УИХ-ын сонгууль болоход 21 хоног үлдлээ. Ойрын өдрүүдэд сонгуульд нэр дэвшигчид дансаа нээж, нийгмийн сүлжээнд хандивын авах үйл ажиллагаа идэвхтэй өрнөж байна.

Сонгуулийн тухай хуулинд "Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй" гэж заасан. Мөн зардлын данс нээлгэсэн өдрөөсөө эхлэн мөнгөн хандив цуглуулах эрхтэй ч хуульчилсан байдаг.

Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт "Иргэн, хуулийн этгээдээс нам, эвсэлд, эсхүл сонгуулийн тойрогт нэр дэвшигчид зардлын данс нээсэн өдрөөс хойшсонгуулийн үйл ажиллагаанд нь зориулан хуулийн 54.1-т заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгуулийн зардлын дансанд хандив өгч болно" хэмээн  заажээ. 

Сонгуулийн тухай хуулийн 54.1-т Мөнгөн хандив нь иргэний хувьд арван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд гучин сая төгрөг хүртэл байна.

Харин иргэд, ААН хандив өгөхдөө гүйлгээ утга хэсэгт

  • Иргэний нэр
  • Иргэний бүртгэлийн дугаар
  • Хуулийн этгээдийн нэр
  • Регистр
  • Эх үүсвэр
  • Утасны дугаар зэрэг мэдээллийг оруулна.

Хэрвээ дээрх мэдээллийг гүйлгээний утга хэсэгт бүрэн оруулаагүй бол хандив цуцлагдаж, буцаах гүйлгээ хийгдэж байгаа юм. Сүүлийн өдрүүдэд өөрийн дэмжиж буй нэр дэвшигч нартаа мөнгөн хандив өгсөн нэлээдгүй иргэдийн мөнгө буцаагджээ.

Харин хуулинд нэр дэвшигчид,

  • Олон улсын байгууллага
  • Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага
  • Гадаад улсын иргэн
  • Ямар нэгэн улсад харьяалалгүй иргэн
  • 18 нас хүрээгүй монгол улсын иргэнээс нэр дэвшигч хандивын мөнгө авахыг хориглоно.