Зориулалтын дугуй түгжигч ашиглах журамтай болжээ
2014/06/28
НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхлэн 1 дүгээр эгнээнд байршуулан замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зориулалтын машинаар ачиж зөөж шилдүүлдэг журамтай болсон. Гэвч тээврийн хэрэгслийг ачсан талаар мэдээлэл өгдөггүй, хол зайд зөөж шилжүүлдэг зэрэг гомдлыг иргэдээс ирсээр байгаа урчаас тээврийн хэрэгслийн дугуй түгжигч ашиглах журмыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс боловсруулжээ. Энэхүү журмыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 6 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Журмын дагуу замын хөдөлгөөний дүрэмд түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсхүл хориглол тогтоосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон,хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгслийн жолооч талын урд дугуйг зориулалтын дугуй түгжигчээр түгжих юм байна. Замын хөдөлгөөний ачаалал ихтэй зам талбай буюу Их бага тойруу, Сөүлийн гудамж, хотын төвийн ачаалал ихтэй замуудын нэгдүгээр энгээнд байршуулсан тээврийн хэрэгслийг хөдөлгөөн чөлөөлөх үүднээс ойр зай буюу тусгай талбайд тусгай зориулалтын чирэгч автомашинаар зөөж шилжүүлэн дугуйг түгжинэ гэж журамд заажээ.
Дугуй түгжигч ашиглахтай холбоотой үйлчилгээний хураамж нь 20.000 төгрөг бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч тухайн ажлын цагт багтаан автомашинаа аваагүй тохиолдолд тусгай зориулалтын ачигч, чирэгч автомашинаар тээврийн хэрэгслийг түр саатуулах тусгай хашаа, талбайд зөөж шилжүүлэн дугуйг түгжинэ. Тээврийн хэрэгсэлд дугуй түгжигчийг ашигласан болон зөөж шилжүүлсэн хураамжийг тухайн тээврийн хэрэгслийн жолооч хариуцах юм. Тээврийн хэрэгслийн дугуйг дугуй түгжигчээр түгжихээс өмнө тухайн тээврийн хэрэгслийн жолооч ирсэн тохиолдолд гаргасан зөрчлийг гэрэл зургийн аргаар баримтжуулан эрх бүхий цагдаагийн алба хаагч гэрийн хаягаар Торгуулийн мэдэгдэх хуудас хүргүүлэх юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Зочин · 2014/06/29
Sumber yumaa. tegeel tugjree n heveeree sh dee