ЗГ: Дүүргүүдийг хот болгоно, хот өөрөө зөвлөлтэй байна
2024/04/17
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Шийдвэрийг хотын дарга Х.Нямбаатар, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар танилцууллаа.
Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэлийн есөн дүүргээс Багануур, Багахангай, Налайх алслагдсан дүүрэг. 2014 онд эдгээр дүүрэгт захирагчийн сонгууль явуулж, дагуул хот болгох эхлэлийг тавьж байв. Харамсалтай нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг шилжүүлэх Үндсэн хуулийн эрх зүйн орчин бүрдээгүй байсан учир захирагч гэдэг албан тушаалтныг нэлээд улс төржилт өндөртэйгөөр сонгож, 2016 оны сонгуулийн дараа татан буулгаж байсан.
Улаанбаатар хот 1960 онд БНМАУ-ын гурав дахь Үндсэн хууль батлагдсаны дараа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлийг хийсэн. Монгол Улсын нийслэл тухайн үед дөрвөн дүүрэгтэй байхаар шинэчилж байв. Тэр үед хүн ам нь 150 мянга орчим байсан. Тэр цагаас хойш 30 жилийн дараа 1993 онд Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа Улаанбаатар хотын шинэчлэлийг хийхэд хүн амын тоо 600 мянгад хүрч, дүүргийн тоог зургаа болгож байсан. Үүний дараа 2024 онд Улаанбаатар хотын бүртгэлтэй хүний тоо 1.7 саяд хүрч, есөн дүүрэг 204 хорооны бүтэц зохион байгуулалттай явж байгаа.
Хотын төв хэсгийн Бага тойруу дотор 86 га талбайд улсын төрийн, нутгийн захиргааны бүх байгууллага төвлөрсөн нь түгжрэлийн гол үндэс болж байна. Энэ багахан газарт хотын таван зүгээс өдөртөө гурван сая зорчих хөдөлгөөн хийж байна. Алслагдсан дүүрэгт эрүүл мэнд, соёл, боловсролын үйлчилгээ харилцан адилгүй байна" хэмээн ярилаа.
Хотын даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Цаашдаа нийслэл хотын хүн амын тэлэлт, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгын хүрээнд анхан шатандаа төсөв, эрх мэдэл, хүний нөөцийг шийдэж өгье. Хорооноос иргэд төрийн үйлчилгээ авахаар очиход дээд шатандаа ханддаг нь иргэдийг бухимдуулж байна. Бид нийслэл, дүүргүүдийн Засаг дарга дээр төвлөрсөн эрх мэдлийг хороодод өгч, эрх зүйн шинэчлэлийг Үндсэн хуульд олгосон 2019 оны өөрчлөлтийн хүрээнд дүүргүүдийг хот болгоно. Хот өөрөө зөвлөлтэй байна" гэлээ.