“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг энэ сарын 10-наас хүчингүй болгох шийдвэр гарчээ
2024/05/06
Ерөнхий сайдын 2023 оны 191 дүгээр захирамжаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудад хуулиар тусгайлан эрх олгогдсон зохицуулалтад дүн шинжилгээ хийж, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагджээ.
Тус ажлын хэсэг Хууль зүйн сайдын 2015 оны А/187 дугаар тушаалаар баталсан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг 2024 оны тавдугаар сарын 6-ны өдөр хүчингүй болгосон байна.
“Жолооны зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг хүчингүй болгосон шийдвэрийг 2024 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Уг журам нь хүний үндсэн эрх болсон “зорчих эрх”-ийг захиргааны акт буюу журмаар хязгаарлаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэж заасантай нийцэхгүй, зөрчиж байсан юм.
Дээрх журмыг хүчингүй болгосноор зөрчил гаргасан жолооч Зөрчлийн тухай хуулиар торгууль, шийтгэл хүлээгээд зогсохгүй давхар жолоочийн зөрчлийн оноо хасагдах, оноо нь дууссан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцогддог байсныг халж байгаа аж.
Эх сурвалж: Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам