“Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” тогтоолын төслийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнээр анхан шатны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 

Энэ үеэр тус асуудлын талаар УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Улаанбаатарын агаар орчны бохирдлын 20 орчим хувийг тээврийн хэрэгсэл эзэлж байгаа. 

Автомашины нүүрсэн янданг хулгайлж, дамлан наймаалж улсын хилээр хаягдал нэрээр борлуулдаг сүлжээ үүссэн. Үүний эцсийн хохирогч нь хүүхдүүд. Нүүрсэн яндангүй машинаас 300 гаруй хорт бодис ялгардаг. 

Тиймээс хууль бус наймааг таслан зогсоохыг зорьсон. Ингэснээр хорт хийн ялгарлыг 20 хүртэлх хувиар бууруулах боломж бүрдэнэ. Мөн хүний өмчийг хамгаалж байгаа. 

Нүүрсэн янданг катализаторын хаягдал нэрээр улсын хилээр гаргадаг. Дулааны улиралд Улаанбаатар хотод өмхий, хүхрийн хүчил, хорт бодис үнэртдэг болсон. 

Зам, Тээврийн Хөгжлийн сайд С.Бямбацогт: Агаар орчны бохирдлыг бууруулахад анхаарч байгаа боловч үр дүн бага гарсан. Гэр хорооллыг гал түлүүлэхгүй байхад анхаарах ёстой.

Өнөөдрийн байдлаар манай улсад 400 мянган hybrid хөдөлгүүртэй машин байна. Үүний янданг хилээр гаргахыг хязгаарлаагүй учраас хулгайн сүлжээ үүссэн. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглосны дараа үйлдвэрт ашигладаг болох юм байна. Иргэд нүүрсэн яндангаа үйлдвэрт өгвөл ямар үнээр авах вэ. 

Тухайн үйлдвэр тодорхой хэмжээнд гаргахаа больсон зүйлийг устгах гэж байгаа бол иргэдэд үнэ хөлсийг нь өгөх ёстой.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Тогтоолын төсөлд катализаторын хаягдал гэх зүйлийг улсын хилээр гаргахыг л хориглож байгаа. Нүүрсэн яндан гэдэг бол машинд байх ёстой зүйл. Нүүрсэн янданг үйлдвэрт өгөх гэсэн зүйл байхгүй.