугацааг хуурагчид. Яг энэ байдлаараа улстөрөө үргэлжлүүлэх гээд, мань мэтийг гутаан доромжлоод, тролл армиараа хуурах гээд оролдоод л байгаа юм. Дийлэхгүй дээ. Ард түмэн тэнэг биш болсон. Эд нар мэдэхгүй байна. 2016 он шиг, 2020 он шиг байгаа гэж найдаад байна. Үгүй ээ, ард түмэн хэрсүү болсон. Ойлгох нэг нь чимээгүй хараад, ойлгоод сууж байгаа. Тийм учраас бид Монголын төрд хяналт тогтоохын төлөө өөрсдөөс шалтгаалах бүхнийг чин сэтгэлээсээ хийнэ. Бид сонгуульд ялагдвал амьдарч чадахгүй хүмүүс биш шүү дээ. Бид сонгуульд ялагдсан ч шоронд орохгүй. Эд нар харин сонгуульд ялагдвал шоронд орно шүү дээ. Тийм учраас л эд нар үхтлээ айж, байдаг бүхнээ тавьж байгаа юм. Бүх юм хоорондоо ялгаатай гэж бодож байна. 

 

Танд баярлалаа.

 



Ярилцсан М.Чойжал

сонин.мн