С.Бямбацогт: Баяр наадмаар түүх гуйвуулж болохгүй
2014/06/30
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
-Танай бүлгээс Шадар сайдад ямар шалтгаанаар шаардлага хүргүүлсэн юм бэ?
-Нийтээрээ тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хуульд “Ардын хувьсгалын ойн баяр бол үндэсний их баяр наадам мөн” гэж заасан байдаг. Өнгөрсөн жил Ардын хувьсгалын 92 жилийн ой гэсэн үгийг баяр наадмын хөтөлбөрөөс зориуд хасч байсан.
Монгол Улсын тусгаар тогтнол, ард иргэдийн эрх чөлөөт амьдралтай 1921 оны Ардын хувьсгал салшгүй холбоотой. МАН-ын бүлгийн 26 гишүүн энэ жилийн баяр наадмаар өнгөрсөн жилийн алдааг давтаж болохгүй гэсэн байр суурьтай байна. Тийм учраас үндэсний их баяр наадам бол монголчуудын хамгийн том баяр. Энэхүү баяр наадмаараа монгол хүн болж төрснөөрөө, Монгол эх орноороо, газар шороо, тусгаар тогтнолоороо бахархдаг. Энэ бахархлыг үгүйсгэж, уусгах, үгүй болгох бодлого байж болохгүй, Ардын хувьсгалын ойг хасч болохгүй гэдэг шаардлагыг МАН-ын бүлгээс Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Д.Тэрбишдагвад хүргүүлж байгаа юм.
-Н.Батбаяр сайдыг огцруулах асуудал чуулган дамнах нь тодорхой боллоо. Энэ талаар бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Чуулган хуулийн хугацаандаа завсарлана гэдэг байдлаар сайдыг огцруулах асуудлыг хойшлуулчихлаа. Өөрөөр хэлбэл, сайд нарын "давхар дээл"-ийг тайлах хуулийн төслөөр авсан АН-ын бүлгийн завсарлагын хугацаа дуусаагүй гэдэг шалтгаанаар намрын чуулганыг шууд завсарлуулж байсан. Өнөөдөр яг тийм байдлаар Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах эсэх асуудал хойшилж байна.
-Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хойшлуулж байгааг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг үү?
-Хуульд зөрчилтэй хоёр заалт байна. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар сайдыг огцруулах асуудлыг байнгын хороо, нэгдсэн чуулганаар тус бүр долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой. Нөгөө талаар хаврын чуулганыг долдугаар сарын 1-нд завсарлуулах хуулийн заалттай. Аль хуулиа мөрдөх нь тодорхой бус. Нэг талдаа хууль зөрчиж байгаа, нөгөө талдаа хуулиа биелүүлж байгаа мэт ийм л нөхцөл байдал үүсч байна. Бид сайдыг огцруулах асуудлыг хаврын чуулган завсарлахаас өмнө хэлэлцүүлэхээр шаардах бичиг өгсөн. Гэтэл "Хуулиа биелүүлж байна. Энэ асуудлаар АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацааг хэн нэгэн хүн хүчээр зогсоож болохгүй" гэсэн. Тэгэхээр завсарлагын хугацаа дуусаагүй байхад чуулган өндөрлөх хугацаа давхцсан ойлгомжгүй нөхцөл байдал үүсчихлээ.
-Хаврын чуулган завсарлахаас өмнө амжиж батлах ёстой ямар хуулийн төслүүд байгаа вэ?
-Хуулиараа хэлэлцэх ёстой олон асуудал бий. Ялангуяа 2015 онд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах ёстой. 2015 оны үндсэн чиглэл дээр тулгуурлаж төсөв батлагддаг. Өөрөөр хэлбэл, энэ нь богино хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж байгаа баримт бичиг юм. Энэ хөгжлийн бодлогыг дунд болон урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулах ёстой. Харамсалтай нь чуулган завсарлахтай холбогдуулж энэхүү үндсэн чиглэлийн төсөл нухацтай хэлэлцэгдэхгүй батлагдах гэж байна.
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Ашигт малтмалын тухай хуулийн тухайд МАН-ын бүлгийн байр суурь эхнээсээ тодорхой байсан. Байгаль орчинд ээлтэй, байгаль орчноо нөхөн сэргээх, олон нийтийн оролцоотой асуудлыг шийдэх ёстой гэж үзэж байгаа. Гэвч Засгийн газраас зөвхөн хайгуулын лицензийг нээх, стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг багасгах заалттай хуулийн төсөл оруулж ирсэн. Харин бүлгийн хувьд стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг багасгахгүй, хайгуулын лицензийг нээхийн тулд байгаль орчноо нөхөн сэргээх, олон нийтийн оролцоотой, олон нийтдээ ил тод байх ёстой гэдэг байр суурьтай байгаа.
-Төмөр замын асуудлаар бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсэн үү?
-Хамтарсан засаг ажиллаж байх үед 2010 онд УИХ Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Тухайн үед Зам тээврийн сайдаар Х.Баттулга гишүүн ажиллаж байсан. Энэ тогтоолыг бид нухацтай ярилцаж байж баталсан. Энэ тогтоолын хүрээнд л Засгийн газрын байр суурь явах ёстой гэж үзэж байгаа.
-Хаврын чуулган хэр үр дүнтэй болсон гэж дүгнэж байгаа вэ?
-Бид чуулган завсарласны дараа албан ёсоор энэ талаар мэдээлэл хийнэ.
зочин · 2014/07/02
МАН-ынхан та нар сөрөг хүчнийхээ үүргийг сайн биелүүлнэ шүү. Харж байгаад төрийг дампууруулах юм бол та нар ч хариуцлага хүлээнэ яагаад гэвэл та нарыг сонгож гаргасан дэмжсэн 1000 1000-н иргэд та нарыг харж байгаа шүү дээ. Гэхдээ дажгүй болж байна гэж үзэж байгаа энэ эрчээ бүү алдаарай. Ардын хувьсгалын 93 жилийн ой гэдгийг монголчууд бүгдээрээ мэднэ шүү дээ. Түүхийг гуйвуулахаад Сүхбаатарын талбайг Чингэсийн талбай болгосон бүдүүлэг хүмүүстэй юу гэж ярих вэ Тэр талбай Чингэс хаанд ямарч хамаагүй биз дээ. Түүхийн холбоотой юмыг хэзээ ч өөрчилж болдоггүй түүх түүхээрээ гэдэг биз дээ. Түүхээс өөр зүйлийг өөрчилж болдог, түүхийг хэзээ ч дураараа өөрчилж болохгүй шүү дээ их сонин улсууд юм аа ёстой тэнэгүүд энэ төрийн толгойд гарч .
зочин · 2014/07/02
Баяр наадмаар олон хоног амрааж байгаа учир нь цаад засгийн газар чинь монголын эдийн засгийг дампууруулчихаад 2 хоногийн ч гэсэн цалингийн мөнгийг хэмнэж байгаа байхгүй юу. нөгөө олон яам, ******гын газар, төрийн албан хаагчид хэдэн зуун мянган хүний 2, 3 өдрийн цалин нийлбэл нэлээн юм болно биз дээ, түүнийг завших арга байхгүй юу. Анх гарч ирэхдээ бараг хагас, бүтэн сайн өдөр ч ажилладаг засгийн газар болоод бидэнд амралтын өдөр ч амрах завгүй хийх ажил их байна юу юу гээд бүлтрээд байлаа санаж байгаа биз дээ.
Зочин · 2014/07/02
эдийн засаг хүндэрч иргэдийн амьдрал уруудан доройтож байгаа энэ үед засаг төрд хийх ажил байхгүй гэжүү Энэ олон хоног баярлан цэнгэж байх ёстой цаг мөнүү Хадлан бордоо өвлийн бэлтгэл сургууль цэцэрлэгийн засвар гээд наад зах нь хийх ёстой ажил зөндөө цаандаад эдийн засгаа өөд нь татаж үрэлгэн байдлаасаа гарах гээд тоочоод байвал их юм бий Баян тарган хөрөнгөө багтааж ядсан олигархуудад баярлан цэнгэхээс өөр юу байх билээ Энэ их газар нутаг баялагтай малтай хирнээ иргэд нь чадалтай орны нохойноос дор амьдарч байгааг юу гэж үзэх вэ Контороосоо гарж үзээгүй тархны үнэ ч мэдэхгүй мяндагтангууд өөрсдийн амьдралаар бүгдийг цэгнэж байдаг юм биш биз Улс орноо дарга орон болгож хэдэн тооны олигархуудад үйлчилдэг төр болсон байна Архидан ************рах явдал нийгмийн өвчин болж гэмт хэрэг тэр дундаа хүний амь нас эрүүл мэнд хохирсон хэрэг хэдэн зуугаараа гарч хөдөлмөрийн насны залууст ажил олдохгүй байхад хэдэн зуун хятад иргэдийг ажиллуулж байгаа зах зээл нь хятадын чанаргүй бараагаар дүүрч эмс охид нь бие үнэлэх хүний наймааны золиос болж байна Ахмад буурлуудаа хаж үзэхийн оронд ямаанд хүртэл мөнгө өгч тэнэгтдэг ард иргэддээ хямд үнэтэй хувцас хоол хүнс үйлдвэрлэж байгаа хувийн хэвшлийхнийг амаараа дэмжиж үнэн бүх ард түмний өмчийг харийхантай хуйвалдан дангаараа эзэмшиж байгаа хэдэн үйлдвэрүүдийг дэмжих бодлого барьж байна Тэр ч байтугай хэдэн ноосны үйлдвэрүүдийн эздийг дэмжиж тэдэнд ноосоо ту******сан гэж хэдэн тэрбум төг малчдад өгч байна Хилээр ноосоо гаргахаа больчих юм бол үйлдвэртээ л ту******на биз дээ Тендер төсөл нэрээр мөнгө идэх асуудал хирээс хэтэрлээ Төрийн албан хаагчийн орон тоо хангамжийг данхайлгаж татвар төлөгчдийн мөнгийг хэдэн тэрбумаар нь урсгаж байна Төрийн албан хаагчид нь ард түмэнд үйлчилж чадахгүй байж татвар төлөгчдийн мөнгөөр тив алгасан зугаалж байна Харийхантай хуйвалдсан олигархууд газрын дорх баялагийг дангаараа эзэмшээд зогсохгүй малын билчээр гол усыг ширгээн бохирдуулж байхад тэдэнтэй газрын тооцоо хийгээгүй атлаа жирийн иргэдийнхээ алга дарам газрыг хувьчилж чадахгүй тэднийг элдвээр чирэгдүүлж байна Хориотой дархан цаазтай биш л бол дураараа нүүж сууж яагаад болдоггүй юм бэ Жирийн иргэд чинь алга дарам газартаа сайндаж нэг байшин барина л биз дээ Төр засгаас иргэдийнхээ төлөө авч явуулж байгаа ажил нь дэндүү чамлалттай байна Ийм байхад алдаатай бодлогоо засч залруулан ажиллаж хөдөлмөрлөхийн оронд амарч цэнгэх гэж байгаа нь даанч хөөрийлтэй байна гэхээс өөр үг алга байна Амарч цэнгэхийн оронд шат шатандаа үр ашиггүй зарж үрж идсэн мөнгөө төлүүлэх хийж гүйцээгүй ажлаа хиймээр байна Ард түмнээ хуурч эдийн засгаа сайжруулах нөгөө 100 хоног яасан вэ Найр наадам бодоод бүхнийг умартлаа гэж үү