Прокурорын байгууллагаас гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 22 байгууллага, албан тушаалтанд  мэдэгдэл хүргүүлжээ.

Тухайлбал:

  • Тээврийн прокурорын газраас "Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын жолооч Б нь нийтийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжгүй оролцож, зорчигчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,  
  • “Эрдэм транс” ХХК-ийн жолооч Г нь нийтийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ хаалга гүйцэд хаагдаагүй байхад хөдөлгөөнийг эхлүүлсний улмаас зорчигчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэргүүдтэй холбоотойгоор  зорчигчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар тухайн аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад,
  • Чингэлтэй дүүргийн прокурорын газраас “Л” ББСБ-ын харилцагчийн зөвлөх А нь ажил үүргийнхээ дагуу олж авсан иргэний мэдээллийг ашиглан гар утасны аппликэйшнээр зээл авсан гэх хэрэгт хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлал, хамгаалалтыг сайжруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар тус  ББСБ-д,
  • Баянхонгор аймгийн прокурорын газраас аймгийн нутаг дэвсгэрт сүүлийн гурван жилд үйлдэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийг судлан, энэ төрлийн хэрэг, зөрчил хамгийн их гарсан 13 сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд тус тус прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, нэг сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй байна.