Ерөнхийлөгч “жонхуу” зуурав
2014/06/27
Ерөнхийлөгч нь хэвлэл мэдээллийнхнийг цуглуулан нэг сайдаа дуудаж загнаад, зөвлөөд, ухуулаад, айлгаад, магтаад, муулаад байгаагийн аль нь ч биш жонхуу шиг юм хийсэн тохиолдол дэлхийд урд өмнө болж байсан үгүйг дуулаагүй юм байна.
Тийм шаардлага гарсан хэдий ч ийм сүр дуулиан бололгүй жич уулзалт хийгээд сануулга анхааруулга өгөөд дуусгах асуудал байлаа. Ерөнхийлөгчийн үйлдэл ганц бидэнд биш дэлхий нийтэд мэдээ болж очдогийг мартаагүй баймаар, сайдаа онигоонд хийлээ гэж л мэдээлнэ. Ард түмэнд эв нэгдлийн тухай уриалга хүргүүлэх яаралтай шаардлага гарсан бол уг гишүүнийг хагас цаг хажуудаа цэцэрлэгийн хүүхэд шиг дүмбийтэл суулгах хэрэг байсан уу? Дэндүү болхи харагдсан гэж дүгнэмээр байна. Баттулга гишүүний оронд би байсан бол тэгж тэвчээртэй загнаж чадахгүй: энэ гишүүний суудлаа ч ав гээд мэдэгдлээ хийчихээд гараад л явчихна , ард түмэн үзэгчдээ хүндлэхгүй нэвтрүүлэг хаяад гарч чадсан хүн байж хагас цаг донгио царайлж суусныг нь бодохоор хоёр нүүр гаргаж чаддаг хүн юм байна гэж бодогдлоо. Гэхдээ энэ уулзалт Баттулгад гэхээсээ илүү бидэнд зориулсан гэдэгтэй хүн бүр санал нэг биз. Ерөнхийдөө Баттулга гишүүний орон зайг хасаад сонсвоос цагаа олсон зөв дүгнэлт хийсэн байна эрхэм Ерөнхийлөгч.
“Зууны чухал сэдэв”-нд нарийн царигийг дэмжсэн Дамба гэх хүнийг эс тооцвол хэтэрхий нэг талыг барьсан захиалгат нэвтрүүлэг болсонд эргэлзэх зүйл алга. Нарийн царигийн давуу талыг “бурхны зураг” “одоо дүүрсэн хэрэг” хэмээн тайлбарлаж суугаа нь бүүр ч өрөвдөлтэй, ийм чадвар дульхан хүн агентлагийн ерөнхийлөгчийн алба хашаад л явж байх уу? Нэвтрүүлэгт уригдаж очсон хүн шоронгийн хэллэгээр бусдыгаа ард түмний нүдэн дээр доромжилж байгааг хараад хөрөнгө мөнгөөр аархдаг хүнээс л ийм авир гарна даа гэж өөрийн эрхгүй бодогдлоо. Матаас хийдэг олиггүй хүнийг “бууны нохой”-гоор дууддаг болохоор тэнд хэн нь нохой болсныг ойлгосон ч үгүй. Төмөр замын гарц олширвол улс орны аюулгүй байдалд муугаар нөлөөлж цэрэг, танк ороод ирэх мэтээр аюул нүүрлэнэ гэж тайлбар хийх нь бүдүүлэг, болхи, оновчгүй юм. Шаардлага гарвал тэр замыг хааж боох, таслах, дэлбэлэх бодлогыг нь боловсруулж хариуцаж байдаг нууцын албад манайд бий гэдэгт огт эргэлзэхгүй байна.
Дүгнээд хэлэхэд нарийн, өргөн царигийн алийг нь ч тавилаа ялгаагүй улс орны хөгжлийг зайлшгүй өөдөө татах алхам мөнөөс мөн, харамсалтай нь гагцхүү би юу чи юу гэдэг хэдэн хүний шуналаас болж ард түмнийг хагаралдуулах хэмжээнд очихуйц болгосон нь үнэхээр эмгэнэл юм.
Мэргэжлийн институт, байгууллага, холбогдох албаныхан хамтдаа дүн шинжилгээ хийж, судалгаа тооцоо гаргаад, төсөл, төсөв хөрөнгөө тооцоод ирэхээр Монгол улсад нарийн, өргөний аль нь ашигтай вэ гэдэг нь тодоос тод харагдана, маргах зүйлгүй.
Ингээд үүнтэй холбоотой ”Цензургүй яриа” нэвтрүүлэг үзлээ. Го.Бадарч хэмээх найруулагчийн яриаг сонсоод үнэн гэдэг юм олныг сонслоо, учир нь тэр хүний нийгэмд бичигч би бээр амьдарч байсан юм. Цусны хольцтой хүн ийм “хагаралдуулах” сэдвээр нэвтрүүлэг хийсэн болохоор баригдаж хоригдсон гэж бодохгүй байна, түүний оронд өөр найруулагч байлаа ч мөн л шалгагдах байсан байх гэж бодож байна. Улс орныхоо эрх ашиг, хөгжил цэцэглэлтийг умартаж тендер, төсөл, лиценз, авилгалаас өөрийг сэтгэхээ больсон зарим нэг эрх мэдэлтэн, дарганцар нарын дэргэд бол энэ найруулагчийн зүрх нь харин монголоороо цохилдогт баярлалаа.Эцэст нь хэлэхэд эрхэм ерөнхийлөгчийн сайхан ярьдаг чадварыг, нүднээс нулимс дуслуулах авъяастайг ард түмэн бид мэднэ, итгэдэг, би ч мөн ялгаагүй. Харамсалтай нь ярьсан тань биелэж, хүссэн тань хэрэгжиж, амласан тань гүйцэлдсэн тохиол хуруу дарам цөөн шүү хэмээн сануулъяа!
Идэвхтэн бичигч С.Өгөөмөр