А.Отгонцэцэг: Хүн амины хэргийн сэжигтэн байж болзошгүй этгээдүүдийг яаралтай цагдан хорих шийдвэр гаргуулж, полиграфтай мэдүүлэг авч өгнө үү
2024/04/08
Монгол Улсын зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Ганжаргалыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Хасу Шивэрт” рашаан сувиллын гаднаас 2022 оны долоодугаар сарын 8-9-ний шилжих шөнө нас барсан байдалтай олджээ. Эл хэрэгт хамаарах баримт нотолгоог холбогдох байгууллагаас дутуу бүрдүүлж, үзлэгийг бүрэн гүйцэд хийгээгүй талаар ар гэрийнхэн нь өнөөдөр мэдээлэл өглөө.
-Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх хангалттай нотолгоо бий гэв-
Энэ талаар талийгаачийн эхнэр А.Отгонцэцэг Хүн амины хэрэг үйлдсэн байж болзошгүй, сэжигтэй этгээдүүдийг яаралтай цагдан хорих шүүхийн шийдвэр гаргаад дахин мэдүүлэг авах шаардлагатай гэж үзэж байна. Хоёрдугаарт хэргийн газрыг анх шалгаж байсан Архангай аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн болон шинжээч эмч нараас байцаалт авах ёстой.
Орон нутагт үйлдэгдсэн энэ хэрэг Онц Хүнд Гэмт Хэрэгтэй Тэмцэх Хэлтэст шилжээд гурван хүний бие бүрэлдэхүүнтэй хэрэг мөрдлөг явуулаад бүтэн жил боллоо. Энэ хугацаанд дээрх гурван хүн хэргийн ул мөрийг баллах л ажил хийлээ. Үүнийг нотлох баримт бидэнд бий. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурал (УИХ)-ын дарга Г.Занданшатар, Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Б.Энхбаяр, Хууль Зүйн Байнгын Хорооны дарга Д.Цогтбаатар нарт хандаж гомдол гаргасан. Энэ өргөдөлдөө нотлох баримтын зарим хэсгийг нь хавсаргасан.
Талийгаач нөхөр маань "Эрүүл шүд - Эрүүл Монгол" төслийн хүрээнд 36 хүний бүрэлдэхүүнтэй Архангай аймагт ажиллаад сүүлийн өдрөө "Хасу Шивэрт" рашаан сувилалд очсон. Ингээд тухайн төсөлд ажиллаж байсан Нүүр Ам Судлал Сургууль (НАСС)-ийн таван багш тус рашаан сувиллын "Б" корпусын дөрвөн давхарт байрлаж бусад 31 хүн өөр байранд амрахаар болсон юм билээ.
"Б" корпусын 401 тоотод талийгаачтай хамт нэг сургуульд багшилдаг Нүүр Ам Согог Заслын багш н.Гантөмөр, Нүүр ам мэс заслын багш н.Ганбаатар нартай хамт байсан. Хажуу өрөөнд нь сургуулийн захирал Б.Батбаяр, тэнхимийн эрхлэгч н.Даваахүүтэй хамт байрласан. Тэд хэрэг гардаг өдрийн өмнөхөн 22:00 цагийн үед өрөөндөө орж 00:00 цаг хүртэл халуун рашаанд орсон. Улмаар гадаа сэрүүн байсан тул байрандаа буцаж очсон юм. Замдаа их ядарсан тул сууж байгаад шавийгаа дэрлээд унтчихсан. Ингээд багшийгаа гурван шавь нь өрөөнд нь оруулж өгсөн.
Өрөөнд оруулж ирэхэд бүх хаалга, цонх нь хаалттай байсныг тэдний өгсөн мэдүүлгээс харж болно. Тухайн үед шөнийн 01:00 цаг болж байхад өрөөндөө орохдоо ухаан санаа нь эрүүл, согтолтын зэрэг маш бага байсан гэдгийг шинжээчид тогтоосон. Ингээд дөнгөж өрөөндөө орж унтсан хүнийг шалгахаар сургуулийн захирал н.Батбаяр, н.Даваахүү нар нь орж ирэхэд хөнжил дотроо биеэ хучаад унтаж байсан гэдэг мэдүүлэг өгсөн. Яагаад тэр хүмүүс дөнгөж унтахаар өрөөндөө орсон хүнийг араас нь шалгаж орж ирэв гэдэг нь сэжигтэй.
Мөн 02:30 орчим цагийн үед н.Ганбаатар нь өрөөндөө орж унтсан. Ингэхдээ өрөөнд хүн байсан эсэхийг мэдээгүй, согтуу байсан гэж мэдүүлсэн. Өрөөний орны байрлалыг харвал ямар ч хүн орж ирээд орчин тойрноо харах боломжтой байсан. Үүн дээр их эргэлзэж байна. Эргэлзэх бас нэг шалтгаан нь тухайн амралтын газрын өрөө нь гурван тагттай. Нэг тагтнаас нь талийгаачийг өндрөөс унаж амиа алдсан гэж мэдүүлсэн. Өндрөөс унасан болгож хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж хардаж байна. Учир нь хэргийн газар дээр анх очсон н.Болормаа гэдэг шинжээч тагтны бариул дээрээс долоон ширхэг хурууны хээ олсноо баримтжуулсан. Бэхжүүлж авсан хурууны хээгээ хамт явсан хүмүүсийнхтэй нь харьцуулахад хэнийхтэй нь ч таараагүй. Нас барсан нөхрийн маань хурууны хээтэй хүртэл таараагүй.
Ингээд хэрэг гарснаас гурван сарын дараа буюу 2022 оны аравдугаар сарын 19-ний шүүх эмнэлгийн дүгнэлтээр н.Ганбаатарын хурууны хээг олсон. Хэрвээ талийгаач тагтаар гарч өндрөөс унасан бол бариул дээр нь хурууны хээ нь үлдэх ёстой. Гэтэл талийгаачийн хурууны хээ байгаагүй.
Талийгаачийг өндрөөс унаж нас барсан байж болзошгүй талаар өглөөний 09:00 цагийн үед амралтын газрын ажилтан анх мэдээлэл өгсөн. Өрөөнд хамт байсан хүмүүсээс өглөө нь таних эсэхийг нь асуухад бид танихгүй, хамт яваа хүн биш байна гэж хэлсэн. Хамт олон жил ажиллачхаад дөрвөн давхар буюу 11 метрийн өндрөөс нэгнийгээ хараад таниагүй гэдэгт гайхмаар.
Өглөө нь хэрэг явдлын талаар мэдчихээд хамт яваа бусад 31 хүндээ огт хэлэлгүй, дөрвөн цагийн турш нууцалсан байдаг. Энэ мэтчилэн мэдүүлгийн зөрүү их, хардах үндэслэлтэй баримтууд байсаар байтал хэргийг шалгаж буй мөрдөгчид хамт байсан хүмүүсийг нь огт шалгахгүй байгаад гайхаж байна.
Гэр бүлийнхэн нь тухайн өдрийн 10:00 цагт мэдээлэл аваад Архангай аймаг руу явж байхад шинжээч эмч нь байнга залгаж дарамталсан. Ингээд Архангай аймгийн төв дээр орой 18:00 цагийн үед очиход шинжээч эмч нь хоолоо идчихээд буцаж ирээд шинжилгээгээ хийе гээд хаяад явчихсан. Гэгээ тасраагүй үед хэргийн газар дээр шууд очих хүсэлтэй байсан ч шинжээч эмчээс болоод тэгж чадаагүй.
Бид нарыг хотоос ирснийг мэдчихээд дээрх багш нар нь "Хасу Шивэрт"-ээс машинаар аймгийн төв рүү очсон. Энэ үед манай ангийн охин тэдэнтэй хамт нэг машинд сууж ирсэн. Энэ үед нэг багшийнх нь утас руу цагдаагийн газраас залгаж ар гэрийнхэн нь ирсэн байна гэдэг мэдээлэл өгсөн гэж ангийнхаа охиноос сонссон. Яагаад хэрэгт хамааралтай байж болзошгүй хүмүүс рүү цагдаагийн газраас мэдээлэл өгч байгаа юм бэ. Үүнийг шалгаж өгөөч гэж хэргийн мөрдөгчдөд хэлсэн ч өдийг хүртэл огт шалгаагүй.
Нөхрийнхөө цогцсыг анх хараад л өндрөөс унасан биш хүн амины хэрэг байна гэдгийг гадарласан. Тиймээс хэрэг болсон газрыг харах хүсэлтэй байсан тул багш нараар замчлуулаад очсон. Ингэхдээ 30 км буюу ойролцоогоор нэг цаг орчим явах газарт төөрүүлээд хугацаа алдсан. Энэ үедээ хэргийн газрын бүх зүйлсийг цэвэрлэж амжсан.
Амиа алдсан гэх газарт нь очиход төмөр хашлагатай, модон дээвэртэй генератор байрлаж байсан. Хэрвээ миний нөхөр тус байрны голын тагтан дээрээс унасан нь үнэн бол генераторын дээвэр дээр ямар нэгэн ул мөр үлдэх ёстой. Гэтэл ямар ч тийм зүйл байгаагүй. Сүүлд цагдаагийнхан туршилт хийгээд тус тагтан дээрээс доош нь эд зүйл унагахад тэр дээвэр дээр туссан. Гэтэл талийгаачийн цогцос генераторын хажууд нь байрлалтай олдсон.
Тодруулбал хэрвээ талийгаач тэр тагтан дээрээс унасан бол генераторын хамгаалалтын дээвэр ямар нэг байдлаар эвдрэлтэй байх нь тодорхой. Гэтэл биднийг очих үед энэ дээвэр нь бүрэн бүтэн, бүгдийг нь арчиж цэвэрлэсэн байдалтай угтсан юм.
Яагаад хэргийн газрын нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж хардаж байна вэ гэвэл хэргийн газрын анхны үзлэгээр талийгаачийн толгой хэсэг байрласан газар нь ямар ч чулуугүй, өвслөг газар гэдэг нь илэрхий байсан. Гэтэл гурван сарын дараа хэргийн газрын нөхөн үзлэгээр толгой байрласан хэсэг газарт том чулуутай, өмнө нь ямар нэг эвдрэлгүй байсан хамгаалалтын дээврийг хонхойлгосон байдалтай хүлээж авсан.
НАСС-ийн захирал Б.Батбаяр нь хэрэг явдлын дараа хотод ирчхээд яаралтай хөдөө явлаа гэж сургуулийнхаа групп чатанд бичсэн. Үүнийх нь дагуу ямар ажлаар хөдөө явсныг нь шалгаж өгөөч гэж холбогдох байгууллагынханд хүсэлт тавихад амаар мэдүүлэг аваад өнгөрсөн. Бид хэргийнхээ ул мөрийг баллах зорилгоор Архангай руу буцаж явсан гэж хардаж буй.
Үүгээр ч зогсохгүй Б.Батбаяр нь Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар (ШШЕГ)-ын гадаа байхдаа нэр бүхий шинжээч эмчээс бичгийн цаасны хэмжээтэй бор өнгийн хавтастай материалыг машинд сууж байхдаа авсан гэдэг мэдээллийг бид нар аваад уг хэргийг шалгаж буй мөрдөгчдөд шаардлага тавьсан. Гэтэл Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга н.Энхтөр нь бидэнд өгсөн хүсэлтийг Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т шилжүүлсэн гэж мэдээлэл өгсөн. Яагаад хэргийн материал байж болзошгүй бичгийг өгсөн байхад авлига гэж үзээд АТГ-т шилжүүлсэнд нь гайхаж байна.
АТГ-ын мөрдөгч нь дуудаж уулзаад яагаад уг баримтыг авлига гэж үзэж байгааг тодруулсан. Учир байдлаа хэлтэл үүнийг шалгах чиг үүрэг бүхий байгууллага нь бид биш. Уг хэргийг шалгаж буй мөрдөгчид энэ материалыг шалгах ёстой, хүсвэл хэргийг шалгаж буй мөрдөгчөөсөө хуулийн дагуу татгалзах эрхтэйг минь сануулсан. Ингээд удаа дараа мөрдөгчөөсөө татгалзаж өөр хүн томилж өгөхийг холбогдох байгууллагаас нь хүссэн юм.
НАСС-ийн дарга н.Батбаяр нь 2020 онд тус сургуулийн захирлаар томилогдож очсон. Тэр үед талийгаач Г.Ганжаргал нь эмнэлгийн даргаар нь ажиллаж байсан юм. Б.Батбаярыг томилогдож ирснээс нь хойш талийгаач ажилдаа очих дургүй, их дарамттай байдаг талаар нэг бус удаа ярьсан. Хүүгээ төрснийх нь дараа ажлаасаа нэг жилийн чөлөө аваад, дахиж сургуульдаа очихгүй гээд амралтаа авчихсан байсан хүнийг НАСС-ийн дарга Б.Батбаяр нь албадан хүч хэрэглэж авч явсан.
Миний нөхрийн амь насанд халдсан байж болзошгүй гэдэгт иргэн хүнийхээ хувьд хардах эрхтэй. Маш их мөнгөтэй холбоотой асуудлыг салбарынхан нь ярьдаг. Австри улсаас Монгол Улсад орж ирсэн хоёр сая еврогийн асуудал яригддаг.
Б.Батбаяр нь "Эрүүл Монгол - Эрүүл шүд" төслийнхөө хүрээнд Хөвсгөл аймгийн Хатгалд очоод их хэмжээний газар худалдсан авсан гэсэн яриа бий. Мөн н.Гантөмөр нь хөгжлийн төвөөр дамжуулан их хэмжээний мөнгө завшсан талаарх яриа талийгаач болон Б.Батбаяр нарын дунд болсон гэж гэрчүүд мэдээлдэг. Энэ мэт мөнгөтэй холбоотой олон асуудал бий тул бүгдийг нь шалгаж өгөөч гэж АТГ-т хүсэлт тавьсан. НАСС-д аудитын шалгалт оруулах хүсэлтэй байна. Хүн амины хэргийн сэжигтэн байж болзошгүй этгээдүүдийг яаралтай цагдан хорих шийдвэр гаргуулж, полиграфтай мэдүүлэг авч өгнө үү. Хүн амины хэргийг нуун дарагдуулж, үгсэн хуйвалдсан этгээдүүд гэмгүй мэт бидний дунд амьдарсаар байна" хэмээн ярилаа.
Мөн талийгаачийн гэр бүлийнхэн нь биед үүссэн шархны талаар тодорхой мэдээлэл өгсөн юм. Тухайлбал "Хүзүү тус газарт хөндлөн зулгаралттай. Ямар нөхцөлд ийм зулгаралт үүсэх вэ гэвэл ямар нэг юмаар боосон үед үүсдэг.
Өндрөөс унах үед ийм хөндлөн зулгаралт үүсэх нөхцөлгүй. Түүнчлэн эрүүний зүүн доод хэсэгт тэгш бус язарсан шархтай. Хэрвээ унах явцад нүүрээрээ төмөр юм уу, модонд тулсан бол нүүр тэр чигтээ шархтай болно. Гэтэл ороод гарсан шархтай байна гэдэг хүн амины хэрэг үү, өндрөөс унаж амиа алдсан золгүй явдал уу гэдгийг хэн ч хараад ойлгоно.
Хэрвээ талийгаач өндрөөс унасан бол нэг хэсгээрээ л гэмтэлтэй байх ёстой. Гэтэл бүх газраараа гэмтэлтэй байгаа нь хаа нэгэн газар амийг нь бүрэлгэчхээд тэндээсээ чирч хэргийн газар аваачсан байх бүрэн боломжтой гэж үзэж байна" гэж ар гэрийнхэн нь онцлов.
Зочин · 2024/04/08
SEKSEER XNGAAD80955877