Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Улмаар тус хуралдаанаар нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Дээрх татгалзсан иргэдийн дотор авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон шалтгаанаар Үндэсний эвсэлээс Н.Номтойбаяр, АН-аас Б.Хурц, С.Баярцогт, ялтай байдал нь дуусаагүй шалтгаанаар Монголын хүний төлөө намын Х.Бат-Ялалт, татварын хугацаа хэтэрсэн өртэй гэх шалтгаанаар АН-аас Ж.Баясгалан нар багтсан байна.

Эдгээр хүмүүсийн зарим нь олны анхаарлыг ихэд татаж байсан юм.Тэднийг яагаад бүртгэхээс татгалзсан талаар СЕХ-оос тодруулахад дараах тайлбарыг өглөө.

АН-ын Үндэсний бодлогын хорооны 2024 оны тавдугаар сарын 20-ны өдрийн “Ардчилсан намаас Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэх тухай” 32 дугаар тогтоолоор Б.Хурц, С.Баярцогт нар нэр дэвших хүсэлт СЕХ-нд ирээгүй. Тиймээс нэр дэвшигчийг бүртгэх эсэх талаар өчигдрийн хурлаар яригдаагүй гэсэн үг. Харин Н.Номтойбаяр авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон нь шүүхээр батлагдсан учир бүртгэхээс татгалзсан.

Н.Номтойбаяр хүсэлтээ дахин өгөх боломжгүй. Харин Ж.Баясгаланг татварын өртэй учир бүртгэхээс татгалзсан. Гэхдээ татварын өрөө төлөөд зургадугаар сарын 2-ны дотор хүсэлтээ дахин өгөх эрх нь нээлттэй.