Найман айлын орон сууцнуудыг 100 гаруй суманд барина гэв
2024/05/08
Орлого багатай айл өрхүүдийг ипотекийн зээлд хамруулах, түрээсийн орон сууцаар хангах ажлын талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн олон нийтэд хандаж мэдээлэл өгөх үеэрээ ярьсан юм.
Тодруулбал "Энэ жилээс нийт 100 тэрбум төгрөгийн инженерийн дэд бүтэц бүхий найман айлын орон сууцнуудыг 100 гаруй суманд барина.
Энэ ажлыг хөдөө, орон нутгийн төрийн албан хаагчдаас эхэлнэ. Ипотекийн зээлд сарын орлого нь хоёр саяас доош орлоготой өрхүүд хамрагдаж чадахгүй байсан.
Тиймээс Үндэсний төрийн орон сууцжуулах корпорац ямар нэгэн ашиг харахгүйгээр газрыг нь төрөөс үнэгүй аваад, инженерийн дэд бүтцийг нь улсаас хийх юм. Байрны метр квадратыг нь хамгийн хямдаар тооцож, тухайн орон сууцыг иргэдэд удаан хугацаагаар зээлнэ.
Тухайлбал 20-25 жилийн хугацаанд төлөх эсвэл төлөх чадваргүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түрээслүүлнэ. Ипотек дээр нэмээд
- Байр захиалж бариулж зээлэх
- Түрээсийн тогтолцоо гэсэн хоёр шинэ хэлбэр нэмэгдэнэ" гэдгийг ярилаа.
Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн дараах хариултыг өгөв.
-Өмнөх ипотекийн асуудлаа хэрхэн яаж шийдэж байгаа вэ?
-2.4 их наяд төгрөгийн 20,000 иргэний захиалга банкуудад ирсэн байна.
Одоогийн байдлаар 1.2 их наядын эх үүсвэрийг бүрдүүлсэн байгаа. Тиймээс энэ хэмжээнд орон сууц нийлүүлнэ гэж ойлгож болно. 2024 онд захиалга ирүүлсэн 20,000 иргэний тал нь хамрагдана гэсэн үг.
-Импортын цементийн татварыг таван хувь болгож бууруулсан. Цемент нь орон сууцны үнийн өсөлтийн хэдэн хувийг бүрдүүлэхэд оролцдог юм бэ?
-Цемент, арматур нь томоохон хувийг эзэлдэг. Энэ жил орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилго тавьж байгаа учраас гаднаас орж байгаа цементийн импортын татварыг түр хугацаанд бууруулсан. Үнэ өсөх магадлалтай гэж болгоомжилсон гэсэн үг.
Одоогийн бидний тооцоогоор цементийн үнэ нөлөөлөхгүй.
-Хямд орон сууцны шалгуурыг танилцуулна уу. Хөдөө, орон нутгийн иргэдийг хэрхэн хамруулах вэ?
-Орон нутагт 50 хувийг нь төвлөрүүлнэ. Жишээлбэл 100 суманд найман айлын орон сууц барих ажил эхэлнэ гэсэн үг. Мөн ипотекийн зээлийн орон сууцны санхүүжилт орон нутагт 50 хувьтай олгогдоно.
Судалгаагаар нэгдүгээр улиралд нийтдээ 241 тэрбум төгрөгийн зээлийг 2,079 иргэн авчээ. Тэдгээрийн 40 гаруй хувь нь хөдөөгийн иргэд байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал хөдөө орон сууц барих ажил 2.5 дахин өссөн.
-Орон нутгуудад орон сууц нэртэй халаалтгүй, халуун усгүй байр их бий. Энэ асуудлыг яах вэ?
-Одоогийн байдлаар Солонгосын санхүүжилтээр арван аймагт дулааны станц баригдах ажлыг хийж байгаа. Эдгээр аймагт өндөр орон сууц барих боломжгүй. Тийм учраас орон сууцны инженерийн дэд бүтцийг аймаг гэлтгүй сумдад хийх ёстой.
Мөн зургаан аймагт гадаадын зээл тусламжийн хүрээнд цэвэрлэх байгууламж барьж байна. Инженерийн дэд бүтэц барих ажил үе шаттайгаар хийгдэж байна. Ойрын 2-3 жилийн хугацаанд сумдыг инженерийн дэд бүтэцтэй болгох арга хэмжээг авна.
Харамсалтай нь Улаанбаатарт эрчим хүчний хангамжийн асуудал дутагдалтай болсон. Нийслэлд шинээр орон сууц барихад цахилгаан, дулааны асуудал хамгийн хүндрэлтэй.
-Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн ажил ямар үе шаттай байгаа вэ?
-Төв цэвэрлэх байгууламжийн гол ажлуудыг энэ жилдээ хийж дуусна. График, төлөвлөгөөний дагуу ажил явагдаж байгаа.